sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2026 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. Америкийн "SpaceX" корпорац пүрэв гарагт хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа (IPO) гаргаснаар тэрбумтан Илон Маскийн пуужин, сансрын хөлөг үйлдвэрлэгч тус компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг боллоо.


IPO-гийн хүрээнд 555.56 сая ширхэг хувьцаа арилжиж, 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлсэн бөгөөд ингэснээр тус компанийн үнэлгээ 1.77 их наяд ам.долларт хүрчээ. Тус компани нэгж хувьцааныхаа үнийг 135 ам.доллароор тогтоож байгаа талаар "Reuters" агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан юм.


Энэхүү үнэлгээ нь санхүүгийн зарим тогтсон жишгийг эвдсэн төдийгүй зарим шинжээч компанийн ийм өндөр үнэлгээ үндэслэлтэй эсэхэд эргэлзсээр байгаа хэдий ч И.Маскийн хамгийн том төслийг бодит ажил болгосон үйл явдал боллоо. Хэдийгээр "SpaceX" компани өнгөрсөн онд алдагдалтай ажиллаж, бусад томоохон компаниудад орлогоороо хол хаягдаж байгаа боловч баасан гарагт "Nasdaq" бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхлэх үед АНУ-д бүртгэлтэй компаниудын дунд долоодугаарт бичигдэнэ.


1.77 их наяд ам.долларын үнэлгээ нь "SpaceX"-ийг "JPMorgan Chase", "Berkshire Hathaway", "Eli Lilly" зэрэг компаниудаас, мөн "Meta", И.Маскийн эзэмшдэг "Tesla" зэрэг технологийн томоохон компаниудаас ч өндөр үнэлгээтэй болгож байна.


"SpaceX"-ийн IPO мөн 2019 оны арванхоёрдугаар сард Саудын Арабын төрийн өмчит газрын тосны аварга компани болох "Saudi Aramco"-гийн тогтоосон дээд амжилтыг эвдлээ. Тухайн үед тус компани Эр-Риядын биржээс 25.6 тэрбум ам.доллар босгож, үнэлгээ нь 1.71 их наяд ам.долларт хүрч байсан юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг