sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар пүрэв гарагт утсаар ярилцжээ. Бараг хоёр цаг хагас үргэлжилсэн уг яриаг Кремлийн туслах Юрий Ушаков “бодит агуулгатай, нээлттэй, бүтээлч” гэж тодорхойлсон байна.


Будапештэд шинэ дээд хэмжээний уулзалт болох төлөвтэй


Трампын санаачилгаар хоёр талын удирдагчид дахин нүүр тулсан уулзалт хийх тохиролцоонд хүрчээ.


Тэрбээр уулзалтыг Будапешт хотод зохион байгуулахыг санал болгосон бөгөөд Путин уг саналыг “шууд дэмжсэн” гэж Ушаков мэдээлэв.


Уулзалтын бэлтгэл ажлыг ойрын өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар эхлүүлэх аж. “Төлөөлөгчид тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн дараа уулзалтын тов тодорхой болно” гэж тэр онцоллоо.


Хоёр удирдагч мөн байнгын холбоо барих тохиролцоонд хүрсэн байна.


Украины асуудал: энхийн зам хамгийн хүнд сорилт


Путин ярианы үеэр Оросын Зэвсэгт хүчнүүд “бүх фронтын дагуу стратегийн санаачлагыг бүрэн гартаа авсан” гэж мэдээлсэн ч, “улс төр, дипломат замаар энхийн шийдэлд хүрэхийн төлөө тууштай ажиллана” хэмээн онцолсон байна.


Харин Трамп Украины асуудлыг “өөрийн хамгийн хүнд энхийн даалгавар” гэж нэрлэжээ.


“Орос-Украины мөргөлдөөн бол АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд хэрэгжүүлж буй энхийг тогтоох ажиллагаануудаас хамгийн төвөгтэй нь гэсэн санаа түүний үг бүхэнд туссан байлаа” хэмээн Ушаков тэмдэглэв.


Түүнчлэн Трамп Владимир Зеленскийтэй аравдугаар сарын 17-нд уулзахдаа Путинтэй ярилцсан гол санаануудыг харгалзан үзэхээ илэрхийлсэн байна.


“Томагавк”-ийн асуудал: харилцаанд хүйтэн салхи сэвэлзэв


Ярианы үеэр хоёр тал АНУ Украины талд “Томагавк” далавчит пуужин нийлүүлэх магадлалын талаар хөнджээ. Путин уг асуудалд хариу өгч, “ийм зэвсгийн нийлүүлэлт фронтын нөхцөл байдлыг өөрчлөхгүй, харин хоёр улсын харилцаанд ноцтой хохирол учруулна. Энхийн төлөвийг бүрмөсөн үгүй хийж мэднэ” гэж анхааруулсан байна.


Орос–АНУ-ын харилцаа: түүхэн хамтын ажиллагааны дурсамж ба шинэ итгэл


Путин хэлэхдээ, хоёр орны өнөөгийн сөргөлдөөн нь “түүхэн урт хамтын ажиллагааг бодоход парадокс мэт” санагдаж байгааг дурдав.


Дайны он жилүүдэд хамт тулалдаж, ялалтад хүрсэн хоёр ард түмний “гүн харилцан хүндлэл” өнөө ч хадгалагдаж байгааг Ушаков дамжууллаа.


Харин Трамп, хэрвээ Украины мөргөлдөөнд цэг тавьж чадвал АНУ ба Оросын эдийн засгийн хамтын ажиллагаанд “асар их боломж нээгдэнэ” гэж хэлжээ.


Газын зурвасын асуудалд АНУ-ын үүргийг үнэлэв


Путин, Газын зурвасын байдал тогтворжих чиглэлд гаргасан ахиц дэвшлийн төлөө Трампт баяр хүргэсэн байна. “АНУ-ын ерөнхийлөгчийн энхийн хүчин чармайлтыг Ойрхи Дорнод, АНУ-д төдийгүй дэлхийн олон улс өндрөөр үнэлж байна” гэж Ушаков онцолсон юм.


Түүнчлэн Путин Москвагийн байр суурийг дахин бататгав:


“Ойрхи Дорнодын бүх ард түмний хувьд урт хугацааны энх тайвныг баталгаажуулах, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн үндэслэл бүхий цогц шийдлийн төлөө Орос тууштай байр суурьтай хэвээр байна.”



Н.Отгончимэг

Эх сурвалж: tass.com