сонин mn
Тав хоногийн өмнө Америкийн Колорадо мужийн нэгэн шөнийн цэнгээний газарт буутай этгээд халдсан хэрэг гарч, 5 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан юм. Ер нь АНУ-д сүүлийн гурван жил дараалан галт зэвсэгтэй халдлага хийсэн хэрэг 600 гаруй удаа гарч байгаа аж. "Буу харлаа. Буун дуун ар араасаа сонсогдож, маш аймшигтай байсан" гэж Колорадогийн буудлагаас амьд үлдсэн Майкл Андерсон ярьж байв. 
АНУ-ын завсрын сонгууль саяхан өндөрлөж, галт зэвсгийн хүчирхийллийн асуудал олны анхаарлыг ихээр татсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хүчирхийллийн "тахал"-ыг заавал зохицуулна хэмээн мэдэгдсэн. Гэвч ар араасаа дуугарсаар байгаа буун дуу "Америк маягийн тахал"-ыг улам эрчимжүүлсээр байгааг илтгэж буй юм.
 
АНУ-ын хүн ам дэлхийн нийт хүн амын 4.2 % ч иргэдийн хэрэглэдэг галт зэвсэг дэлхийн 46 %-ийг эзэлдэг.
 
Мөн АНУ-д галт зэвсгийн хүчирхийллийн улмаас нас барах түвшин бусад өндөр хөгжилтэй орнуудынхаас хамаагүй өдөр байдаг. АНУ-ын "Галт зэвсгийн халдлагын архив" сайтын сүүлийн үеийн мэдээллээс харахад, 11-р сарын 21-ний өдрийн байдлаар энэ онд АНУ-д 39 мянга гаруй хүн галт зэвсгийн халдлагын улмаас амь насаа алджээ.
Үүний зэрэгцээ америкчуудын сэтгэл зүйд ч галт зэвсгийн халдлага ихээхэн нөлөөлдөг аж. АНУ-ын CT Mirror сайтад бичсэнээр Америкийн олон газарт дараалсан их хэмжээний буутай халдлагын хэрэг гарсны улмаас сэтгэл санааны гутрал, айдас түгшүүрт автах залуу үеийнхэн ихээхэн нэмэгдэж, амиа хорлох эрсдэл ч улам ихэссэн байна. 
 
АНУ-д жил бүр амиа хорлож буй хүмүүсийн талаас дээш хувь нь галт зэвсгийн хүчирхийлэлтэй холбоотой гэж “US News & World Report” сэтгүүл тэмдэглэжээ. 
 
Олон нийтийн шахалтаас үүдэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны 6-р сард "хоёр намын зөвшилцсөн хувилбар" гэх галт зэвсгийн хяналтын тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан бол 7-р сард Цагаан ордон Америкийг илүү амар амгалан болгох төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр ирэх таван жилд 13 тэрбум ам долларын санхүүжилт хийн, 100 мянга гаруй цагдааг ажилд авах, сургалтад хамруулахад  зарцуулна. 
АНУ галт зэвсгийн халдлагын"тахал"-д нэрвэгдэж байгаа ч жинхэнэ бодлогын "эмч" нь хараахан гарч ирээгүй байна. Өөрөө "хар дарсан муухай зүүднээсээ сэрж чадахгүй байна" гэж Колорадогийн шөнийн цэнгээний газарт болсон халдлагад өртсөн хохирогчийн гэр бүл болох  Астон хэлж байлаа.
 
Эрүүл амьдрах бол хүний хамгийн чухал эрх. Харин галт зэвсгийн халдлагыг үр дүнтэй таслан зогсоож чадах эсэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд АНУ-ын хүний эрхийг шалгах чухал хэмжүүр юм. Америкийн улс төрчдөд буун дууг зогсоох боломж байхгүй биш, харин энэ бүхнийг үнэнхүү шийдэх хүсэл байгаа  эсэхэд  асуудал бий. Галт зэвсгийн хүчирхийллийн иймэрхүү "Америк маягийн тахал"-ыг эмчилж чадах эсэх нь Вашингтоны улс төрчдийн ур ухаан мэдсэн хэрэг юм. 
 
н.Ренчинсоо