sonin.mn
Авилга бол зөвхөн төртэй холбогдсон гэмт хэрэг. Төрийн нэрээр айлган сүрдүүлж өөртөө ашиг бий болгох, төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргасны төлөө мөнгө авах, эрх мэдлээ ашиглан төрийн хөрөнгийг шамшигдуулах, төрийн нэрээр хууран мэхлэх гэх мэт. Төртэй холбогдол байхгүй бол дээрх ижил үйлдлүүд мөн гэмт хэрэг боловч үүнийг авилга гэдэггүй, хээл хахууль, залилан гэх мэийн ангилалд хамааруулна. Авилга шинэ зүйл биш, төр бий болсонтой зэрэгцэн төрсөн байх. Авилга хаанахын ч ямар ч төрийг мөхөөх хамгийн аймшигт зэвсэг. Дайн байлдаан, байгалийн гамшиг, өвчин тахал зэрэг нь авилгатай адил хорлон сүйтгэл учруулж бардаггүй.
 
Дөнгөж өчигдрийн жишээ: Сая Түрэг, Сирид аймшигт газар хөдлөл боллоо. Үүнээс арваад жилийн өмнө мөн ийм хүчтэй газар хөдлөл тэнд болсон юм. Сүйрлийн дараах сэргээн босголтод хэрэглэх мөнгөн хуримтлал буй болгохын тулд даатгалын шинэ татвар буй болгосон нь бараг 40 тэрбум доллар болжээ. Хүмүүс газар хөдөлсөн учраас үрэгддэггүй, өөрсдийн бүтээсэн байгууламждаа дарагдаж үхдэг. Иймээс цугласан их мөнгийг хуучин барилгаа додомдох, шинийг бат бөх барихад зориулжээ. Мөнгө авилгачдын гараар орж, халтуур барилгад зарцуулагдсаны үр дүн хэдэн арван мянган хүний аминд хүрлээ.
 
Бас нэг жишээ: Дэлхийн хоёр дахь хүчирхэг зэвсэгт хүчин гэгдэх Оросын арми өөрөөсөө олон дахин жижиг Украиныг эзлэх гэж бүтэлгүйтсээр бүтэн жил өнгөрлөө. Путин Ерөнхийлөгч болсон тэр үеэс Оросын гол экспорт нефть, байгалийн хийн зах зээлийн үнэ 20 дахин өссөнөөс болж тэд эгшин зуур баяжин хадандаа гарсан. Энэ гэнэтийн их олзын дийлэнхийг батлан хамгаалах хүчиндээ зарцуулсан. Яг байлдах болсон чинь ихэнх зэвсэг техник нь хулхи. Давшилтын мото зэвсгийн гинж, дугуй зэрэг нь зориулалтын бус, Түрэг, Хятадад хямдаар захиалж хийлгэсэн хуурамж төхөөрөмжүүд Украины намагт таг суув. Саяар тоологдох цэргийн өвлийн хувцас бүртгэлтэй ч складанд ганц ч байсангүй. Гэх мэт.
 
Монголын түүх авилгаас гадуур байсан ч юм биш л дээ. Аль XIII зуунд Монголд ирсэн Карпини, Рүбрүк нар энэ тухай тэмдэглэж үлдээсэн байдаг. Гүег хааны эх Турхан хатан, түүний амь нэгт шүтээн Фатима нар тухайн үеийн төрийг авилгажуулснаас болж Өгөдэйн удмын төр бөхөж хаан ширээ Тулуйн удамд шилжиж байлаа. Лигдэн хаан Хятадын ба Манжийн төрийн хооронд хэн илүү авилга өгсөнд нь ээлжилж зүтгэсээр аль алинд нь итгэл алдаж тусгаар Монголын төрийг бөхөөхөд хүргэсэн. Манжийн үеийн монгол ноёдын авилга бараг л албан ёсны үйлс байсан. Манж нар Монголын ихэс дээдэс, ноёд нарт пүнлүү хэмээх асар их мөнгө сул өгдөг атал түүнд цадахгүй хятадын пүүст өр тавин шунхайрч, өрөө төлж дийлэхгүй болохоор ард түмнээс татвар аван нийт түмнээ өрийн дарамтад дарж алдаг байв. Монголд 800 орчим сүм хийдийн зургаан мянга гаруй барилга байгууламжийг Манжийн төр санхүүжүүлж бүтээсэн. Гэвч ганц жишээг дурдахад Амарбаясгалан хийдийг бариулахад эхний ээлжинд 100 мянган лан мөнгө өгсөн нь дөнгөж хундаам ухахад зарцуулагдсан гээд ихэнх мөнгө алга болсон. Хийдийг бүрэн дуусгахын тулд Бээжингээс нэмж мөнгө өгсөөр зуун жил “баригджээ” . Арай гэж нэг дууссан чинь хувьсгалчид нураан газартай тэгшилж орхисон. Ер нь иймэрхүү жишээ олон доо.
 
Социализмын үед нийгмээрээ нэн ядуу байсан, тэгээд ч хяналтын тогтолцоо байсан учраас авилга хэр хэмжээтэй байсан гэж үздэг. Гэвч энэ бол өнгөлөн далдалсан хуурамч мэдээлэл.
 
Коммунист онолоор иргэд өөрийн өмчгүй байх ёстой, энэ үнэн удирдлагад ч хамаатай. Иймээс коммунист удирдагчид өөрийн гэх өмчгүй боловч улсын тусгай хангамжаар бөөцийлөгдөж байх журамтай аж. Энэ бөөцийнд машин тэрэг, орон сууц, зуслангийн байр, орд харш, хүнсний болон бусад хангамж, амралт сувилал, үйлчилгээ, зарц шивэгчин гээд олон төрөл багтана. Иймээс коммунист удирдагчид нийгмийн баялгаас мөнгөн биш утгаар, өөрөөр хэлбэл эд материал болон үйлчилгээний хэлбэрийг хязгааргүйгээр хүртэж байлаа. Орвэллийн онож хэлснээр ноёлогч бүлэгт эрх мэдэл нь хэрэгсэл байхаа болиод зорилго болон хувирдаг аж”[i]. 
 
Номенклатуруудын тусгай хангамжинд Цэдэнбал онцгой анхаарал тавьдаг байлаа. Тэд хэдийгээр системээс их хамааралтай байна, төдий хэрээрээ дуулгавартай байх болно. Хичнээн ихээр сайн хангамжтай байх болно, төдий хэрээрээ системээс хамааралтай байна.
 
1956 онд гаргасан УТТ-ны нууц тогтоолд номенклатурын зэрэглэл тогтоож цалин хангамжийг батлав. Дээд номенклатурыг Үнэн сонины эрхлэгчээс Ерөнхий сайдын хооронд тогтоогоод сарын цалинг 1 500-2 500 төгрөгт тогтоосон нь улсын дундаж цалингаас 7-9 дахин их байв. Дээд дарга нарт тусламж нэрээр сар бүр 500-1 200 төгрөгийн нэмэгдэл олгохоор болжээ. Эндээс Урлагийн хорооны дарга сард нийлбэрээрээ 2 000 төгрөг, УТТ-ны гишүүн нийлбэрээрээ 3 700 төгрөг буюу дундаж иргэнээс 10-12 дахин их цалин авахаар боллоо[ii]. Энэ үед олноор байгуулагдаж байсан нэгдлийн гишүүн гэгдэх малчин өрхийн цалингаас энэ нь даруй 40 дахин их байсан юм. Харьцуулахад тэр үеийн хамгийн үнэтэй тансаг хэрэглээ болох Чехословакт үйлдвэрлэсэн “Шкода” суудлын автомашин 15 мянган төгрөг байлаа.
 
Мөнгөөр илэрхийлсэн энэ тусгай хангамж нэг талаас бүрэн хүрэлцэхгүй гэж үзээд 1962 оны УТТ-ны нууц тогтоолоор бараа үйлчилгээгээр тусгай хангамж буй болгож эхлэв. Намын дээд дарга нарт зориулж орон сууц бариулах ажлыг эхлүүлснээс гадна хүнсний зүйлийг нь улсаас бүрэн даах боллоо. УТТ-ны гишүүдийн гэрийн хүнсний хэрэгцээг 2 500 төгрөгөөр тогтоосон нь малаа хураалгаж хамтралжсан малчин өрхийн ажлын хөлснөөс даруй 30 дахин их байв. Мөн амралтын газар үнэгүй үйлчлүүлж байхаас гадна өдөр тутмын хоол нь бас төлбөргүй болсон нь дээрх хүнсний хангамжийн хязгаарт тооцогдохгүй аж[iii].
 
1976 оноос тусгай хангамжинд хамрах хүмүүсийн нэрсийг НАХЯ-нд урьдчилан өгч жагсаалтаар үйлчилж байх нууц тогтоолыг УТТ-ноос гаргав. Орон сууцнынх нь талбайн болон халаалтын хөлсийг улс даах төдийгүй байрных нь засварт 8 мянган төгрөг гаргаж байхаар уг тогтоолд заажээ. УТТ-ны гишүүдийн гэрийн тавилгыг 130-150 мянган төгрөгөнд тооцоолон тогтоожээ[iv]. Зөвхөн гэрийн тавилга нь тэр үеийн дундаж цалинтай иргэний 30 жилийн орлоготой тэнцэх аж. Энэ нь багадсан бололтой ердөө хойтон жилээс нь товчооны гишүүд гадаад ба дотоодод амрахад нь эхнэр хүүхдийг нь оруулаад бүх гэр бүлийнх нь унаа хоол, онгоцны зардлыг улс дааж байх бас нэг нууц тогтоол гаргажээ[v]. 
 
Үүнийг юу гэж нэрлэх вэ? Ноёлогч бүлгийн хоорондоо үгсэн тохирсон авилга биш гэж үү?
 
Нийгмийн жирийн иргэдийн дунд авилга байсаан, гэхдээ нэн ядуу нийгмийн авилгын нэгж нь шил архи байсан юм. Үүнээс дээш гарах чадал боломж иргэдэд байгаагүй. Харин тусгай хангамж нэртэй авилгын тогтолцоог 1989 онд Батмөнхийн төрөөс халсан нь Монголд авилгын эсрэг арга хэмжээ авсан анхны тохиолдол байж магадгүй.
 
1990 онд нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр сайны хажуугаар саар заавал зэрэгцдэг хуулиар нийгмийн шатлалаас үл хамааран хэн ч авилгын тогтолцоонд хүрэх боломжтой боллоо. 1990-1996 оны хооронд төр, засгийн газрын мэдлийн маш олон арилжааны банк шинээр бий болсон нь авилгын их аян эхлүүлэх гараа болсон юм.
 
Банкуудыг тонох үйлс ил тод шахам явагдана. Нэгэнт төрийн, өөрөөр хэлбэл эзэнгүй өмч, үүн дээр сэргэлэн гарууд найрлаж өгсөн. Зээл авахад банкны удирдлагад 10-15%-ийг газар дээр нь гардуулах нь тогтсон жишиг байв. 1998 оны тооцоогоор эдгээр төрийн олон арилжааны банкуудын ор сураггүй алга болсон мөнгөний тоо долларт шилжүүлэн тооцоход 100 сая болж байсан. Бод доо, тэр үед Үндэсний нийт бүтээгдэхүүн ганц тэрбум доллар хүрдэггүй, улсын жилийн төсөв ердөө 260 сая доллар, Монгол улсын валютийн нөөц ердөө зургаан сая доллар байсан. Ор сураггүй алга болсон мөнгө тэр чигээрээ дашийн шог болсон, үүний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хариуцлага хүлээлгэх гэтэл улс төр нь саад болж сөрөг хүчин нь дээрэмчдийг өмөөрөн бараг бослого зохион байгуулах шахсан.
 
2002 оноос гишүүдийг сонгогдсон тойргоо усла гэж тус болгонд нь 10 сая төгрөг тараасан нь нэг дүгээрт монгол төр 76 сангийн яамтай болж буй хэрэг, нөгөө талаас хяналтгүй энэ мөнгө тэд өөрсдийгөө албан ёсоор услах бололцоо бий болгов. Энэ мөнгө жил бүр нэмэгдсээр хүний 4 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэх нь ерөөсөө буруу гэж үзэн шүүмжилдэг гишүүд ч яг мөнгө тараах болохоор чимээгүй хүртэнэ. Мэдээж тайлангаа сайхан гаргаж өгдөг л байх, худлаа гэдгийг нь бүгдээрээ хар таамгаар мэдэж л байгаа.
 
Авилга цэцэглэх бас нэг нүхийг төрийн бараа үйлчилгээг тэндрээр шалгаруулах хууль болж өглөө. Мэдээж хэрэг огт шалгаруулалтгүй, бичиг баримтгүй төрийн мөнгийг сураггүй алдаж байснаас, оргүй дорхноо охинтой гэгчээр худлаа ч гэсэн шалгаруулсан болоод бичиг цаасны мөртэй хоцорсон нь дээр л дээ. Гэхдээ асуудал хуулиндаа биш, хэрэгжүүлэх механизмдааа байгаа юм. Тэндэр шалгаруулалт ил тод явагддаггүй, залилах мянган нүх сувагтай, шалгаруулалтыг хөндлөнгийн комисс биш, тухайн салбарын хамаарал бүхий этгээдүүд явуулах буюу удирддаг баталдаг. Иймээс тэндэрт батлагдсан яг ижил сургуулийн хоёр барилгын үнийн зөрөө 5-7 дахин ялгаатайгаар аль алин нь батлагдаж байв. 
 
Авилгын хөгжилд гавъяа байгуулж байгаа бас нэг бүтэц бол төрийн нэрээр шалгалт хийх байгууллагууд. Тухайн инстүүц тухайн тохиолдолд ямар үндэслэлээр чухам юуг шалган тогтоож ямар арга хэмжээ авах нь тодорхой биш учир энэ нь авилга нэхдэг шантаажны үүрэгтэй болж хувирсан юм. Үүнд Мэргэжлийн хяталтын газар, цагдаа, тагнуул, Байгаль орчны яам зэрэг яамдууд, АТГ, санхүүгийн, холбооны, эрчим хүчний тусгай газрууд сайн дураараа оролцох болсон. Энэ нь дороо халдварлаж Төрийн бус байгууллага гэсэн үнэмлэхтэй мэргэжлийн шантаажчид, дээрэмчид идэвхийлэх болжээ. Улс орны тогтолцоо ямар ч хяналтгүй дээрмийн шинж рүүгээ гулсах болов. Төр төр шинжээ улам бүр алдаж буй хэрэг. 
 
Төрийн байгууллагууд чухам юуг хариуцах нь тодорхой бус, эсвэл албан ёсоор хоорондоо биенээ үгүйсгэсэн зөрчилтэй хэрэг хариуцуулах болсон нь ялангуяа дунд шатныханд хүнд суртлаар авилгажих бололцоог олгох болжээ. Монополын эсрэг үнэ бууруулж дэмпинг хийхээс сэргийлэх мөртөө хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж үнэ нэмэхийг эсрэг тэмцэнэ. Сангийн яам хэмнэхийн төлөө авч давхар эдийн засагийн хөгжил хариуцахаар үрэхийн төлөө зогсоно. Хууль зүйн яам хууль боловсруулж хэрэгжилтэд анхаарах авч нөгөө талаар хуулиар тоглоом хийх дотоод хэрэг хариуцана.
 
Хууль тогтоох дээд байгууллага маань ялангуяа төсвөөр тоглож наадан өөрсдийгөө их мөнгөөр угжих болжээ. Монголын засгийн газарт огт хамаагүй гадаадын өрийг төсөвт оруулан 3 сая доллар хувьдаа идэж байлаа. Мөн хувийн хэвшлийн гадаад өрийг төлж чадахгүйд хүрч цаад банк нь 30%-ийг л эргүүлж авъя гэж гуйгаад байхап төр гэнэт хөндлөнгөөс орж 50% хөнгөлсөн болж магтуулж байлаа. Батлан хамгаалахын төсвийг 2 дахин нэмсний шанд санаачлагч тэр мөнгөндөө яаманд чихэр шахаж байлаа. Ой модны газар төсвөө тэрбум болгож өгөөч гэж гуйхаар нь шууд 3 тэрбум болгоод шагналд нь тус газарт баахан хог шахаж байлаа. Мянган ийм жишээ бий шүү. Төсөв бодит байдалд тулгуурлахаа болиод хуйвалдааны гуанз болоод удаж байна. Сангийн яам хянаж чадахаа болиод өөрснөө идэвхитэй оролцогч болсон.
 
Үнэндээ бид ардчиллаас болоод авилгатай болсон гэж ярих дуртай боловч ийм намтар хэдэн зуун жилийн түүхтэй. Гэвч 300 жилийн турш бусдын үгээр даалгавар биелүүлж явснаа 30 жилийн өмнөөс өөрснөө асуудлаа бие даан шийддэг тогтолцоотой болсон чөлөөт ардчилсан бие даасан Монголын нийгэм өөрөө л энэ бүх завхралаа арилгахгүй бол хэн ч бидний энэхүү унаад байгаа ангалаас татаж гаргахгүй. Авилга арай хэтэрч байна, энэ нь Монголын төр нийгмийг мөхөөж ч болох аюултай гэдгийг сүүлийн 30 жил төрийн удирдлагад байсан бүх эрхмүүд сайн мэдэж байсан, зарим нэг цөстэй нь үүнийг сануулан хэлж ч байсан. Гэхдээ хэн нь ч үүний эсрэг дорвитой байтугай дорвигүй ч арга хэмжээ аваагүй. Харин ч нэлээд нь энэ дотор сүрхий гүнзгий хутгалдсан байх шүү. Нийгэм аяндаа авилгыг процессийн хувьд хүлээн зөвшөөрөх, зайлшгүй байх үзэгдэл гэж үнэлэх, үүнээс гарах ямар ч бололцоогүй гэсэн сэтгэгдэлтэй болох байдал үүсч байна.
 
“Авилга авсан нь хожиж, аваагүй бид хохирч байна” гэх гомдол ч их гарах боллоо. Хулгай хийсэн нь цатгалан амьдраад, хулгайлах бололцоо олдоогүй би маш хохирон зовж байна гэсэн үг үү? Ёс суртахуунгүй болсон нийгмийг мөхөл л хүлээж байдаг, тэгснээрээ хүний ертөнц өөрийгөө цэвэрлэдэг. Нийт хүн төрлөхтөн улам ухаажиж, хөгжлийн дээд эрэмбэ рүү тэмүүлж, тэр л шинжээрээ ёс суртахуунтай болон ариусаж буйн нэг шалтгаан бол энэ “цэвэрлэгээ” шүү.
 
Засгийн газар хэдхэн хоногийн өмнө ирж буй туулай жилийг Авилгатай тэмцэх жилээр зарлан үүнд хийж гүйцэтгэх ажлуудаа томъёоллоо. Тэд үдэж буй бар жил авилгын эсрэг нэлээд бүтээлтэй ажиллаа. Бүтээлтэй гэдэг нь илрүүлэх зарлах айлгах сэрэмжлүүлэх талдаа. Нийгмийг ч нэлээд дориун цочоолоо. Засгийн газраас зарлаад байгаа туулай жилийн арга хэмжээнүүд мэдээж цогц болж чадаагүй харагдсан. Зайлшгүй тайлахгүйгээр асуудал шийдэгдэхгүй олон олон гогцоо зангилаа орхигдож буй ажиглагдлаа. Гэвч энэ заралсан “Авилгатай тэмцэх таван үйл ажиллагаагааг” хийж гүцэтгэвэл энэ нь манайдаа асар том хувьсгал. Үүнийг нь ард түмэн дэмжээд гүйцэлдүүлбэл өгүүлшгүй том хувьсгал. Ийм зориг гаргаж буйд нь талархах ёстой. Ер нь түүхээс харж байхад нийгэмдээ асар том өөрчлөлт хийж нийгмээ урагш түрэгч нь мэргэн цэцэн, нуль ухаан, боловсролоор төгсөрсөн эрхэмүүд биш байдаг. Зоригтой, харизмтай, зорилгтой хүмүүс л өөрчлөлтийн эцэгүүд аж.
 
Хоёрхон жишээ хэлээд өндөрлөе. Гуравхан жил бага сургуульд сурсан, системтэй боловсролгүй Авраам Линкольн Америкийн нийгмийг тэр чигээр нь өөрчилж чадсан. Түүний гавъяа АНУ-ын тусгаар тогтнолоос ч чухал өөрчлөлт байсан юм. Заирын Ерөнхийлөгч асан Мобуту Конго улсыг эмчлэнэ, эдгээнэ, үндсээр нь өөрчлөнө гэж 25 жилийн турш амалсан. Нэг удаа бүр ардчилсан тогтолцоотой болж үзсэн гээ. Уг нь зэсийн баялагаар дэлхийд хоёрт ордог мөртөө авилга дээрмээсээ салж чадаагүй Бүгд найрамдах ардчилсан Конго улс ядуурлын доод төвшингөөр Хаитын дараа дэлхийд хоёрдугаар байр эзэлж байгаа. Сонголт л юм даа.
 
Баабар