Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч Д.Даваасамбууг энэ удаагийн “Элчин сайд ярьж байна” буландаа урилаа.
-Таныг 2001-2007 онд Их Британид улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байхад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байлаа. Энэ жил түүхт 60 жилийн ой болж байна. Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш удаагүй Англи улс манайхтай дипломат харилцаа тогтоосон юм байна гэж ойлгож байгаа...?
-Англи бол Монголд ЭСЯ-аа хамгийн эхэнд нээсэн орнуудын нэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Монгол Улсын тусгаар тогтнолыг улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд ялсан гурван гүрний том удирдагчдын нөлөө байдаг байх гэж боддог. Нэг мэдэхэд 60 жилийн ой болсон байна. Би саяхан хэд хэдэн арга хэмжээнд уригдаж оролцохдоо цаг хугацаа хурдан өнгөрөх юм даа гэж бодож байлаа. Намайг анх очоод удаагүй байхад 40 жилийн ой болж, хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсныг санаж байна.
-Таныг Сангийн сайдаар ажиллаж байсныг мэдэх юм. Мөн мэргэшсэн дипломатч гэж байсан. Хос мэргэжилтэй юм уу?
-Би Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн.Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн. Гадаад хэргийн яам, Сангийн яаманд энэ чиглэлээр насаараа ажилласан. Сургууль төгсч ирээд Сангийн яаманд Валютын газар гэж байхад гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, валют, санхүү, зээл зэрэг асуудлуудаар голчлон ажиллаж байлаа.
1990 оны дундуур зах зээлийн харилцаанд шилжихтэй холбоотойгоор Олон улсын Валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллагуудад Монгол Улсыг гишүүнчлэх ажлын хэсгийг ахалж ажиллаж, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй энэ байгуулагуудад гишүүнчлэх хэлэлцээр хийж, үр дүнд хүргэж байсан.
БНХАУ-д 1995-1999 онд Худалдаа эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Дараа нь 2001-2008 оны дөрөвдүгээр сар хүртэл Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар ажиллаж улс эх орноо төлөөлж ажилласан.
-Тухайн үед хоёр орны харилцаа ямар түвшинд байв. Сүүлийн 20 жилийн хугацаанд хэр өргөжин тэлсэн гэж боддог вэ?
-Их Британитай Монгол Улсын харилцаа маш өргөжсөн, сайн харилцаатай. Англи Монгол хоёр улс нэлээд уламжлалт харилцаатай явж ирсэн. Ялангуяа хоёр орны соёлын харилцаа асар өндөр байсан. Монголоос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гээд олон хүн Англид суралцсан.
Би худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд голлон анхаарал хандуулж байлаа. Төрөөс бидэнд Монгол руу хөрөнгө оруулалт татахыг байнга сануулж, захидаг байсан. Тиймээс ч голдуу энэ чиглэлээр голлон ажиллаж, худалдаа хийх нөхцөл боломжийг сайжруулахаар зорьсон. Мөн намайг ажиллаж байхад Монголоос Англид суралцах хүний тоо асар идэвхижсэн. Миний хүчин чармайлт гэхээс илүү Английн Засгийн газар монголчуудыг сургая, ажиллуулъя гэсэн чиг гарсан байсан л даа.
Хоёр орны харилцаа ярьсных нэг зүйлийг онцгойлж хэлмээр санагддаг юм. 2007 онд тэр үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Англи улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр Английн Ерөнхий сайд Тони Блэйртэй уулзсаны дараа хоёр орны хамтарсан мэдээлэл хийсэн юм. Мөн айлчлалд зориулж Английн Засгийн газраас дангаараа хэвлэлийн мэдээлэл гаргасан. Энэ мэдээлэлдээ ИБУИНВУ нь Монгол Улсыг “Стратегийн түнш гэж хардаг” гэсэн дүгнэлт хийсэн. Энэ бол миний ажилласан үеийн ажлын үр дүн гэж дотроо дүгнэж баяртай явдаг юм. Айлын талаас ийм үнэлгээнд хүрч дээ гэж өөрийгөө жаахан тоодог гэх үү дээ.
Монгол Улсын гадаад харилцааны нэг зарчим бол дэлхийд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах хүчнүүдийг олох ёстой. Түүний нэг нь ИБУИНВУ мөн гэж үздэг. Учир нь Англи бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг, НАТО-ын, гишүүн. АНУ гэхэд дэлхийн том гүрнүүдээс хамгийн ойр дотно харилцаатай улс нь Англи шүү дээ.
Ер нь аливаа улс орны эрх ашгийг Монголд бий болгох замаар өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулна гэдэг бол дипломат үйл ажиллагааны үндсэн зорилго. Тиймээс Английн Ерөнхий сайд Тони Блэйрийн хэлсэн стратегийн түнш гэдэг үгэн дээр нь би их талархаж байдаг юм. “Рио Тинто”-гийн Төв оффис буюу шийдвэр гаргадаг байгууллага нь Английн Лондонд байдаг. Намайг байх үед анхныхаа хувьцааг гаргаж байсан. Монголд Оюутолгойд хөрөнгө оруулах “Рио Тинто”-гийн анхны эхлэл тэр үед тавигдаж байсан юм. Хоёрдугаарт, Монгол Улс тухайн үед Англи бол Европын холбооны гишүүн байсан. Тийм учраас худалдааны бодлого нь адилхан. Тухайн үед төрөөс өгсөн чиглэлийн дагуу бид Петер Мэндэлсон гэж Европын холбооны худалдаа хариуцсан захиралд Монголын барааг гаалийн татвараас чөлөөлж өгөхийг хүссэн захидал ахидал илгээж байсан. Захидлыг хүлээж авсны дараа “Танай асуудлыг нааштай шийдэхийн төлөө ажиллана” гэсэн хариу авсан. Үнэхээр ч ингэж манай Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, Монголын 7000 гаруй барааг гаалийн татваргүй нэвтрүүлдэг болсон.
-Одоо энэ нөхцөл нь хэвээрээ юу?
-Европын холбооны хувьд хэвээрээ. Англи Европын холбоонос гарсан ч үүнийгээ үргэлжлүүлнэ гэж амласан юм билээ.
-Монголын хувьд Англиас суралцах сайн туршлага гэвэл юуг нэрлэх вэ?
-Мал аж ахуй, тэр дундаа мах боловсруулалтын чиглэлд суралцах зүйл бий. Англид үйлдвэрийн аргаар мах бэлдэх албан журмын хуультай. Малтай хүн малаа үйлдвэрийн лабораторид шинжлүүлж нядлуулж хэрэглэнэ. Английн мал төхөөргийн үйлдвэрийг малчид, мал байгаа газар дөхүүлэн байгуулж түүнийг дагуулан хиам махны, арьс ширний анхан шатны боловсруулалт бэлтгэл, мал бордох, тэжээлийн ногоон ургамал тарих, мал эмнэлэг гээд олон ажлыг хөдөөд хийж болно байх. Дайвар бүтээгдэхүүн гэдэс дотор ангилах, хөргүүртэй тээвэр сайн хөгжсөн. Хоёр жилийн дараа Өмнийн говьд төмөр зам ашиглалтад орсноор мах тээвэр эхлэх боломж гарна. Нүүдлийг хөдөө рүү чиглүүлэх нь Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал алхам боломжтой.
-Гуравдагч хөршийн бодлогын талаар их ярьдаг. Хоёр хөрштэйгөө ижил харилцаатай байхын зэрэгцээ бусад орнуудтай эрх тэгш харилцах гэж ойлгоод байдаг. Дипломатч хүний хувьд гуравдагч хөршийн бодлогыг хэрхэн үздэг вэ?
-Гуравдагч хөршийн бодлого гэдэг бол нэгдүгээрт, өөрийнхөө гадаад болон улс төр, худалдааны бодлогуудаа дэлхийд дэмжүүлэх, гуравдагч хөрш орнуудаасаа дэмжлэг авах бодлого юм. Хоёрдугаарт хөрш орнуудтай харилцах харилцаанд аль болох нааштай нөлөө үзүүлэх учиртай. Энэ нь тодорхой хэмжээнд өрсөлдөөн бий болгож байгаа. Гуравдугаарт, дэлхийд шинжлэх ухаан технологиор тэргүүлж байгаа улс орнууд бол АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүд мөн Япон, Герман гэх мэт улс орнууд шинжлэх ухаан технологиор тэргүүлж байна. Энэ том ололтоос бид суралцах хэрэгтэй. Гуравдагч хөршийн бодлого гэдэг улс төрийн гэхээс илүү дэлхийн шинжлэх ухаан технологийн ололтуудыг Монголд нэвтрүүлэх нэг том зам юм. Мөн Монголын хэдэн мянган хүн Солонгос, Япон, АНУ, Англид ажиллаж амьдарч байна. Тэр хүмүүс сайн сурч, их юм мэдэж байвал энэ нь Монголд ч хөрөнгө оруулалт болох учиртай.
-Таны Хатан хаан II Элизабеттад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байх үеийн монгол дээлтэй сайхан зургийг харсан. Их Британийн хатан хаанд эх орноо төлөөлөн ажиллахаар жуух бичиг өргөн барьж байсан тэр үеэ дурсахгүй юу?
-Англи бол нэлээд консерватив орон шүү дээ. Яг 2000 оны эхэн үеэс эхлээд улс орнуудын Элчин сайд нар үндэсний хувцсаа өмсөөд жуух бичгээ өргөн барьдаг, арай либерал болсон байсан л даа. Тиймээс би монгол дээлээ өмсөөд жуух бичгээ өргөн барьж байлаа.
-Хатан хаантай та хэр олон удаа уулзаж байсан бэ. Манай орны талаар хэр мэдээлэлтэй, ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Мэдээж би тэр агуу түүхэн хүний талаар шууд дүгнэж ярих нь зохистой биш. Хатан хаан II Элизабетт бол 60-70 жилийн турш Английн үе үеийн Ерөнхий сайд нартай, бүх улс орны удирдлагуудтай ажилласан.
