sonin.mn

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” ордонд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд шинэ залуу үеийн бөхчүүд хүч түрэн орж ирэхээс гадна туршлагатай “акул”-ууд амжилтаа бататгаж, ширүүн өрсөлдөөн үзүүлсэн юм. Ингээд тэмцээний онцлох жингүүдийн тухай мэдээллийг тоймлон хүргэе. 


 М.Мөнхгэрэл анх удаа улсын аваргад түрүүллээ



“Буянт-Ухаа” спорт цогцолборт төрийн дуулал эгшиглэж, үзэгчдийн уухайн дуу цуурайтсаар энэ жилийн УАШТ эхэлсэн юм. Уламжлал ёсоор хамгийн хөнгөн буюу эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн барилдаанууд энэ өдрийн салхийг хагалсан. Монгол бөхчүүдийн хувьд олон улсын тэмцээнд оролцохдоо ихэвчлэн бага жинд амжилт үзүүлсэн байдаг. Тиймээс ч энэ жин хамгийн өрсөлдөөнтэйд тооцогддог.


Эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жингийн Монголын шилдэг тамирчны нэг нь яахын аргагүй гавьяат тамирчин Г.Отгонжаргал билээ. Тэрбээр олон улсын тэмцээнд оролцож буй учир энэ удаагийн УАШТ-нийг өнжсөн. Харин түүний залгамж халаа болсон, шинэ үеийн тамирчид энэ жинд хүч түржээ.


Тодруулбал, Өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл цэргийн дэлхийн аварга, “Mongolia open” тэмцээний хүрэл медальт Б.Мөнхнарыг 5:0-ээр буулган авч, насанд хүрэгчдийн Улсын аваргад анх удаа түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд энэ жингийн шилдгүүдийн нэг Ц.Намуунцэцэгийг хожсон. Харин Ц.Намуунцэцэгийг хувьд, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Аваргууд академи”-ийн Ч.Номинг цэвэр ялж, медалийн тавцанд гарахаар болсон.


Ийнхүү 50 кг-ын дараа эмэгтэйчүүдийн 65 кг-ийн барилдаанаар эхний өдрийн тэмцээн үргэлжилсэн. Тус жингийн финалд “Аваргууд академи”-ийн Т.Энхжин “Цаст тайга” клубын Д.Түмэнхүслэн хоёр үлдэж, жинхэнэ гал гарсан барилдаан болж, танхимд цугласан үзэгчдийг өндөлзүүлсэн. Ийнхүү Т.Энхжин 8:2-оор ялж, энэ жингийн нэгэн хүчтэй өрсөлдөгч болсноо улсын аварга болж баталлаа.


Тэрбээр 2022 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа ороод хоосон хоцорсон бол өнгөрсөн жил анхны хүрэл медалиа хүртсэн. Харин энэ жил урамтай барилдаж, учраа бүрээ ялж, медалийн өнгөө сольж амжсан нь энэ билээ. Т.Энхжин энэхүү амжилтаараа ААШТ-д Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Харин 65 кг-ын хүрэл медалийг “Алдар-2” багийн Н.Нархажид, “Аваргууд академи”-ийн 18 настай залуу тамирчин Э.Аззаяа нар хүртлээ.


М.Лхагвагэрэл УАШТ-д таван барилдаан хийж, нийт 45 оноо авав

 

Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн барилдаанууд эхэлсэн. Энэ өдөр салхийг хагалж, 61 кг-ын аваргууд тодров. Тодруулбал, насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцсон 18 настай А.Даваадорж “Аваргууд академи”-ийн Н.Ганцоожид 2:1-ээр хожигдож явсан ч цаг дуусахтай уралдан бүхэл дөрвөн оноогоор унагаж, хүрэл медаль хүртлээ. Харин алтан медалийг “Хилчин” клубын тамирчин Г.Наранхүү зүүсэн юм. Харин олимпын жин болох эрэгтэйчүүдийн 86 кг-ын шигшээ барилдаан олны анхаарлыг татаж байв. Финалд тус жингийн хүчтэй өрсөлдөгч нар болох Б.Бат-Эрдэнэ, Н.Батбилгүүн нар үлдсэн юм. Барилдааны турш илүүрхсэн Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгчөө 7:0 харьцаатайгаар ялж, улсад гурав дахиа түрүүлэхээс гадна олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.


Харин Н.Батбилгүүний хувьд ААШТ-д өрсөлдөнө. 86 кг-ийн жинд хүрэл медалийг “Хилчин” клубын Г.Төрболд, “Алдар” спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж нар хүртсэн байна. Монголын чөлөөт бөхийн хүнд жинд цойлон гарч ирж буй шилдэг тамирчдын нэг нь улсын заан М.Лхагвагэрэл гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл 125-кг-ын жинд хүч үзсэн гавьяат маань энэ жил бэлтгэл сайтай байгаагаа баталж, жиндээ аваргын алтан медалийг зүүлээ


. Тэрбээр аваргын төлөө “Ганьт” клубын бөх, аймгийн начин Б.Одгэрэлтэй финалдсан. М.Лхагвагэрэлийн хувьд 2020 оноос хойш УАШТ-д “босоо” байгаа юм. Тэрбээр энэ жилийн УАШТ-д таван барилдаан хийхдээ нийт 45 оноо авч, ердөө хоёрыг алджээ. Одоо түүнийг олимпын эрхийн төлөөх хариуцлагатай тэмцээн хүлээж байна. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Х.Болортуяа таамаг эвдлээ. Чөлөөт бөх сонирхогчид тус жинд Б.Хонгорзулыг түрүүлнэ гэсэн таамаг байсан. Тэгвэл өнгөрсөн жил 59 кг-д аварга болж байсан Х.Болортуяа жин буурч, 57 кг-ийн жинд Б.Хонгорзултай финалдаж, 0:6-гаар хоцорч явсан ч шаргуу нэхсээр 7:6 болгон илүү гарч, улмаар даралтаар цэвэр ялсан юм. Олимпын шагналт байрын эзэн Б.Хонгорзулын хувьд ДАШТ-ий медальт Э.Даваачимэг, Э.Гантуяа нарыг дараалан ялж, шигшээд шалгарсан ч давуу байдлаа хадгалж чадалгүй ялагдаж, мөнгөн медаль дээр бууж байна.


Хоёр аваргын халз барилдаан

 

Чөлөөт бөхийн УАШТ-ий хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд буюу 62 кг-ын жинд өрнөлөө. Энэхүү өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж, ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэлсэн.Ийнхүү барилдаан өндөрлөхөд 20 гаруйхан секунд үлдсэн байв. Энэхүү эгзэгтэй мөчид дэлхийн аварга П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргаж ялалтын нэг оноо авч амжсан юм. Шүүгчид С.Цэрэнчимэд аваргыг дэвжээнээс зугтаж гарсан үндэслэлээр торгосноор П.Орхон 8:7-гоор ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд энэ жил 22 дахь удаагаа УАШТ-д зодоглож буй гавьяат тамирчин О.Бурмаа мөнгөн медаль хүртэхэд танхимд цугласан үзэгчид түүнд халуун алга ташилтаар баяр хүргэж байсан юм.


Тэрбээр олон залуу бөхчүүдэд урам зориг өгч, өөрөөрөө үлгэрлэж яваа энэ цагийн шилдэг бөхчүүдын нэг яахын аргагүй мөн юм. Жилээс жилд өрсөлдөөн нь ширүүсэж, олон улсын тэмцээнүүдэд ч амжилт гаргаж буй жин бол эрэгтэйчүүдийн 65 кг билээ. Тус жингийн сүүлийн жилүүдийн мөнхийн өрсөлдөгчид нь “Хүч”-ийн Т.Тулга, “Алдар”-ын Ц.Цогбадрах нар юм.


Уламжлал ёсоор тэд энэ жилийн улсын аваргад ч финалдав. 2022 оны УАШТ-д Ц.Цогбадрах өрсөлдөгчөө ялж, аваргалсан бол өнгөрсөн жил Т.Тулга хариугаа аван түрүүлж байв. Харин энэ жилийн хувьд ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явах тун хариуцлагатай барилдаан байсан тул өрсөлдөөн ширүүхэн өрнөж, Ц.Цогбадрах 4:2-оор ялалт байгуулсан юм. Ингэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий гурав дахь алтан медалиа хүртэв. Ийнхүү энэ жилийн чөлөөт бөхийн УАШТ өрсөлдөөн ихтэй өрнөж, тэмцээний эцсийн дүн гарахад медалийн чанараар “Алдар” спорт хорооныхон тэргүүлж, аваргын цомыг өргөсөн юм.



Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин