sonin.mn
Эдгээр өдрүүдэд монгол хүн бүр тусгаар тогтносон Монгол Улсын иргэн болж төрснөөрөө бахархан омогшиж буй нь дамжиггүй. Энэ бахархалт өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчинд бүл нэмсэн шинэхэн байлдагч нар эх орныхоо өмнө үнэнчийн тангаргаа өргөж буй давхар баяр басхүү тохиож байна.   
Ижий аавын эрх танхил хөвгүүд эрийн цээнд хүрч эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордож, ирсэн даруйдаа цэргийн анхан шатны сургалт бэлтгэлдээ хамрагдаж Цэргийн тангараг өргөснөөр тухайн ангидаа алба хаах, үүргээ гүйцэтгэх, эр цэргийн амьдралдаа эргэлт буцалтгүй орж буй нэг хэлбэр юм.  Цэргийн тангараг өргөх энэ л ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нь цэргийн алба хаагчдаас гадна, энэ албанд хайртай хүүгээ үдсэн ижий аав, ах эгч, найз нөхдийнх нь баяр бахдалыг төрүүлдэг юм. Тэрчлэн  эх орон, эр цэргийн алба хайртай хөвгүүдийг нь хэрхэн сурган дадлагажуулж, томоожуулан хүмүүжүүлж, хөгжүүлэн дэмжиж эх орны хүү болгон төлөвшүүлж буйг харуулдаг жамтай. 
 
Хэдхэн хоногийн өмнө Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон бөгөөд энд хүүгээ тангараг өргөхийг нь харан бахархан омогшиж, хүүгийнхээ шийдвэрт талархан зогсоо олны танил нэгэн эрхэм аргагүй содон байлаа. 
 
Тодруулбал “Жинжиймаа”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Миний нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг тайз болоод дэлгэцийн олон сайхан уран бүтээлд нэрээ мөнхөлсөн алаг нүдэн Ганаа буюу “Аримун” продакшны жүжигчин МУГЖ Д.Ганцэцэг юм. Түүний том хүү Б.Хангай 2021 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан тус ангид хуваарилагдсан бөгөөд ийнхүү ээж хүү хоёрын хүсэн хүлээсэн бахдалт өдөр тохиож ээж нь эх орны хүүгээрээ бахархан буй нь энэ юм.  Тэрээр цэргийн алба хаах саналыг анх хүүдээ тавьсан аж. "Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан их сургуулийнх нь хичээл цахим хэлбэрээр явагдана. Иймд эр хүн болсных миний хүү цэргийн алба хаагаад ирвэл ямар вэ. Эцсийн шийдвэрийг чи л гарга. Ямар ч шийдвэр гаргасан ээж нь түүнийг нь хүндэтгэнэ" хэмээн ярилцсан аж. Харин хүү нь гурван хоног тунгаасны эцэст цэргийн алба хаахаар шийдвэрлэснээ ээждээ дуулгажээ. Ингэж л товлосон өдөр нь цэрэг татлагын комиссоор орж тэнцээд олноо “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангиар овлогдох болсон гэнэ. 
 
Тухайн үед хүүгээ цэрэгт мордуулж буй ээжүүд уйлж байгааг хараад гавьяат маань өөрөө яагаад уйлахгүй байгаагаа гайхаж байснаа хуваалцав. Харин энэхүү тангаргийн баярын өдөр тэрээр нулимсаа нууж үл чадаж байв. “Өөдөсхөн жаахан байхаас нь өдий хүргэсэн эх хүний хувьд хүүгээ би хаанаас нь ч харсан таньдаг, мэддэг гэж бодож байтал орж ирээд яаж ч хичээгээд хүүгээ олж харж чадсангүй. Тэгээд арга ядахдаа хүнээр заалгаж хүүгээ олж харлаа шүү дээ. Хүүгээ үнсэхдээ би өлмийгөө өргөхөөр болчхож” зэргээр догдолсон сэтгэгдлээ хуваалцаж байв. Мөн тэрээр “Би хүүгээ хангалттай өндөр гэж боддог байлаа. Гэвч энд өндрөөрөө нэлээд доогуур байна шүү” хэмээн гайхан өгүүлэв. Эндээс үзвэл Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүссэн хэн бүхэн алба хаах боломжгүйг дурдах нь илүүц биз. “Хүү тань намхан л юм байна даа. Яаж яваад энэ ангид ирчих вэ” хэмээн тоглоом хийн яриа өдөхөд  “Өлмийгөө өргөж байгаад царайгаараа тэнцсэн юм” хэмээн хариу хошигнож байлаа. 
 
Мөн тэрээр хүүгээ албанд мордсоных нь дараа уулзах гэж, үгүйдээ утсаар ярих гэж хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч “Хүү тань одоо эх орны хүү болсон шүү дээ. Хэн дуртай нь зөвшөөрөл аваад утсаар яриад, уулзаад байдаггүй юм. Цэргийн ангиуд гэдэг чинь дүрэм журамтай газар” гэдэг товч бөгөөд тодорхой хариултыг хэдэнтээ сонсоод хэрдээ л гомдол тээж байсан гэнэ. Харин энэ өдөр хүүгээ хэрхэн өөрчлөгдөж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, ээж аавын олон сайхан хөвгүүдтэй мөр зэрэгцэн “Зэрэг” командаар алхаж, хэрхэн цэргийн хүн болж байгааг хараад өнөөх “боломжгүй” хэмээн хариу өгч байсан дарга нарт нь талархаж буйгаа хэллээ. Үүгээрээ цэргийн анги гэж ямар хатуу чанд дэг журам, сахилга баттай газар болохыг мэдсэний дээр ямар газар хүүгээ алба хаалгахаар мордуулснаа мэдэрч сэтгэл амарсан гэдгээ ч нуугаагүй юм.
Эцэст нь тэрээр “Ээж нь уран бүтээлээрээ ард олныхоо хүндэтгэлийг хүлээж, үр минь албаа нэр төртэй хааж ангийнхаа  удирдлага, онжавуудынхаа хүндлэлийг хүлээгээрэй. Миний хүү ээжээрээ гоё, ээж нь эх орныхоо хүүгээр гоёё” хэмээн захисныг ийн уламжилж байна. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй ийм л ээж, ийм л хөвгүүд олон байгаасай. 
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин