Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн онд БНХАУ-д болсон ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр тус улсын дарга Ши Жиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцон, нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэв. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Ван И сайдаас хүслээ.
Гадаад хэргийн сайд Ван И, хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцолж, цаашид ч хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн албан захидлыг гардууллаа.
Уг мэндчилгээнд “Урт хугацааны, тогтвортой хөгжлийг цогцлоох нь хоёр орны ард түмний язгуур эрх ашигт нийцэх нь дамжиггүй. Харилцан итгэлцлээ бэхжүүлэн, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэдгээ тэмдэглэжээ.
Уулзалтын үеэр худалдааны эргэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, төмөр замын холболт, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, газрын тос, ногоон эрчим хүч, хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2022 онд манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж байсан юм.
Бямба - 06 сарын 13,
2026
Сэтгэгдэл2
Гуравдагч хөршийн бодлого байхгүй болжээ. Нэг их сүртэй нэрлээд байсан гуравдагч хөрш Америкийн нэгдсэн улсаас Монголын иргэнд визний хориг саадаа нэмчихдэг золиг юм даа.
Ямар адилхан царай төрхтэй улс вэ? Төрсөн ах дүүс юм биш үү?