sonin.mn
ТОКИО. /NHK/. Японоор аялж буй жуулчид хэлний бэрхшээлийг арилгаж, хүссэн газраараа аялж зугаалахад илүү амар хялбар болгох технологийн дэвшлийн үр өгөөжийг улам их мэдрэх болжээ. 
Тухайлбал, Японы “Toppan” хэвлэлийн компанийн шинэ дэлгэц нь харилцан яриаг шууд орчуулдаг байна. Мөн хэрэглэгчдэд нүдний харц, биеийн хөдөлгөөнийг ажиглахад туслахын тулд дэлгэцийг нэвт харагддаг байдлаар бүтээжээ.
 
 
 
Энэхүү систем нь англи, хятад зэрэг 15 хэлээр орчуулга хийх чадвартай бөгөөд ирэх зургаадугаар сараас худалдаанд гарах төлөвтэй байна.
 
 
 
“Toppan” компанийн төлөөлөгч Носака Томоаки ярихдаа, “Цар тахал намжиж байгаатай холбоотойгоор Японд ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Жуулчдад хэлний бэрхшээл тулгарахаас сэргийлэхийн тулд бид илүү олон дэлгэц суурилуулах хүсэлтэй байна” гэв.
Мөн жуулчдын аяллыг технологийн тусламжтайгаар хөнгөвчилж буй өөр нэгэн жишээ нь Японы такси дуудлагын “Go” аппликейшн болон Хятадын компаниудын хамтарсан үйлчилгээ юм. Үүний үр дүнд Хятадын жуулчид өөрсдийн хятад хэлээрх аппликейшнээрээ дамжуулан такси дуудах боломжтой болжээ.
“Go” аппликейшнийг хариуцдаг Япон “Mobility Technologies” компани мөн БНСУ болон Зүүн Өмнөд Азийн компаниудтай дээрхтэй ижил тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд цаашид бусад зах зээл дээрх компаниудтай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа ажээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг