Дорно, Өрнийн аугаа их соёлын хэлхээ эртний Торгоны замаас музейн дипломат бодлогод шилжсэн түүхэн өдрүүд
Бадамлянхуа цэцгийн дэлбээт суудалд заларсан Ногоон Дара-Эх хязгааргүй уудам алсын чинадад бус, харин энэхүү орчлонгийн амьд бүхний зовлон гуниг, хүсэл баярыг анхааран сонсох мэт ухаалаг, зөөлөн харцаа чилээжээ. Бэлхүүсээ ялдамхан хотойлгож, зүүн ташаандаа жингээ ачаалж үл ялиг хазгай суусан нь аниргүйн гүнд үл үзэгдэх амьд хэмнэлийг шингээнэ.
Араас нь тольдоход ч биеийн тэнцвэр, ташааны зөөлөн эргэлт, нурууны шугам, мөчдийн байрлал төгс зохицлийг хадгалах бөгөөд энэ нь зөвхөн урдаас нь харж баясах хөрөг бус, орон зайд бүх талаас нь болгоох сонгодог баримал болгон сэтгэсний гайхамшиг билээ.
Тавиун магнай, нуман хөмсөг, ухаалаг алаг нүд, үл мэдэг инээмсэглэсэн уруул бүхэн тус тусдаа бие даасан өгүүлэмжтэйгээс гадна нийлээд нэгэн цогц амар амгаланг цогцлооно. Толгойн чимэглэл, ээмэг, зүүлт, бугуйвч, шагайн чимэг хийгээд эрдэнийн бүс нь түүний сүр жавхланг улам тодотгож, уян налархай шугам, дотоод амгаланг тодруулжээ. Нимгэн өмсгөлийн цаанаас биеийн хэлбэр мэдрэгдэх авч, ичгүүрт нандин биеийн ил задгай илэрхийлэл бус, ариун тансаг чанар давамгайлна. Хүний бие өөрөө гоо сайхныг тээгч бөгөөд тэрхүү гоо сайхан нь энэрэл нигүүлсэл, амар амгалангийн илэрхийлэл байж болохыг тунхагласан нь дундад зууны гоо зүйн явцуу ойлголтыг үндсээр нь өөрчилсөн билээ.
Гурван зууны тэртээ Дорно дахинаа Өндөр гэгээн Занабазарын урласан энэхүү хосгүй нандин хүрэл цутгамал бүтээл 2026 оны нэгдүгээр сард Италийн Ром хотын Боргезе музейд зохион байгуулагдсан “Занабазар: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү” үзэсгэлэнгээр дамжин Европын үзэгчдийн хүртээл болсон түүхтэй.
Энэ нь Занабазарын уран бүтээлийг Европ тив, тэр дундаа сэргэн мандалтын өлгий нутаг Италид анх удаа танилцуулсан явдал байв. Ромоос Турин хотноо үргэлжилсэн уг үзэсгэлэнд Ногоон Дара-Эхээс гадна Өндөр гэгээний өөрийнх нь хөрөг баримал дэлгэгдсэн билээ.

“Занабазар: Монголоос дэлхийн барокко урлаг руу” үзэсгэлэнд үзүүлсэн Ногоон Дара-Эх
Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Боргезе Галерейн захирал, профессор Франческа Каппеллетти: “Бид Занабазарыг барууны үзэгчдэд зүгээр л Азийн нэгэн чадварлаг уран барималч гэж танилцуулахыг хүсээгүй. Харин Бернини Ромд шинэ урлагийн хэв маягийг бүтээж байх тэр цаг үед, дэлхийн нөгөө өнцөгт түүн шиг өөрийн уламжлалыг эвдэж, цоо шинэ гоо зүйн дэг сургуулийг тунхагласан агуу уран бүтээлч байсныг харуулахыг зорьсон юм. Занабазарын бүтээлүүд гантиг чулуу шиг хатуу биш, харин хүрлийг хүний биеийн амьд амьсгал мэт зөөлөн харагдуулж чадсан нь биднийг үнэхээр бишрүүлсэн” хэмээн өндрөөр үнэлж байжээ.
Торгоны зам өнөөдөр бараа бус үзэл санааны урсгал тээсээр байна
Италид зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс хойш хэдхэн сарын дараа Чингис Хаан Үндэсний Музейд Сэргэн мандалт болоод Барокко урсгалын сод төлөөлөл болох Италийн хоёр суут бүтээлчийн эх бүтээлийг тольдох түүхэн завшаан Монголын үзэгчдэд тохиолоо. Бид эртний Торгоны замыг ихэвчлэн тэмээн жин, торго, хатуу эдлэл сольдог худалдааны сүлжээ мэтээр төсөөлдөг. Гэвч ЮНЕСКО-гийн соёлын өвийн судалгаагаар уг зам нь бараа таваараас илүүтэйгээр шашин, мэдлэг, уран дархны арга барил, гүн ухааны үзэл санааг түгээх гол гүүр байсныг баталдаг. Эрт цагт хаад хоорондоо элч, зарлиг, захидлаар харилцаж байсан бол өнөө үед энэ хэлхээ урлаг, эрдэм шинжилгээ, музейн ховор сан хөмрөгөөр дамжин сэргэж буй нь энэ юм.
Есдүгээр сарын сүүлчээр Чингис Хаан Үндэсний Музейд үүдээ нээсэн уг үзэсгэлэнг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрлэжээ. Нэрийн учир холбогдлын тухайд Чингис Хаан Үндэсний Музейн захирал, академич С.Чулуун:
“Торгоны замаар холбогдож ирсэн Монгол, Итали хоёр орны түүхэн хэлхээ холбоог бид өнөөдөр музейн хамтын ажиллагаагаар бодитой үргэлжлүүлж байна. Эрт цагт манай хаад Ромын паптай захидлаар харилцаж байсан бол өнөө цагт бид эрдэм шинжилгээ, музейн ховор сан хөмрөгөөрөө харилцаж байна. 2024 онд Караважогийн бүтээлийг, 2026 оны эхээр Занабазарын бүтээлийг Ром, Туринд хүргэсэн бол одоо Рафаэл, Бернини хоёр Улаанбаатарт морилж ирлээ. Энэ бол зөвхөн үзэсгэлэн биш, соёлын дипломат бодлогын томоохон алхам юм. Их далайн сав нутагт хөгжсөн гайхамшиг уудам Монголын тал нутагт анх ирж байгааг бэлгэдэн би энэ нэрийг сонгосон” хэмээн тайлбарласан юм.

Чингис Хаан Үндэсний Музейн захирал, академич С.Чулуун
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Боргезе Галерейн захирал, профессор Франческа Каппеллетти өмнөх өдөр нь Чингис Хаан Үндэсний Музейгээс монголын их хаадаас Ромын папад илгээж байсан түүхэн захидлуудыг үзсэнээ дурдаж, хоёр орны хамтын ажиллагаа нь зөвхөн өнөөдрийн үзмэр солилцоо бус, зуун зууныг дамжсан улс төр, соёл, шашны гүн гүнзгий хэлхээс болохыг онцлов.
Барокко урлагийн тэсрэлт “Нептун”

Занабазарын Ногоон Дара-Эх дотоод бясалгал, намуун амар амгаланг илэрхийлдэг бол Жиан Лоренцо Бернинигийн хүрэл цутгамал “Нептун” огт өөр ертөнцийг бидний өмнө дэлгэдэг.
Далайн эзэн бурхан Нептуны нөмрөг нь салхинд дэрвэж, сэгсгэр үс, арзгар сахал нь далайн хүчит давалгаанд норж хийссэн мэт атираа бүрээрээ чичирхийлэн үзэгдэнэ. Үс, сахлын ширхэг бүр нь түүний догшин, захирангуй араншинг илтгэх аж.
