sonin.mn
НЬЮ-ЙОРК. /NHK/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийсэнтэй холбогдуулан яаралтай хуралджээ. АНУ, Япон зэрэг улсуудын хүсэлтээр даваа гарагт хийсэн хуралдааны үеэр Барууны орнуудын төлөөлөгчид БНАСАУ-ыг Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн шүүмжилсэн байна.
 
БНАСАУ өнгөрсөн пүрэв гарагт Япон тэнгис рүү пуужин харвасан бөгөөд түүнээс нэг хоногийн дараа “Hwasong-17” пуужинг “харвах сургуулилалт” хийсэн гэдгээ мэдэгдсэн юм.
 
АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хуралдааны үеэр Хятад, Оросыг Аюулгүйн Зөвлөлд саад учруулж байна гэж буруутгаад, тэд “Пёньяныг ямар нэгэн шийтгэлгүйгээр баллистик пуужин хөөргөхийг дэмжиж байна” гэж мэдэгджээ.
 
Мөн тэрбээр БНАСАУ-аас Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг дагаж мөрдөхыг шаардсан мэдэгдэл гаргах санал дэвшүүлсэн байна.
 
Японоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Шино Мицүкогийн хувьд АНУ-ын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд үүргээ биелүүлэхийг гишүүн орнуудад хандан уриалжээ. Харин Хятад, Оросын талууд АНУ-ын саналыг эсэргүүцсэн бөгөөд Хятадын төлөөлөгч уг саналыг бүтээлч биш хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр бүс нутгийн хурцадмал байдал даамжирч байгаад Солонгосын хойгийн эргэн тойронд явуулж буй АНУ-ын цэргийн сургуулилалтуудыг буруутгажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг