sonin.mn

Азийн олимпын зөвлөл (АОЗ)-ийн "Айчи Нагояа 2026" Азийн наадмын Зохицуулах хорооны ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Япон улсын Айчи муж, Нагояа хотод болж байна.

Ирэх 9 дүгээр сард нээлтээ хийх шар тивийн Олимпын цаг үеийн асуудлыг хэлэлцэж буй чухал хуралдаанд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, АОЗ-ийн Соёлын байнгын хорооны дарга Б.Баттүшиг оролцож байгаа бөгөөд наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцтай танилцаж, холбогдох асуудлуудаар санал солилцож байна.


Хуралдааны үеэр “Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг ЗБХ-ноос бэлтгэл ажлын явц, үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, спортын хөтөлбөр, тэмцээн уралдаан зохион байгуулах байгууламжуудын бэлэн байдал, тээвэр, байршуулалт, технологи, хэвлэл мэдээлэл, маркетинг болон бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Ази тивийн спортын хамгийн том наадмын бэлтгэл ажил эцсийн шатандаа ороод буйг онцлов. Тус хороо нь АОЗ-ийн 45 ҮОХ-дын төлөөллөөс туршлага, мэдлэг, ур чадвараараа сонгогдсон 10 хүртэлх тооны гишүүдээс бүрддэг бөгөөд Азийн наадмыг амжилттай зохион байгуулалтаар хангах чиглэлээр ажиллаж, улмаар тулгарч буй асуудлыг хуралдаанаар хэлэлцэн, шуурхай шийдвэрлэдэг онцлогтой. Мөн энэ үеэр "Айчи Нагояа 2026" Азийн наадам эхлэхэд 100 хоног үлдээд буйг тэмдэглэх албан ёсны арга хэмжээ зохион байгуулагдав


Жич: "Айчи Нагояа 2026" Азийн наадам Япон улсын 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Азийн 45 ҮОХ-ны 10 мянга гаруй тамирчин оролцохоор төлөвлөж байна.