sonin.mn
Манай орны ойд хийсэн судалгааны дүнд 12.5 сая га ойн талбай бүхий газарт 64 сая шоо метр хатсан болон унанги модны хаягдал нөөц бий гэжээ. Энэ бол хөдөө аж ахуйг хөгжүүлэх, орон нутгийн ард иргэдийн амьдралыг өөд татах, ажлын байр нэмэгдүүлэх материал, эрчим хүчний шинэ эх үүсвэр, байгалиа хамгаалж ашиглах хөгжлийн их уурхай юм. Энэ уурхайг ашиглахад хуучны уламжлалт арга бус, ашиглалт технологийн цоо шинэ “түлхүүр” хэрэгтэй. Энд яагаад орон нутгийг онцлоод байна вэ гэвэл, нэгдүгээрт хөдөөгийнхөн төрж өссөн, амьдарч байгаа нутгийн байгалиа хамгаалж, шүтэн зохицож амьдарч чадна. Хоёрдугаарт, ойгоо зөв цэвэрлэж, зохистой ашиглаж сурах юм. Ойг зөв цэвэрлэнэ гэдэг нь түймэрт шатах массыг багасгаж, хортон шавжийн үржих үүр, уурхайг цэвэрлэн, ойг байгалийн жамаараа нөхөн сэргэж ургах явцыг дэмждэг “эмчилгээний” арга юм.Зохистой ашиглана гэдэг нь гуалин, сургааг үзүүр, ёзоор, мөчир гишүүг хүртэл хаягдалгүй технологиор боловсруулж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож амьдрал, аж ахуйдаа хэрэглэнэ гэсэн үг.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр хэмээсний учир нь, Монголд ийм их баялаг байхад ашиглах, боловсруулах арга технологи дутмаг, дээр нь ойгоо ашиглана гэхээр л бөөн хардлага, айдас дагуулдаг болохоор зориглож тийшээ ордоггүй, орсон нэг нь буруу ажилладаг зэргээс шалтгаалаад уурхайгаас дутахгүй энэ их баялгийг ашиглахгүй, байгалиа доройтуулж ард иргэддээ өгөөжгүй, хөндөлгүй орхисоор байгаа юм.
 
Уг нь БОАЖЯ-наас боловсруулсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг 2014 онд УИХ, Засгийн газар баталж хэрэгжүүлж буй билээ. Энэ хөтөлбөрийн зорилгын 2.1-д “Монгол орны ойг цэвэрлэж эрүүлжүүлэх, төлөв байдлыг сайжруулах, түймэр, хортон шавжийн хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, ойг нөхөн сэргээх, ойн цэвэрлэгээгээр гарсан модоор түлш, ахуйн хэрэгцээний тодорхой хэсгийг хангах, шахмал хавтан, шахмал түлш, барилгын материал болон бусад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг модон түүхий эдээр хангаж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэх, ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн аж ахуйн нэгжийг чадавхжуулахад энэ хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн тусгасан. Харин хүрэх үр дүнгийнхээ талаар 6.1 дэх хэсэгт “Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 онд дараах үр дүнд хүрсэн байна” гээд 6.1.1-д “нийт 315 мянган га хүртэлх ойн талбай цэвэрлэгдэж, ойн төлөв байдал сайжирна”, 6.1.6-д “ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагууд чадавхжиж, ажилгүй иргэд байнгын ногоон ажлын байраар хангагдан, орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэж, өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүлнэ” гэжээ. Энэ нь цаг үеэ олсон, сайн хөтөлбөр гэдэгтэй ойн мэргэжлийн цөөнгүй хүн санал нэгддэг юм. Харин “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа дуусаж байна. Дүн, тайлангаа гаргах нь гарцаагүй.
Хэдийгээр энэ хөтөлбөр сайн болсон ч үр дүнтэй хэрэгжсэн гэж би хувьдаа боддоггүй.
 
Ойн цэвэрлэгээ хийж байгаа өнөөгийн практикт тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага нэртэй дундаас нь ашиг оодог хэн нэг нөхөр “Зил-131” хэдийг хөлсөлж аваад ууланд гардаг. Тэндээс орлого олох мод л авахгүй бол зардлаа ч нөхөхгүй, ашиг ч олохгүй болохоор зөвхөн зүсэж банз, балк гаргах, цаашлаад түлшний мод л авч байна.
 
Жинхэнэ цэвэрлэх ёстой нарийн үзүүр, мөчир, гишүүнд зориулах зардал аж ахуйн нэгжийнхэнд үгүй, түүний зэрэгцээ тийм сэтгэл ч тэдэнд байхгүй. Мөчир, гишүүг нь цэвэрлэж ойгоос буулгалаа гэхэд түүнийг авах хүн байхгүй, хаях газар ч олдохгүй, үнэ хүргэж ашиглаж бүр ч чадахгүй. Үүнээс л болж ойн цэвэрлэгээ биш, модны хулгай хийгээд байна. Уг нь ойн цэвэрлэгээ бол түүхий эд, материалын хямд, шинэ эх үүсвэр, ашиглах ёстой нөөц баялаг юм. Энд ойн нөөц, баялгийг ашиглах тухай асуудлыг хөндөөд орхих бус, бодит ажил болгож хийсэн туршлага, цаашид хөгжүүлж болох гарц, боломжийн тухай бодит ажил болгосон төслөө танилцуулж, саналаа хүваалцах гэсэн юм. Ойн цэвэрлэгээний нөөц баялгийг хаягдалгүй технологиор бүрэн ашиглах техник технологи боловсруулж, тоног төхөөрөмжийг нь хийгээд түлээний модоор иргэд, малчдад зориулан гурван байшин барьж, өдгөө тэд дөрөв дэх жилдээ ая тухтай амьдарцгааж байна.
Ойн цэвэрлэгээгээр гарч байгаа модыг эхнээс нь зөв ангилан ялгаж гуалинг зүсэж ашиглахын сацуу, бүдүүн сургаагийг (14-20 саа) зорж дүнзэнцэр болгон хуваагаад тал дунзээр барьсан байшин босгосон юм. Харин үүнд тэнцэхгүй түлээний модыг хэрчим болгон хөрөөдөөд “Корд байшин”-гийн хана, шалыг нь хийж болно.
 
 
 
Мөчир гишүүг бутлаад цавчдас (щипа) болгож арболит блок буюу маш дулаан, хөнгөн чанартай ханын материал бий болгоно. Ингэж модны нөөцийг үртсийг нь хүртэл хаялгүй ашигласан арга туршлага бэлэн байна. Модыг ингэж ашиглавал 64 сая унангийн ганцхан хувийг л ашиглахад 30 000 айлын сууц барих боломж байгаа юм.Ойн энэ их нөөцийг ашиглан хөдөө аж ахуй, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих хэрэгтэй.
 
 
 
 
Наанадаж ойн сан бүхий орон нутгийн малчид, иргэдийн орон сууцын нөхцөлийг сайжруулах, фермер, аж ахуй, жижиг үйлдвэрийн байруудыг барихад болно. Цаашилбал, тал хээр, говийн сумуудыг модон материалаар хангах зэргээр эдийн засаг хүнд байгаа өнөө үед хямд өртөг, зардлаар ахуй амьдралаа сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх өргөн боломж бий. Мөн цавчдас (щипа)-ыг уурын зуухны түлшинд ашиглавал цэвэр эко түлш болно. Бидний муу хэлээд байгаа хуучин тогтолцоо буюу социалист нийгмийн үед оросуудын Монголд барьж өгсөн Хялганат зэрэг модны томоохон үйлдвэрүүдийн уурын зуухнууд бүгд цавчдас ашиглан ажилладаг байсан юм. Үүнийг ажил хэрэг болгохьга тулд БОАЖЯ-ныхан илүүтэй анхаарал хандуулж, ойн нөхөрлөлүүдийн чадавхыг сайжруулж, үзүүлэх сургууль, сургалт зохион байгуулах, ойн судалгаа, зохицуулалт хийх, орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, тоног төхөөрөмжүүдийг дотооддоо үйлдвэрлэх зэрэг боддого, зохицуулалтын арга хэмжээ авбал үр дүнд хүрнэ.
Арваад жилийн өмнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хорх уулын арын ой түймэрт өртсөн. Гэвч түүнээс хойш энд ойн цэвэрлэгээ хийсэнгүй. Одоо энэ уулын ар тэр чигээрээ морьтой хүн ч явах боломжгүй, хөндлөн гулд унасан унангид дарагдаж, моддыг ашиглахаар авах ч юм үлдсэнгүй. Үйрэн, хамрын тамхи шиг болжээ. Уг нь энэ уулын ард үе улиран нутагласан 10 гаруй айлын өвөлжөө байдаг юм. Гэвч тэдгээр айлынхан ядаж матынхаа хашаа, хороог тов хийтэл янзлаад авчихсан нь үгүй. Учрыг асуухад, “Энэ уулнаас нэг “Портер” мод авбал шоронд орохоос наагуур юм болно шүү дээ” гэж байв. Энд хүн, байгаль хоёр хоёулаа хохирч хоцорчээ. 2019 онд энэ уулын урд аманд ойн цэвэрлэгээ хийхээр тендерт шалгарсан тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага ажиллажээ. Тэд хүнд даацын автомашинуудынхаа дугуйгаар газрын хөрсийг там болтол сэндийчиж, нойтон мод огтлон орон нутгийн захиргааныханд хөөгдөн буцсан байгаа юм. Энд байгаль нь сүйдэж, хүн нь хэрэгт холбогдож, бас л хоёулаа хохирчээ. Үүний балгаар Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 2020 онд ойн цэвэрлэгээ нэг удаа хийсэнгүй. Ингээд ойг цэвэрлэхгүй үлдээж болдоггүй, цэвэрлэе гэхээр хэрэгт орчих гээд байдаг. Энэ мэт жишээгээр ойг зөв цэвэрлэж, зохистой ашиглаж чадаагүйн хор уршиг харагдах юм. Зүй нь энэ их баялгийг зохистой цаг хугацаанд нь авч ашигласан бол ойр орчмых нь ард иргэдийн амьдрал дээшилж, байгаль нь ч цэвэрхэн, одоо тэнд 10 гаруй настай зулзаган ой ургаж байх байлаа.
 
Уг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт найман сая шоо метр унанги хатсан мод бий гэсэн судалгаа байдаг юм. Энэ ойгоо зөв цэвэрлээд, зохистой ашиглаж чадвал тус сум төдийгүй, Төв аймгийн урд тал хээрийн бүсийн сумууд ойн баялгийн өгөөжийг хүртэж, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэн, малчид, иргэдээ тохилог сууцаар хангах боломж бүрэн дүүрэн бий.
Ийм бололцоо хангайн бүх сумд байгаа. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд төр, төсвөөс мөнгө төгрөг хэрэггүй. Зөвхөн аймаг, сумын удирдлагын санаачилгатай, үр бүтээлтэй, бодитой зохион байгуулах ажил л чухал. Ер нь орон нутгийн иргэд байгалиа хамгаалахын тулд бурууг үл тэвчин, шүгэл үлээх үзэл бодол гүн шингэж зөв, бурууг ялгаж салгадаг болчихсон. Харамсалтай нь, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагынхан нь төр, захиргааныхны нэрийг барьж, орон нутаг, ард иргэдийн санал зөвлөгөө, хяналтыг үл тоон байгальд зохисгүй халдаж буйгаас үл ойлголцол, зөрчил үүсээд байна. Уг нь мэргэжлийн байгууллага цэвэрлэгээ үнэхээр шаардлагатай болсон ойг сонгон тэнд нутгийн удирдлага, малчид, иргэдтэй зохицон хамтран ажиллаж, орон нутагт өгөхийгөө өгөн, авахыгаа авч, хамгийн гол нь байгальд тус нэмэртэй, сөрөг нөлөөгүй, зөв цэвэрлэгээ хийгээд гарч байгаа нөөц баялгийг хаягдалгүй технологиор бүрэн ашиглах хэрэгтэй. Мөчир, гишүүг хол тээвэрлэхэд алдагдалтай байдаг учир ой цэвэрлэж буй мэргэжлийн байгууллагуудад нүүдлийн анхан шатны боловсруулалт хийдэг (щипа, корд байшингийн бэлдэц) гаргадаг тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. БОАЖЯ энэ чиглэлээр судалгаа, туршилт хийж, сургалт зохион байгуулан орон нутгийн ойн анги, нөхөрлөлүүдийг чадвахжуулж үр бүтээлтэй ажиллуулах нь зөв санагдана. Үүнийг дагаад ойн цэвэрлэгээ хийхэд мөрдөж буй одоогийн журамд өөрчлөлт оруулбал илүү үр дүнд хүрэх юм. Байгаль орчны сайд, холбогдох албад үүнийг уншаад ажил хэрэг болгох санааг нь хэрэгжүүлээсэй. Социалист нийгмийн үед бол хэрэгжүүлэх ёстой зорилго, бүтээлч санаачилгуудаа эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллага, эрдэмтэн мэргэжилтнүүдэд даалгавар болгож өгөн хэрэгжүүлдэг сэн.
 
 
Инженер Л.Санжаасүрэн