sonin.mn
Хамгийн сүүлийн мэдээллээр маргааш буюу ирэх Даваа гарагаас шатахуун хэвийн худалдаалагдаж эхлэхийг албаны эх сурвалж хэллээ. Урд болон хойд хөршөөс нийлүүлж байгаа шатахуун маргааш гэхэд Улаанбаатар хотод ирэх юм байна. Тодруулбал ОХУ-аас АИ-92  1200 тонн, БНХАУ-аас АИ-92  2750 тонн шатахуун ирж байна. БНХАУ-аас галт тэргээр тээвэрлэж байгаа 2750 тонн шатахуун маргааш Улаанбаатар хотод буух бол ОХУ-аас ирж байгаа АИ-92 шатахууны 1000 тонн нь маргааш шөнөдөө ирэх аж. Энэ нь нийслэлчүүдийн долоо хоногийн шатахууны хэрэглээ гэсэн үг. Үүний дараа үргэлжлэн ачилт хийгдэнэ. Учир нь БНХАУ болон ОХУ-аас шатахуун импортлоход тээвэр ложестикийн асуудал саадгүй болжээ.
 
Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайд АЗИЗОВ Искандер Кубарович, БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруй нартай уулзалт хийж хоёр хөршөөс орж ирэх шатахууны тээвэрлэлтийг саадгүй явуулахыг тохиролцсон байна.
 
Энэ тал дээр цаашид ч дэмжин ажиллахаа элчин сайд нар илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авчээ. Шатахуун импортлогчид цаашид нөөцөө тасалдуулахгүй байхад Засгийн газраас дэмжихээр болсон байна. Импортлогчид өмнө нь нэг  сараар нөөц бүрдүүлдэг байсан бол одоо гурван сараар нөөц бүрдүүлэх бөгөөд үүнд нь Засгийн газар татвар, эргэлтийн хөрөнгө бүрдүүлэхэд нь дэмжихээр болжээ. Дэмжинэ гэдэг нь Засгийн газар шатахуун импортлогчдод бэлэн мөнгө өгнө гэсэн үг биш. Шатахуун импортлогчид 3 сараар нөөц бүрдүүлэхэд  татварын уян хатан бодлогоор дэмжих, мөн импортлогчид банкнаас зээл авахад  хөнгөлөлт үзүүлэх хэлбэрээр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд нь дэмжих  зэрэг арга хэмжээ авах юм байна. 
 
Д.Дандархүү