sonin.mn
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн "Альфа", "Бетта", "Гамма", "Дельта" гэсэн дөрвөн омгийг "анхаарал татсан" жагсаалтад оруулжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар "Дельта" омог Уханьд анх бүртгэгдсэн хувилбартай харьцуулахад хоёр дахин хурдтай тархаж байна. Үүний зэрэгцээ өвчний үүсгэгч бодис мутацид үргэлжлүүлэн орж байгааг ДЭМБ анхаарууллаа.
 
"Дельта" хувилбараас аюултай коронавирусийн шинэ хувилбар үүсч магадгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ. Тэрбээр Олон улсын олимпын хорооны 138 дугаар чуулганд үг хэлэхдээ энэ талаар онцолсон байна. Гебрейесусын хэлснээр халдвар тархах явцад шинэ омог үүсэж болзошгүй юм. ДЭМБ-ын дарга "Коронавирусийн тархалт илүү өргөн цар хүрээг хамрах тусам олон хувилбар бүртгэгдэнэ. "Дельта" хувилбараас ч илүү аюултай, халдвартай байх болно. Вакцинд тэсвэртэй болох учир “Ковид” хяналтаас гарна. Тиймээс урьд өмнө үзэгдээгүй хямрал нүүрлэж магадгүй. ДЭМБ цар тахалтай тэмцэх гол зорилгоо шинэчилж байна. 2022 оны есдүгээр сар гэхэд дэлхийн хүн амын 70 хувийг вакцинд хамруулна. Тэгж гэмээнэ цар тахлыг хянах боломжтой. Үүнд 11 тэрбум тун вакцин шаардлагатай" гэсэн юм. 
 
 
 
"Дельта" хувилбар дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдэж, зарим улсын хувьд нийт халдварын олонхыг эзлэх болжээ. Эрдэмтдийн тайлбарласнаар "Дельта" хувилбар нь “SARS-CoV2” вирусийн анхны хэлбэр болон түүний дараа нийт халдварын дунд зонхилсон B.1.1.7 буюу “Альфа” хувилбараас халдварлах, өвчлүүлэх чадвараар хэд дахин өндөр гэнэ.
 
 
 
“Дельта” омог халдвар авсан хүнийг ходоод, гэдэсний хямралд хүргэж байна гэж Оросын эмч нар анхааруулжээ. Энэ нь хэвлий орчим хүчтэй өвдөх, суулгах, бөөлжих зэрэг хэлбэрээр илэрч байна.
Энэхүү шинж тэмдгүүд ханиах, бие сульдах, үе мөч шархирч өвдөх зэрэг үндсэн шинж тэмдгүүд дээр нэмэгдэж байна гэж мэргэжилтнүүд онцолжээ. “Дельта” хувилбарын халдварыг “ходоодны хам шинж” буюу “ходоодны ковид” гэж мэргэжилтнүүд нэрлэх болжээ. Уханийн хувилбарын үед илэрдэг үндсэн шинж тэмдэг “Дельта” хувилбарын халдварын үед ч мөн илэрсэн хэвээр байгаа аж. “Бүх халдварт өвчний үед өндөр халуурах шинж тэмдэг байсан, байсаар байна” гэж мэргэжилтнүүд ярьжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Мария Ван Керхове коронавирусийн "Лямбда" омгийн тархалт олон оронд бүртгэгдсэнийг анхаарууллаа. ДЭМБ Перу улсад 2020 оны сард бүртгэгдсэн "Лямбда" хувилбарыг судалгааны жагсаалтад оруулсан. Энэхүү омог Америк тивд өргөн тархжээ. 
 
АНУ-Д ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ӨСЖЭЭ
 
"Дельта" хувилбар АНУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын 83 хувийг эзэлж байгааг Холбооны эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтан мэдэгдлээ. Энэ нь 14 хоногийн өмнөхөөс 50 хувиар өссөн үзүүлэлт болохыг Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенский ярьжээ. АНУ-ын хүн амын талаас бага хувь нь вакцинд бүрэн хамрагдсан юм. Вакцинжуулалтын үндэсний кампанит ажил нэлээд удааширсан. АНУ өдөрт 521 мянган тунг тарьж байна. Жо Байдены засаг захиргаа энэ сарын 4 гэхэд насанд хүрэгчдийнхээ 70 хувийг дархлаажуулах зорилгодоо хүрээгүй. Цагаан ордны засаг захиргаа вакцины эргэлзээг арилгах сурталчилгаа хийх, эмнэлгийн ажлын байрны хүртээмжийг сайжруулахаар ажиллаж байна. "Нью-Йорк Таймс" сонины мэдээллээс үзвэл нийгмийн хамгийн эмзэг бүлгийнхэн вакцинд хамрагдаагүй аж. Жонс Хопкинсийн их сургуулийн халдварт өвчний шинжээч, доктор Дэвид Довди "Сүүлийн хоёр долоо хоногт халдварын хэмжээ 198 хувиар өсжээ. Оклахома, Миссури, Арканзас, Алабама, Луизиана, Миссисипи муж халдварын түвшнээр тэргүүлсэн" гэжээ. Сенатор Рэнд Пол халдварт өвчний мэргэжилтэн, доктор Энтони Фаучийг Ухань лабораторийн мэдээллийг Конгресст худлаа танилцуулсан гэж буруутгасан байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин