sonin.mn
Монголын анхны генерал эмэгтэй, Дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн нэг бригадын генерал Г.Болор цахим нүүр хуудсандаа 1996 оны Ардын хувьсгалын 75 жилийн ойн баярын парадад жагссан анхны эмэгтэйчүүдийн хайрцгийн зургийг нийтэлсэн нь олон хүний дурсамжийг хөндөж, цог жавхлантай, хийморь төгс залуу насанд нь буцааж аваачсан лугаа сэтгэлийг нь сэргээсэн нь постын дор хөврөх сэтгэгдлүүдээс харагдаж байлаа.
 
Энэхүү сонсогчдын дунд өнөөгийн генерал, хурандаа, дэд хурандаа, доктор, олон үйл явдлын анхдагчид алхаж байжээ гэж бодохоор үнэхээр бахархам. Бид энэ удаа уг хайрцгийн чиглүүлэгчээр алхсан бэлтгэлд байгаа дэд хурандаа Г.Гантуяаг онцоллоо.
 
ЦИС-ийн хүндэт харуулын анхны эмэгтэй салааны захирагч, Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд ЦИС-ийн төлөөлөл анхны эмэгтэйчүүдийн тасгийн дарга төдийгүй Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн түүхэнд анх удаа Ар талын орлогчоор томилогдсон зэрэг олон анхдагч амжилтын эзэн бүсгүй маань харин би гэхээсээ бид гэж ярих дуртай нэгэн ажээ.
 
Таныг олж уулзах ч амаргүй юм аа... 
 
-Тэглээ, таныг ярьснаас хойш хөдөө гадаа яваад нэлээд удчихлаа, уучлаарай. Би Зэвсэгaт хүчинд 26 жил алба хаагаад 2019 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гараад долоо хоноод л найзынхаа компанид ажилд орж байлаа. Саяхан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газраас зохион байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны сургалтыг дүүргэлээ. Цаашдаа энэ чиглэлээрээ ажиллана гэж бодож байгаа. Үндсэндээ гурав дахь мэргэжлээрээ суралцлаа гэх үү дээ. Цэргийн их сургуулийг Цэргийн ар тал-эдийн засагч, МУИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн.
 
Цэргийн хүн болох нь таны багын мөрөөдөл үү, эсвэл санаандгүй сонголт байв уу?
 
-Арван жилийн сургуулиа төгсөөд МУИС-ийн сонгон шалгаруулалтад орж, ганцхан оноо дутчихаад Хотын захиргаанд ажиллаж байлаа. Тэгсэн нэг өдөр Цэргийн их сургууль эмэгтэй сонсогч авч байна гэсэн зар зурагтаар үзээд л сэтгэлийн дуудлагаар явж очоод шалгуултал тэнцчихсэн. Цэргийн хүн эрч хүчтэй, жавхаалаг гоё юм аа гэж дотроо цагаахан атаархаж, эмэгтэй хүн цэргийн байгууллагад яаж орж ажилладаг юм бол оо гэж бодож байснаас биш цэргийн мэргэжлээр эмэгтэйчүүдийг төгсгөдөг сургуулийн тухай бодол орж ирээгүй л байсан хэрэг. Миний бүр багын мөрөөдөл кримналист болох байсан ч ингээд л цэргийн хувь тавиланг эргэлт буцалтгүй сонгосон доо.
 
1995 онд Цэргийн их сургуулийн Цэргийн ар тал-эдийн засгийн ангид элсэн орсон ч эхний хоёр жил ерөнхий цэргийн командын мэргэжлээр суралцсан. Ерөнхий цэргийн ангийн анхны 11 эмэгтэй сонсогчийн нэг байлаа. Тэр үед ажлын зургаа хоногтой байсан. Эхний гурав хоног танхимд хичээллэж, үлдсэн гурав хоногт нь Тавантолгойд хээрийн бэлтгэл сургуулилт хийдэг байлаа.
 
Зил-131 машины задгай тэвшин дээр буу зэвсэг, хөнжил гудас, хувцас хэрэглэлээ үүрч гараад л явдаг байлаа. Бидэнд цэргийн анхан шатны А үсэг заасан хүмүүс маань курсийн дарга Л.Онцгойбаяр, жагсаалын дарга Ц.Жавхланбаатар, курсийн орлогч С.Ганбямба, Ж.Өсөхбаяр, М.Болдбаатар гээд өнөө цагийн мундаг генерал, хурандаа нар болсонд үнэхээр бахархаж, цэргийн хэргийн суурийг минь сайн тавьж өгсөн гэж бодож явдаг аа. Хоёрдугаар курс төгсөхдөө бид явган цэргийн байлдааны машины ашиглалт, танкийн жолоодлого, бүх төрлийн бага бууны зэвсэглэл буудлага, өдөр шөнийн буудлага зэрэг ерөнхий цэргийн бүхий л хичээл дадлагыг хийж, улсын шалгалтаа өгч төгсөж байлаа. Ерөнхий цэргийн мэргэжлээр сурч, команд, жагсаалын бэлтгэл хийж байсан нь бидний ажил амьдралын алхам тутамд хэрэг болдог. Гуравдугаар курсээсээ ар талын мэргэжил рүүгээ орж байлаа. 
 
Г.Болор генералын цахим хуудсандаа нийтэлсэн та нарын зураг сэтгэлийг тань хөглөж, дурсамж сэдрээв үү?
 
-Үнэхээр ховор сонин, зарим нь миний харж ч байгаагүй зургууд байсан. Энэ ташрамд, биднийг цэргийн эрдэмд сургасан эрдэмтэн багш нар, үе үеийн дарга нар, мөр зэрэгцэн алхаж байсан бүсгүйчүүд, бидэн дундаас төрсөн Монгол Улсын анхны бригадын генерал Г.Болор, цэргийн сургууль төгссөн охидын анхны хурандаа н.Амгалан, анхны доктор н.Эрдэнэтуяа, БНСУ-ын Аюулгүй байдлын академид анх суралцсан эмэгтэй хурандаа Х.Эрдэнэчимэг болон мөр зэрэгцэн алба хааж байсан нийт бүсгүйчүүдээрээ маш их бахархаж явдгаа хэлье ээ. Цэргийн их сургуулийн манай курсийн 11 бүсгүй ёстой л асаалттай танк шиг шижигнэсэн охид байлаа. Манай цэрэг армийнхан Д.Сүхбаатарын талбайд парад алхдаг байснаа нэг хэсэг тасарчихсан байгаад 1996 онд  Ардын хувьсгалын 75 жилийн ойн баяр наадмаар Цэнгэлдэх хүрээлэнд бүхий л мөрдэст алба хаагчид алхахад бид эмэгтэй хайрцгийг бүрдүүлэн алхсан юм. Манай хайрцгийг Цэргийн их сургуулийн эмнэлгийн албаны дарга дэд хурандаа Дулмаа эмч даргалсан. Би тэгэхэд чиглүүлэгчээр алхсан юм. Жагсаалын бэлтгэлээ шаргуу хийж, “Цээжээ татаж, цэх яв” гэж сануулж байсан нь хүртэл тодхон санагдаж байна. 
 
Бас нэг анхдагчийн дурсамжаа сэргээж ярилцаач. Хүндэт харуулын анхны эмэгтэй салааны дарга гэж...
 
-1997 онд Цэргийн их сургуульд зочилсон хүндэт зочид төлөөлөгчдийг угтан авах эмэгтэй салааг анх бүрдүүлэн жагсаахад Хүндэт харуулын салааны захирагчаар  ажиллах хувь тохиосон юм. Ганц би ч биш тэнд жагссан охид маань бүгд анхдагчид байхгүй юу. Цэргийн их сургуульд тугчин, тугийн чиглүүлэгч хурандаа Д.Амарсанаа, сургуулийн Хүндэт харуулын дарга, Монголын анхны супер офицер Б.Дэнзэнболд нарын дэмжин тусалж, зааж сургаснаар Хүндэт харуулын эмэгтэй хайрцаг маань жигдэрч, манай сургуульд хүрэлцэн ирсэн Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон гадаад орны зочид төлөөлөгчдийг угтан авч жагсаж байсан. Анх “Чихээ хяргалаа, чихээ хяргалаа” гэж багшийгаа сандаргаж байснаа бодвол Хүндэт харуулын салааны захирагчаар нэлээд алхаж, ангийн туг, сэлэм гэдэг ямархан эрхэм болохыг сэтгэлдээ илүүтэй мэдэрсэн дээ.
 
Эмэгтэй сонсогч юм даа гээд эвийлж хөөрхийлөхгүй л байлгүй дээ...
 
-Тийм юм огт байхгүй. Манай курсийн охид ер нь шартай, заасан зүйлийг яс сурдаг, нэг сэтгэл зүтгэлтэй байж аливаа зүйлийн ард нь гарч чаддаг цул хамт олон байлаа. Хэрдээ л бэрхшээл саад, хатуу хөтүү бүхнийг хамтдаа туулаад ирсэн болохоор одоо ч холбоотой, жаргал зовлонгоо хуваалцаж явдаг юм.
 
Тавдугаар сарын дундуур сургуулийн хээрийн гаралтаар Очир толгой руу марш үйлдэж, нуувчаа өөрсдөө ухаж, шөнө хээр хонохдоо дөрвөн улирлаа үзээд л буудаг байлаа шүү дээ. Шороо шуурч, төдхөн цас ороод л, нөгөөх нь бороо болоод л... цаг агаар нь хүртэл сорил байж дээ.
 
Эсгий гутал өмсөж үзээгүй байж байгаад л хээрийн гаралтын үеэр шинэ эсгий гутал өмсөөд, хэвшээгүй гуталтайгаа бондгоноод л уначихгүйг хичээгээд гүйж явсан хөгжилтэй дурсамж бий. 1997 онд Зэвсэгт хүчний Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд Цэргийн их сургуулийн эмэгтэй тасгаа ахалж оролцоод маршид гүйх, гардан тулааны болон жагсаалын үзүүлэх тоглолт гээд бүхий л төрлөөр өрсөлдөж байлаа.
 
Марш тактикт эмэгтэйчүүд 5 км гүйдэг бол Цэргийн их сургуулийн эмэгтэй 7 км-ын маршид гүйдэг байлаа. Тэгэхдээ зүгээр гүйхгүй шүү дээ, замдаа саад давна, буудлага хийнэ. Эмнэлгийн цэг дээр шархтанг татан гаргах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэнэ. Тухайн үед их л содон санагддаг байлаа.
 
Дөнгөж дунд сургууль төгсөөд орж ирсэн, турьхан жаахан охин гэхгүй л бусадтай адилхан 16-ын гир өргөж, шалгалт сорилоо өгдөг байсан юм шүү дээ. Манай курсийнхнээс БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, “Бөртэ” үйлдвэрийн дарга хурандаа Д.Энхтайван, хурандаа Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Түмэндэмбэрэл, Х.Эрдэнэчимэг нарын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ нэртэй зүстэй олон хүн төрсөн. Хошуучаар тэтгэвэрт суусан хүн байхгүй, бүгд л дэд хурандаа, хурандаа болцгоосон доо. Ахиад ч алтан мөрдэстэн төрнө гэдэгт би итгэдэг. 
 
Сургуулиа төгсөөд ажил амьдралын гараагаа хаанаас хэрхэн эхлэв дээ?
 
-Нөхөр бид хоёр Цэргийн их сургуулиа төгсөөд 1999 онд Зэвсэгт хүчний 167 дугаар нэгтгэлд томилогдож, манай хүн Хүнсний албаны, би Хувцасны албаны даргаар ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байлаа. Албаны жижигхэн өрөөндөө өөд өөдөөсөө хараад суудаг, жагсаалд дараалаад зогсдог, ажилласан ч, харьсан ч хөтлөлцөөд л гүйдэг залуухан хос байлаа. Бид Өмнөговийнх гэж ярих дуртай, сайхан нутаг.
 
Нөхөртэйгөө хамт томилогдсон болохоор таних мэдэх хүнгүй, халуун говь байх зэрэг нь ер хамаагүй байлаа. Хэдэн хайрцаг ном, хувцас ойр зуурын хэрэглэлээ хийсэн чемодан, цүнхтэй л очиж байлаа. Шинэ ажлаа хүлээж аваад, томилолтын 14 хоногоо аваад хотод аав ээж дээрээ ирээд байхдаа багш нартайгаа уулзахаар сургуулиараа очоод байтал “Тэр оргодол офицерыг дууд” гэх дуунаар эргэн харвал “шар мангаа” Баттулга хурандаа “Санхүү рүү очиж цалингаа ав, тэгээд ротоо хүлээж ав.
 
Карантин дуусангуут ЦИС-д Эдийн засгийн багшаар ажилла” гэдэг байгаа. Тэгсэн БХЯ-ны тушаалтай зэрэгцээд ЦИС-д инженер ротын соёл хүмүүжлийн даргаар томилсон сургуулийн захирлын тушаал бас гарчихсан байж билээ. Тэгээд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид томилогдсон, анхны цалингаа хүртэл авснаа учирлаад л “зугтсан даа”. Төгсөлтийн үеэр 18 дугаар газрын дарга хурандаа С.Содов гуайн хэлсэн “Хүү минь, цэргийн хүний анхны томилгоо гэдэг их учиртай. Хүссэн, эс хүссэн ч томилогдсон газраа очоод тэндээсээ л зөв эхэлбэл цэргийн амьдрал дардан байдаг юм даа” гэсэн үг сэтгэлд минь байнга бодогддог.  Анхны ангийн минь захирагч олноо “Буурал” хэмээн хүндлэгддэг Л.Түмэнжаргал хурандаагаас анх их л сүрдэж билээ. Сайхан нутаг, сайн дарга нар, сайхан хамт олны буянд ажил амьдралын минь гараа амжилттай байж, нэг л мэдсэн арван жил өнгөрчихсөн байж билээ. Хүү маань ой гаруйтайгаас эхлээд л биднийг дагаж, ангийн эмч Ц.Гуачимэгийг “эмээ” хэмээн дагаж, өвчтөн цэргүүдээр үлгэрийн ном уншуулдаг байсан. Миний хүүг дөрөвтэй байхад аав минь өнгөрч, 2004 оноос ээж минь бидний ар талыг даадаг болсон. Тэгээд хүү минь эмээтэйгээ их дотно байдаг. Бид ажлын төлөө хүүхэдгүй юм шиг л явж дээ. 
 
Зэвсэгт хүчний түүхэнд эмэгтэй хүн Ар талын чиглэлээр удирдах албан тушаалд томилогдсон нь тэр үед биз дээ? 
 
-2002 онд анги маань нэгтгэл байснаа татан буугдаж хороо болоод, бүтэц бүрэлдэхүүнийг шинээр хийж томилоход хотоос ажил хүлээлцүүлэхээр очсон Ц.Дашзэвэг генерал, ангийн захирагч Л.Түмэнжаргал хурандаа нарын хооронд эмэгтэй хүн удирдах албан тушаалд яагаад ажиллаж болохгүй гэж, ингэхгүй юм бол юуны тулд эмэгтэй сонсогч суралцуулж, төгсгөдөг юм бэ гэх зэрэг яриа болсны дараа Хувцасны албаны дарга ахлах дэслэгч цолтой намайг Ар талын даргын орлогчоор томилсон юм билээ. Алсын хараатай мундаг дарга нарын итгэлийг дааж явахыг хичээж ажилласан даа. 
 
Дараа нь Зэвсэгт хүчний 189 дүгээр анги, Зэвсэгт хүчний 027 дугаар анги, тэгээд Хуурай замын цэргийн командлалд томилогдон ажиллаад 2019 онд цэргийн тэтгэвэрт гарсан. Мото буудлагын хороо, холбооны анги, цэргийн эмнэлэг, командлал гээд очсон газар бүхэн минь миний хувьд цоо шинэ ертөнц, сурч мэдэх их хүсэл зорилго, элгэмсэж угтах шинэ удирдлага, хамт олон болж зүрх сэтгэлд минь ойрхон явдаг даа.
 
Анхны ангийнхантайгаа л гэхэд одоо хүртэл байнгын холбоотой, яваад очиход гэртээ ирсэн юм шиг тухлаг дотно мэдрэмж төрдөг өө. Яагаад ч юм, томилогдон очсон газар бүхэндээ барилга байшингийн ажилтай тулчихдаг байлаа. Зэвсэгт хүчний 167 дугаар ангид байхад штабын барилга маань шилжин нүүсэн, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид байхад анги шилжин нүүсэн, Цэргийн төв эмнэлэгт очоод эмнэлгийн шинэ цогцолбор барилгын суурь тавихаас эхлээд ашиглалтад орж, төвхнөтөл нь ажилласан, эцэст нь Хуурай замын цэргийн командлалд ирэхэд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхны барьсан шинэ байрандаа нүүж орсон. Хаана ч очсон гишгэсэн мөртэй, хэнтэй ч эргээд нүүр бардам уулзах амьдралын зарчим минь биелэл болоод л явдаг юм даа.  Цэргийн хүн тушаалаар явдаг болохоор амьдралын таагүй дурсамж, ажлын ачаалал, ар гэрийн асуудал, мэдэхгүй чадахгүй гэх шалтаг шалтгаан үл тоочин томилогдсон газраа очиж, сайн ажиллахыг л хичээж ирсэн. 
 
Цэргийн их сургуулийг сонгосноор та ажил мэргэжлээ төдийгүй амьдралын ханиа бас олжээ. Хоёулаа ар талын мэргэжилтэй цэргийн гэр бүл, хурандаа, дэд хурандаа болтлоо хөгжин дэвжиж, ажиллаж амьдарчээ...  
 
-Санаа зөв бол заяа зөв гэдэг дээ. Сайн ханьтай учирч, цэргийн гэр бүлийн тоог нэгээр нэмж өнөөг хүртэл сайхан амьдарч явна. Хоёулаа цэргийн, тэгээд нэг мэргэжлийн хүмүүс болохоор бие биеэ ойлгох, ажил үйлсийг нь дэмжих талаараа давуу санагддаг. Миний хань хурандаа Д.Батзориг Тусгай хүчний цэргийн командлалын Материал хангалтын хэлтсийн даргаар ажиллаж байна. Хүү Б.Төгөлдөр маань ОХУ-ын Санктпетербург хотын Хүн эмнэлгийн академийн 4 дүгээр курсийн сонсогчоор сурч байна. Хүүхэдгүй юм шиг ажилладаг байсан гэснээс нэг дурсамж санаанд орлоо. Хань минь ОХУ-ын Санктпетербург хотын Ар талын академийг төгсөж ирээд тухайн үеийн ЕЗЦК-ын шалгалтаар Зэвсэгт хүчний 256 дугаар анги руу 10 дугаар сарын 25-ны өдөр томилолт авч, замд гарсан. Маргааш нь хүүгийн минь төрсөн өдөр байсан болохоор бид хоёр дотроо жаахан эмээнгүй байсан ч хүү минь хөөрхөн амжилт хүсээд үдэхээр нь санаа амарсан. Тэгтэл унтах гэж байснаа гэнэт “Зургаан жил...” гээд уйлж гарлаа. Гайхаад учрыг нь асуутал “Миний зургаан удаагийн төрсөн өдрөөр аав хамт байсангүй” гээд мэгшихэд нь их өрөвдөж билээ. Дөрвөн настайгаас нь эхлээд аав нь Санхүүгийн даргаар ажиллаж байхдаа тайлан баланс гаргах гээд тун завгүй байдаг байсан. Дараа нь Академийн хоёр жил, Сьерра Леоны нэг жил гээд ажил ихтэй байсан хэрэг л дээ. Одоо өөрөө гадаадад сурч, олон ч жил төрсөн өдрөөрөө эзгүй байна даа. Би хүүдээ “Онц сур гэж чамд хэлэхгүй ээ. Зүгээр л сайн эмч бол. Өвдөж зовсон хүн ороод ирэхэд эм, эмчилгээнээсээ түрүүлээд элгэмсэг харьцаа, урмын сайхан үгээрээ сэргээдэг эмч болоорой” гэдэг.
 
Хүү нь танайхны хувьд гурав дахь үеийн цэргийн хүн болох нь ээ...
 
-Өвөө минь Барилгын цэргийн 012 дугаар ангийн Эмнэлгийн албаны даргаар ажиллаж байгаад ахмад цолтой тэтгэвэртээ гарсан. Эмээ минь ханиа дагаад насаараа цэргийн ангиар явсан цэргийн сувилагч. Би тэднийхээ халуун хайранд өсөж, “Эмээгийнхээ гэдэснээс пүдхийж гарсан” гэдэг хүүхэд байсан гэдэг. Аав ээж минь ч “Хаана ч ажилласан, тэр газрынхаа үүдээр ороод жижүүрээсээ эхлээд хэнийг ч ялгалгүй мэндтэй устай яв. Бас худлаа ярьж болохгүй” гэж сургасан даа. Тиймээс ч би “би” гэх дургүй. Өнгөтэй өөдтэй, хийсэн ажил, хэлэх үгтэй яваа минь сайн удирдлага, сайхан хамт олны минь түшиг тулгуур. Би одоо ч өөрийгөө Монголын Зэвсэгт хүчнийхээ нэгэн салшгүй эд эс ширхэг гэж бодож явдаг даа. Ингээд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ нийт алба хаагчдадаа энх явж, мөнх жаргаж, тэгш дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье ээ. 
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо"сонин