sonin.mn
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-г 2020 оноос албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн.
 
 
 
Энэхүү гэрээний хүрээнд “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагаас Мөрдөн байцаах албаны байранд насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах “Хүүхдэд ээлтэй” өрөөг тохижуулж өнөөдөр /2023.02.07/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
 
 
 
Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч дарга Узра Зэяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ричард Буанган, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Батсуурь, “Азийн сан” Олон Улсын байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг болон “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын байгууллага болон Азийн сангийн төлөөлөгч нар оролцлоо.
 
 
 
Тодруулбал, 2022 онд “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авах өрөөг тохижуулж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм.
 
Цагдаагийн байгууллагаас хүүхдэд ээлтэй өрөөг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснээс хойш давхардсан тоогоор насанд хүрээгүй 275 хүнээс мэдүүлэг авч ажилласан байна.
 
“Хүүхдэд ээлтэй” өрөөг бий болгосноор хүний эрх, эрх чөлөөг хангах, түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон, өртөж хохирсон насанд хүрээгүй хүүхүүдээс мэдүүлэг авахад сэтгэл зүйн дарамт учруулахгүй, эерэг, найрсаг, аюулгүй харилцаа тогтоох орчин бүрдүүлсэн, хэргийн шуурхай байдал, бодит үнэнг тогтооход чухал ач холбогдолтой билээ.