
Манай улс саяхныг болтол Эрдэнэтийг 1978 онд Оростой хамтарч ашигласнаас өөрөөр томоохон ордыг хөдөлгөж байгаагүй юм. Харин 2009 онд төмрийн хүдэр, зэс, алмаз, алт, уран олборлодог Англи-Австралийн үндэстэн дамнасан, дэлхийн хоёр дахь том металл, уул уурхайн корпораци болох “Рио Тинто”-тай хамтарч “Оюу толгой” төслийг хэрэгжүүлсэн. Улс төрийн хувьд хамтарсан Засгийн газрыг байгуулж шийдвэрээ гаргасан. Харин уг төслийн засаглалд Монгол Улсын Засгийн газар 34 хувь авч оролцсон. Ерөнхийдөө энэ нь алдаа болж, 34 хувьд оногдох хөрөнгө оруулалтаас эхлээд хүлээх үүрэг хариуцлага дээрээ унасаар ирсэн. Тиймээс Монгол Улс, монголчууд хэзээ ашиг хүртэх нь тодорхойгүй л явсаар байгаа юм.
Уг нь тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, түүний Засгийн газар Оюу толгой ордод 34 хувь бус татварын аргаар ашиг авах хувилбар ярьж байсан ч “...Оюу толгойг гадныханд өгчихлөө” гэж олон нийтийн эсэргүүцэлтэй тулахаас эмээгээд 34 хувийг сонгосон гэдэг.
Өдгөө тэр хэв загвар дараа дараагийн төслүүдэд туссаар байгаа юм. Ялангуяа, сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн 6.2-ын “...Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. ...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтаар стратегийн ордуудад хувь эзэмших, ашиг хүртэх асуудал нөгөө л 34 хувиар яригддаг болсон. Тухайлбал, “Зөөвч-Овоо” төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Бадрах Энержи” ХХК-ийн 34 хувийг энгийн хувьцааны ноогдол ашигт 2.1 тэрбум ам.доллар, АМНАТөлбөрт 717 сая ам.доллар буюу нийт улс, орон нутгийн төсөвт 5.6 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоолол гарчээ. Харин 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, таван хувийн тусгай АМНАТ-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т хоёр тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцсон байдаг. Энэхүү “Зөөвч-Овоо” төсөл дээрх тохироог мэргэжлийнхэн, эдийн засагчид муулаад шүүмжлээд байдаггүй юм. Гэвч, Оюу толгой төсөл дээр илэрч буй алдааг дараа дараагийн төслүүд дээр давтахгүй гэх баталгаа алга. Тиймээс сүүлийн жилүүдэд Ашигт малтмалын тухай хуулийн 5.3-ын “...Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын АМНАТ-өөр орлуулж болно”, 5.4-ийн “...Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно.
Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын АМНАТ-өөр орлуулж болно” гэсэн заалтуудыг барих нь зөв гэдэг дээр хууль тогтоогчид нэгэн дуугаар нийлдэг болж байна. Гэхдээ, уул уурхайн салбарт АМНАТ-тэй холбоотой зарим шүүмжлэл бий.
АМНАТ-тэй холбоотой “эргэж харах” асуудлууд байгааг уул уурхайн лиценз эзэмшигч компаниуд нэлээд тавьдаг. Тухайлбал, АМНАТ-ийн түвшин ямар байх, татвар ноогдох суурийг яаж тооцох, АМНАТ ямар хэлбэртэй байх зэрэг нь тухайн улсын хуулиар зохицуулагдаж байдаг ч их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, урт хугацааны төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын орчин тогтвортой байх нь хамгийн чухал юм. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулагчид энэ эрсдэлийг бууруулахын тулд хөрөнгө оруулалтын гэрээнд ихэвчлэн хуульд заасан татваруудыг төсөл хэрэгжих хугацаанд тогтворжуулах, эсвэл хуульд зааснаас өөр татварын түвшнийг тогтмол мөрдөхийг тусгайлан тусгадаг. Дотоодын компаниудын хувьд ч мөн ийм шаардлага тавих нь зүй ёсны асуудал байдаг. Мөн дэлхий даяар уул уурхайн маш олон төслүүд хөрөнгө оруулалт татахаар, экспортын зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхээр хоорондоо өрсөлдөж байдаг тул Засгийн газар хүртэх ашгаа нэмэхийн тулд татварын түвшнийг өндөр тогтоох гэж оролдох нь сөрөг үр дагавар авчирч болзошгүй юм. Учир нь, “...Тухайн эрдэс баялгаас хүртэх Засгийн газрын хувь ихэснэ” гэдэг нь компаниуд болон хөрөнгө оруулагчийн хүртэх өгөөж тэр хэрээр буурна гэсэн үг. Иймээс бусад улс орны татвартай өрсөлдөхүйц, гэхдээ хүртэх үр ашгаа аль болох их байлгах татварын түвшнийг хэлэлцэж тохирох нь чухал юм.
Түүнчлэн АМНАТ гэх мэт тухайн нэг татварын бодлогод реформ хийхдээ бусад төрлийн татварын ачаалал ямар байгааг анхаарах шаардлагатай. Бусад төрлийн татварын ачаалал их байгаа байгаа үед тухайн нэг төрлийн татварын хувь хэмжээг өсгөх орон зай боломж маш бага байдаг.
Түүхий эдийн үнэ байнга дээш доош болохоос гадна, зарим түүхий эдийн хувьд хил гааль, тээвэрлэлт хязгаарлагдах, тээврийн зардал огцом өөрчлөгдөх эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнийн мөчлөг болон татварын онцлогоос хамаараад тухайн үед мөрдөж буй журмаар татварын орлого хэлбэлзэх, саатах хүндрэл тохиолдож болно. Иймээс уул уурхайн салбарын онцлогийг ойлгож, хүндрэлийн суурь шалтгааныг арилгахад анхаарах шаардлагатай. Ийм зүйлүүд яригддаг. Уул уурхайнхан ч байнга хэлдэг. Тухайлбал, МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширын 2025 оны есдүгээр сарын 24-нд "Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил" өндөр түвшний уулзалт дээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т “...АМНАТ-ийг гэрээний үнээр тооцно” гэж заасан боловч хуулийн заалтаас давсан Засгийн газрын тогтоолоор баталсан журам үйлчилж байна. Яг энэ асуудлын хүрээнд сүүлийн 15 жилийн хугацаанд Засгийн газрын гаргасан тогтоол, шийдвэр найман удаа өөрчлөгдсөн. Тухайлбал нүүрсний жишиг үнийг зарлахдаа тээврийн зардал, НӨАТ, гаалийн хураамж, талбайн зардал, импортын татвар, ариутгалын төлбөр зэрэг зардлууд багтаасан бодит бус, олборлогчоос хамааралгүй зардлууд орсон дүнгээс авдаг. АМНАТ тооцох жишиг үнэ нь гэрээний үнээс 2-2.7 дахин өндөр байгаа бөгөөд 11-14 хувийг АМНАТ-д төлж байна. Зах зээлээс шалтгаалан нүүрсний үнэ 40 хувиар унасан, уулын ажлын нөхцөл хүндэрсэн, өртөг нэмэгдсэн энэ цаг үед ч АМНАТ тооцох жишиг үнэ буурсангүй. Одоо эрчим хүчний нэг тонн нүүрс тутамд 5-10 ам.долларын алдагдал хүлээж байна. Нүүрсний АМНАТ тооцох жишиг үнийн энэхүү буруу тогтолцооноос шалтгаалан өндөр үнэтэй, чанартай нүүрсээ сорчлон олборлох, нөгөөтэйгүүр, бохирдол бүхий нөөцийг хаях нөхцөл байдал руу түлхэж, ихээхэн хэмжээний хуримтлал бүхий нүүрсний овоолго үүсээд байна.
Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 35-ийн “...Ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах, сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан журмын үйлчлэл нь хуулиа зөрчихөд хүргэж байна.
Хараахан албажаагүй ч саяхнаас борлуулах нүүрснийхээ 25 хувийг биржээр зарж, түүгээр жишиг үнээ тогтоох тухай журам гарсан гэсэн. Зах зээл дээр нүүрсний эрэлт ихтэй үед биржээр зарах боломжтой болохоос өнөөдрийнх шиг өөрсдөө гуйж, очиж нүүрсээ борлуулж байгаа үед энэ механизм үйлчлэхгүй” гэж ярьсан. Тэгээд бас “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашигладаг лав хоёр компанийн асуудал яригддаг. Тэдний нэг “Ачит Ихт” ХХК-ийг төлөөлж П.Цагаан 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бичсэн ил захидалдаа “...“Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын бус овоолгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй Английн компанийн хүмүүстэй би 2000-аад оны эхээр ажил төрөлгүй явахдаа танилцсан. Хамтарч ажилласан. Танилцуулсан хүн нь одоо Элчин сайдын алба хашиж байна. Тэр үед хэдэн жилийн дараа хэн, хаана ямар алба хашихыг, бас ирэх жилүүдэд зэсийн үнэ яаж өгсөж уруудахыг бурхан л мэдэж байсан байх аа. Эрдэнэт үйлдвэрийн 2-р отвал ашиглах анхны гэрээ англи, орос хэлээр байгуулагдсан, бас туршилтын үйлдвэр барих тухай заалт нь тийм учиртай болно. Англичууд 2 дугаар овоолгыг ашигласны дараагийн нөөц дээрээ тохиролцохгүй бол ганц ч фунт хөрөнгө оруулахгүй гээд Монголоос гарч, Казахстанд үйлдвэр байгуулаад өдгөө хувьцаа нь Лондоны хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна. БНМАУ, ЗСБНХУ болон Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу бие даасан дүрмээр үйл ажиллагаа явуулж байсан Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн шийдвэрийн дагуу 2 дугаар овоолгыг Ашиглах гэрээ байгуулж, өндөр эрсдэлтэй үүрэг авч, бүрэн биелүүлсэн. Тухайн үед үйлдвэрийн төсөл амжилттай болно гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Хөрөнгө оруулах хүсэлт тавихад Хөгжлийн банк, том бизнесменүүд бүгд нүүр буруулж байсан.
Иймд бид банкнаас арилжааны өндөр хүүтэй зээл, гадаадын олон улсын худалдааны компаниас хатуу нөхцөлтэй санхүүжилт авч, 60 сая ам.долларын өртгөөр энэ үйлдвэрийг бүтээн босгож, нэмэлт хөрөнгө оруулж, 300 гаруй хүний ажлын байр шинээр бий болгосон.
Бид орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулах гэж олон сорилттой учирч, зүдэрсэн боловч ард нь гарсан. Эхний 4 жил Австрали, АНУ, Хятад, Канадын мэргэжилтнүүд, компанийг урьж ажиллуулж байсан бол өнөөдөр 100 хувь үндэсний инженер, техникийн ажилтнууд энэ үйлдвэрийг ажиллуулж байна. Бүр гадаад, дотоодын өөр төсөлд зөвлөгөө өгөх хэмжээнд өсөж өндийсөнд баярладаг. Өнгөрсөн хугацаанд бид Эрдэнэт үйлдвэртэй хамгийн сайн түншийн харилцаатай, хамтарч ажиллаж ирсэн. Хөндлөнгийн хүмүүс л биднийг бужигнуулах гээд байдаг. Хувьцааны 34 хувийг эзэмшүүлэх тухайд, саналаа аль 2013 онд, дараа нь үйлдвэр туршилтаар ажиллаж эхэлмэгц 2014 оны наймдугаар сард Эрдэнэт үйлдвэрт бичгээр хүргүүлж, ТУЗ-д ажиллах хүмүүсээ томилохыг хүссэн. Гэтэл манай саналыг хүлээж аваагүй. Эрдэнэтийн олон хүнтэй судалгааны ажлын хэсэг нь манай үйлдвэрийг үйл ажиллагааны хувьд ч, технологийн тал дээр ч, санхүүгийн талаасаа ч өндөр эрсдэлтэй, “маш муу” төсөл гэж дүгнэснийг нь бид сүүлд мэдсэн. Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаас Гэрээ байгуулах ажлын хэсгийг хамтарсан үйлдвэрийн Нэгдүгээр орлогч В.И. Рой гэдэг орос захирал ахалж байсан. Тухайн үед орос захирал “...Та нар яагаад үйлдвэрийнхээ хувьцааны гуравны нэгийг өгөх гээд байгаа юм бэ. Хувьцаа эзэмшинэ гэдэг тэр хэмжээгээрээ танай авсан зээлийн эргэн төлөлтийг хамт хариуцна гэсэн үг биз дээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унах төлөвтэй байна. Арай 1998 оных шиг унахгүй л байгаасай. Танай гидрометаллургийн үйлдвэрийн технологийг бид мэдэхгүй, тоног төхөөрөмжийг сонгоход оролцоогүй, халуун оронд л их байдаг. Эрдэнэттэй хамтарсан төслүүд үйлдвэрт ашиг биш, алдагдал л авчирдаг. Одоо гэхэд л молебдиний үйлдвэр бас л толгойн өвчин үүсгээд байна. Овоолгуудаас ногоон ус гарч, уусан мал амьтан үхэж байна гэснээс болоод хашиж, хамгаалах гэж нэмэлт зардал гаргаж байна. Одоо та нар 2-р отвалыг хашиж хамгаална. Ер нь үйлдвэр барих, ажиллуулах хоёр их ялгаатай шүү. Танай үйлдвэр тасралтгүй, хэвийн ажиллахыг хүсэн ерөөе.” гэсэн. Эрдэнэт үйлдвэрийнхэн манай үйлдвэрийг хэвийн ажиллана гэдэгт итгэхгүй байгаа юм байна гэж гонсойхоос өөр бид яах билээ. Хэлэлцээр хийж, манай компани ашиг, алдагдалтай байгаа эсэхээсээ үл хамаарч гарсан бүтээгдэхүүн бүрийнхээ орлогоос шатлалтайгаар хоёр хувийг (улс, орон нутагт төлөх татвар, АМНАТ, төлбөр хураамжаас тусад нь) Эрдэнэт үйлдвэрт төлж байхаар тохирч 2015 онд шинэ гэрээ байгуулсан. Ямар ч хөрөнгө оруулалт, эрсдэл, зардалгүйгээр тусгай төлбөр авах ухаан тэр орос хүнээс л гарсан болов уу” гэсэн байдаг. Тэр үнэн л дээ. Үнэнийг хэлэхэд, уул уурхайн лиценз эзэмшиж байгаа компаниуд дээр”...Төрийн 34 хувийг төлөөлж байна” гээд нэг БЭТ очоод суучихна. Бөөн халамж, хангамж шаардана. Хамгийн гол нь тэнд эрүүл бизнес явахгүй болно. Ийм жишээ өчнөөнийг үзлээ үзз дээ, бид. Тэгэхээр л хэн хэндээ хал балгүй гэдэг шиг АМНАТ буюу рояалти-аар ашиг орлогоо тооцож жинлэдэг систем бидэнд чухал юм байна.
Ер нь бол, газрын доорх баялгийн нөөц нь нөхөн сэргээгддэггүй. Энэ цаг үеийнхэн олборлож ашиглавал ирээдүйд үлдэхгүй гэсэн үг. Тийм учраас нөөцийг ашиглаж буй уул уурхайн компаниуд бизнесийн нийтлэг татваруудаас гадна Засгийн газарт, эсвэл орон нутгийн захиргаанд нэмэлт нөхөн төлбөр өгөх ёстой.
Үүнийг АМНАТ буюу рояалти гэдэг. АМНАТ-ийг тооцох хэд хэдэн хувилбар байдаг. Олборлосон эрдэс бүтээгдэхүүний үнийн дүн буюу нийт орлогод суурилсан рояалтиг ихэнх улс тогтоодог. Жишээлбэл, нүүрсний үнэ нэг тонн нь 100 ам.доллар бөгөөд тухайн улсад экспортын нүүрсний АМНАТ таван хувь гэвэл нүүрс олборлогч нь экспортолсон нүүрсний тонн тутамд таван ам.доллар төлнө. Олборлолтын зардал болон ашгаас үл хамаарна. Нүүрсний үнэ өсвөл төлөх АМНАТ-ийн хэмжээ ижил хувиар өснө. АМНАТ-ийн хувь хэмжээнээс гадна ямар үнийг баримтлах вэ гэдэг нь чухал асуудал юм. Өнөөдөр ч Монголын уул уурхайн компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь асуудал болоод байна. Уг нь, АМНАТ-ийг тооцохдоо тухайн эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн жишиг үнэ баримтлах нь хамгийн хялбар арга болдог байна. Манайд ч ийм байгаа юм.
Гэхдээ зарим түүхий эд, тухайлбал түүхий нүүрсийг биржээр арилжаалагдахгүй бараа гэж үздэг байна. Тийм учраас аль нэг биржийн үнэ баримтлахад хэцүү байдаг аж. Иймээс борлуулалтын гэрээнд суурилах уу, эсвэл ямар нэг аргаар тооцоолсон жишиг үнэд суурилах уу гэдэг асуудал үүсдэг.
Мөн АМНАТ тооцох суурь үнийг уурхайн аман дээрх үнээр үү, эсвэл хил дээрх үнээр тооцох уу гэдэг нь ихээхэн ялгаатай. Ялангуяа тээврийн зардал ихтэй улсад энэ нь маш том нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ, рояалти тооцох өөр хувилбаруудыг нэлээд олон улс оронд мөрддөг. Нэг нь тухайн төслийн ашгийн түвшинд суурилсан рояалти байна. Ашиг өсвөл рояалти төлбөр өснө, харин муу бол рояалти төлөхгүй. Иймээс энэ бол компанид илүү тааламжтай хувилбар болдог байгаа юм. Өөрөөр хэлбэл, ашигт суурилсан рояалтигийн хувь нь борлуулалтын орлогод суурилсан рояалтигийн хувиас илүү өндөр тогтоогддог. Бас, бүтээгдэхүүний биет хэмжээнд суурилсан рояалти гэж байдаг. Энэ нь олборлосон нэгж бүтээгдэхүүнд тогтмол дүнтэй ноогдуулах төлбөр юм. Жишвэл, олборлосон нүүрсний нэг тонн тутамд нэг ам.долларын рояалти тогтоох хувилбар гэхэд болно. Энэ мэтээр дэлхийн улсууд уул уурхайн салбарт хандах хандлага, ашигт малтмалын төрлөөс хамаараад рояалтиг олон янзаар тогтоосон байдаг. Тэгвэл Монголд түүхий эдийн үнийн гэнэтийн ашгаас хүртэх өгөөжийг нэмж, түүхий эдийн боловсруулалтыг дэмжих агуулгаар Ашигт малтмалын хуулиар бүтээгдэхүүний үнэ ба боловсруулалтын түвшнээс хамаарч рояалтигийн үндсэн хувь дээр нэмэгдэх хувийг түүхий эдийн төрөл бүр дээр тусгайлан тогтоосон. Тухайлбал, зэсийн суурь рояалти таван хувь байхна. Лондоны металлын бирж дээрх цэвэр зэсийн тонн тутмын үнэ 5000 ам.доллароос давбал рояалтигийн хувь нэмэгдэнэ гэсэн үг. Зэсийн үнэ 5000-6000 ам.доллар байвал зэсийн хүдэрт 22 хувь, зэсийн баяжмалд 11 хувь, цэвэр зэсэд нэг хувь нэмж тооцно. Харин зэсийн үнэ 6000-7000 ам.доллар байвал хүдэрт 24 хувь, баяжмалд 12 хувь, цэвэр зэсэд хоёр хувь нэмэх гэх байдлаар өссөөр, зэсийн үнэ 9000 ам.доллароос давбал хүдэрт 30 хувь, баяжмалд 15 хувь, цэвэр зэсэд таван хувийг нэмж тооцно. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд талууд рояалтийг тусгайлан тохирч болдог.
Оюу толгой төслийн гэрээг байгуулсан 2009 оны үеийн хуульд рояалти нь үнэ ба боловсруулалтын түвшнээс үл хамааран тогтмол таван хувь байсан. Тийээс талууд энэ хувиар рояалти төлөхөөр тогтворжуулсан байдаг.
Иймээс Ашигт малтмалын хуульд 2010 оны арваннэгдүгээр сард шинээр орсон, дээр дурдсан өсөн нэмэгдэх рояалти ногдуулах заалт уг төсөлд хамаарахгүй. Гэтэл манайх дээрх тогтвортой байдлыг зөрчсөн учир өнөөдөр Лондоны арбитрын шүүх дээр хөрөнгө оруулагч талтайгаа татварын асуудлаар маргаж байна. Үүнтэй зэрэгцээд хууль тогтоогчид “...Оюу толгой төслийн 34 хувиа тусгай АМНАТ-өөр орлуулж, “Рио Тинто”-тай хэлэлцээрт орох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлдэг болж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг “...Том зургаараа Оюу толгой бол Монголын ололт гэдгийг хүлээн зөвшөөрнө. Монголын залуучууд том бүтээн байгуулалтад оролцож сурлаа. Мэдлэг эзэмшлээ. Гэхдээ байгалийн баялгаас ард түмэнд оногдох хэсгийг бодитой болгохгүй бол болохгүй. Монгол Улс Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшдэгийн хувьд энд орж ирж байгаа зээл бүрийн 34 хувийг мөн төлөлцдөг. 11.2 хувь буюу маш өндөр хүүтэй байгаа. Зээлийн хүүг долоон жил тутамд хэлэлцэх ёстой. Хоёрхон сарын хугацаа үлдчихээд байхад бодит үр дүн гарахааргүй, бид энэ боломжоо алдах шинжтэй байна. Миний хувьд ХЗДХЯ-нд ажиллаж байхдаа энэ Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Монгол Улс дээр бичигдчихээд байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэхээс эхлээд маргаантай 12 асуудлын есийг нь хэлэлцээрийн шатанд тохирсон. Зээлийн хүү болон менежмэнт гэхчлэн гурван асуудал үлдсэн байдаг. Эдгээрийг шийдвэрлэн урагшлах боломж байсан ч өнөөдрийн байдлаар миний хувьд итгэл алга байна. Тодорхой асуудлуудыг гурваас дөрвөн сайд хувааж авсан, сүүлдээ бие бие рүүгээ чихсэн байдалтай, хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байна. Эндээс Монголын ард түмний нийтлэг эрх ашиг хангагдана гэдэгт би итгэхгүй байгаа. Бид Оюу толгой төслийн 34 хувиа тусгай АМНАТ-өөр орлуулж, “Рио Тинто”-тай хэлэлцээрт орох ёстой. Тэгж гэмээнэ бид өгөөжөө хүртэнэ. Манай “Эрдэнэт” маш өндөр АМНАТ төлж байхад энэ нөхөд яагаад маш хөнгөлөлттэй АМНАТ төлөх ёстой юм бэ. Энэ зөрүүгээс болоод зэс гэх мэт дараагийн төслүүд хөдөлж чадахгүй байна. Хэрэв дахиад долоон жил алдчих юм бол бидний авах ашиг ч хойшилно.
Төслийн гол үүцийг ашиглаж дууссаны дараа буюу мөнгөн урсгал хаагдсаны дараа бид асуудлыг ярих гээд байна. Одоо мөнгөн урсгал өндөр байгаа дээр бид авах ёстой юмаа авах хэрэгтэй” гэж байна.
Харин АМНАТ-ийг хөнгөвчилсөн Засгийн газрын 55 дугаар тогтоолд хууль тогтоогчид нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа нь харагдаж байна. “...Энэ нь Оюу толгойн хөрөнгө оруулалтаас АМНАТ-өөс орж ирэх орлогыг бууруулах эрсдлийг нээж өглөө” гэх хүн цөөнгүй байна. Учир нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний 11.4-т “...Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээдүүдэд оруулсан хөрөнгө оруулалтаа өмчлөх эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа Монгол Улсын Засгийн газар дотоодын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл эдлэх эрхтэй” гэж заасан. Тэр утгаараа, Лондонгийн металлын биржийн үнэлгээгээр авдаг АМНАТ-ийг дотоод бирж болгож Монгол Улсын эдийн засагт хортой, сөрөг нөлөө авчирч болзошгүй гэж үзэж байна. Нэгэнт л, 34 хувь эзэмшиж биелүүлж чадахгүй үүрэг хариуцлага өөртөө тохож байхаар АМНАТ буюу рояалти дээрээ сайтар тохирч аваад сууж байх нь бидний хувьд байгалийн баялгаасаа хувь ашиг хүртэх хамгийн зөв хийгээд сайн арга байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, монголчууд баялгаасаа бодитоор хувь хүртэх ганц гарц нь АМНАТ болж байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
Зээл зээлийн хүү хүүний хүү боддог хөрөнгө оруулагч байдаг юм уу
Колончлогч гэж ярьж сур. Монголыг колончлон дарлаж байгаа тод жишээ.