Дэлхийн I, II дайны үеийг туулсан асар өндөр туршлагатай хүн. Хатан хаан бол өдөр тутмын төрийн ажилд оролцдоггүй, улс орны эв нэгдлийн бэлгэдэл юм. Гэхдээ мэдээж цаанаа улс орнуудын талаар сонирхоно, мэдээлэл авахыг мэдээж хүсдэг байсан.
Хатан хааны төрсөн өдөр, төрийн хүндэтгэлийн хүлээн авалтууд дээр олон удаа уулздаг байсан. “Манай хүүхдүүд танай орныг их гоё гэдэг юм билээ” гэж ярина. Хатан хааны нэг охин, нэг хүү манай улсад айлчилж байсан юм. Мөн Хоёр орны харилцааг яаж хөгжүүлж байна гэх мэтээр байнга асууж, мэдээлэл авдаг байсан. Зүгээр нэг бэлгэдэл биш дэлхийд асар их нөлөөтэй, ямар аргаар нөлөөлөх вэ гэдгээ мэддэг тийм туршлагатай мундаг түүхэн хүн байлаа.
Базарбямбын Нямсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(8)
Хэзээ ч бусад улсад өөрийн улсын ололт амжилтыг зүгээр өгдөггүй юм. Гэнэн хүүхэд шиг ийм дипломатууд Монголыг сүйрүүлж мэднэ. Гадаад улсаас арга заль, ур ухаан, хүчээр ололт амжилтыг булааж авдаг болохоос биш өгөх байх гэсэн горьдсон байдлаар олж авч чадахгүй. Худалч дипломатч нэртэй хүмүүсийг тэжээж суусан дорвол өөрсдөө шинжлэх ухаан технологио хөгжүүлэх гэж бүх мөнгөө зарцуулсан нь илүү амархан том амжилтанд хүрнэ гэдгийг МОНГОЛЫН АРД ТҮМЭН, ЗАСАГ ТӨР МЭДТҮГЭЙ.
Юун дээрэмчин Англи, Их британи. Тэд зүгээр инээж байгаад л дээрэмддэг улс. Хоёр агуу их хөршөө түшээч ээ, малнууд имнь. Англи, Америк сүүлийн 30 жил монголчуудыг бүрэн хэмжээгээр дампуурууллаа шүү дээ.
Бид 2 хүчирхэг хөршөөсөө хэт хараат болчихгүйн тулд зайлшгүй 3 дагч хөршийн харилцаатай л байх ёстой..Чи толгой руугаа Оросуудаар байнга шээлгүүлсээр байгаад Орос -Шээсний үнэрт нь дасчихаж.
3 дагч хөрш мөрш гэдэг үлгэрээ одоо болио,хэн ч техник,технологио зүгээр өгдөг юм хаа ч байхгүй,хулгайлж, тагнуулдаж элдэв аргаар олж авдаг.хаа байсан зайсангийн баянтай,2хөршийнхөө хашааны хооронд хашаатай чи яаг хөрш байж харагдаач,чамайг хошгоруулж хошгоруулчихаад оюутолгойн зэсийг дуусахаар чамайг хоосон нүхэн дээр чинь чихээд арилаад өгнө за,ануус афганчуудыг яалаа,онгоцондоо нохойгоо хүртэл аваад,гадна талд зүүгдсэн чам мэт нь нисэж үхэснийг нь битгий хараагүй л гээрэй,англи,ануус яг ижил дээрэмчид за
Яг үнэн. Англи америкийг үүсгэн байгуулсан.
110 жилийн өмнөөс л Монголын төр засаг 3 дахь хөршийн бодлогыг тунхаглан, зорьж зүтгэсэн юмдаа ! Орос, Хятад хоёр зад эсэргүүцэж 110 жилийн турш хааж бо ож ирсэн. Энд эсрэг юм бичсэн ноход бол Орос,Хятадын 5-р цуьааны бууны ноход мөн пмаа.
Монголчууд бид барууны улстай чөлөөт худалдаа хийх нь мөрөөдөл байсан. Монгол улс баруунтай улс төрийн харилцаа тогтоох нь бидэнд сайн зүйл болохгүй. Монгол бол их газрын гүнд байгаа тул төр нь татвараа цуглуулж нийгмийнхээ дунд мөнгийг жигд тараан хуваарьлаж амьдардаг улс. Баруун бол далайн тээвэр, худалдааны асар том боломжтой шударга өрсөлдөөнөөр улсаа хөгжүүлэх потенциалтай улсууд юм. Монголын либералуууд эх газрынхаа гүнд байгаа мухардсан байгааг мэддэггүй. Бид баруунаас эрс өөр өгөгдөлтэй юм. Иймд зөвхөн худалдааг баруунтай сайн хий, улс төрийн холбоотой байх ямар ч шаардлагагүй. Иймд барууны улсад найдах шаардлага алга.
Mongolin "said, darga" nar "Гуравдагч хөрш" geed soliotoi neg helleg oorsdoo zohiogood gargaad ireh jum. Hahaha...