Далайн бурхан баруун мутартаа барьсан гурван салаат сэрээгээ доош хүчтэй зоохоор бэлтгэхдээ цээжин биеэ мушгин эргүүлж, хоёр хөл дээрээ бат зогсжээ. Түүний нуруу, цээж, хөлийн хүчирхэг булчин зангирч, судас нь гүвгэрэн тодорно. Өмнө нь очиход Нептун яг одоо сэрээгээ хатган, далайг орвонгоор нь эргүүлэх гэж буй мэт сүр хүч, түгшүүртэй агшин мэдрэгдэнэ. Хөл дор далайн гахай дуулгавартайяа орших нь баримлын орон зайн хэмнэлийг улам баяжуулжээ. Сэргэн мандалтын үеийн баримлууд тайван төлөвт оршдог бол Барокко урлагийн сод мастер Бернини үйл явдлын яг тэсрэлттэй агшныг ийнхүү барьж авч чадсанаараа ялгардаг. Урлаг судлаачид энэхүү бүтээлийг сүр жавхлант дүрслэл буюу Барокко урлагийн гадагшаа чиглэсэн тэмцэл, дайчин эрч хүчийг хамгийн тодоор харуулсан сонгодог жишээ хэмээн дүгнэсээр иржээ. Бернини болон Занабазар нар нэгэн цаг үед өрнө, дорно этгээдэд зэрэгцэн туурвиж байсан бол эртний их гүрний түүхтэй Монгол, Итали хоёр улс өнөөдөр ийнхүү соёлын хэлээр дахин холбогдож байна.
Сэргэн мандалтын оньсого болсон “Хөрөг”
Үзэсгэлэнд дэлгэгдсэн нөгөө нэг бүтээл нь аугаа зураач Рафаэл Сантид хамааруулдаг “Хөрөг” хэмээх модон хавтан дээр тосон будгаар зурсан бүтээл юм. Италийн Сэргэн мандалтын урлагийн түүхэнд Леонардо да Винчи, Микеланжело Буонарроти, Рафаэл Санти нарыг “Их гурвал” хэмээн нэрийддэг билээ. Тэд барууны дүрслэх урлагийн хөгжлийг олон зуун жил тодорхойлсон бөгөөд 2017 онд Лондоны Үндэсний галерей энэ гурван суутны хамтарсан үзэсгэлэнг гаргахдаа Өндөр Сэргэн мандалтын ноён оргилууд хэмээн тодорхойлсон байдаг. Өргөн хар малгай, бараан хувцас, алсын байгалийн сүүмэлзсэн бараа... Энэ бүх бараан дэвсгэр дундаас нэгэн эрийн царай нам гүмхэн тодрон гарч ирнэ.
Тэрээр бидэн рүү эгц ширтэхгүй, толгой нь үл мэдэг хажуу тийш хандсан атлаа харц нь огт өөр зүгт тогтжээ. Хэн нэгнийг хүлээж байна уу, эсвэл далд ертөнцийг чагнана уу гэдэг нь тодорхойгүй. Энэхүү өчүүхэн зөрүү л хөргийн амьд чанар, нууцлаг уур амьсгалыг бүрдүүлдэг байна.
XVI зууны эхэн үед хамаарах энэхүү хөрөгт дүрслэгдсэн хүн болон түүнийг хэн зурсан нь өнөөг хүртэл бүрэн тайлагдаагүй. Гэвч энэ тодорхойгүй байдал нь бүтээлийн үнэ цэнийг бүдгэрүүлээгүй, харин ч урлаг судлалын хоёр зууныг дамнасан халуун мэтгэлцээнийг өдөөжээ. Зургийн энгийн зохиомжийн цаана дүрслэлийн нарийн тооцоолол бий. Хар малгай, бараан хувцас нь цээж хэсгийг хавтгай мэт харагдуулах авч нүүрний хэсэг нэн бодитой, гүн эзлэхүүнтэй мэдрэгдэнэ. Дух, хацар, хамар, уруулын заагт гэрэл зөөлөн шилжиж, арьсны өнгөний нарийн ялгаа нь амьд төрхийг бүтээнэ.

Боргезе Галерейн каталогт “Нүүрний гурван хэмжээст бодит дүрслэл нь бараан хувцаснаас үүдэх хавтгай, хүнд мэдрэмжтэй хүчтэй эсрэгцэл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, зураач хүний нүүрийг зөвхөн биеийн нэг хэсэг болгон зураагүй, харин бүх зохиомжийн гол цөм болгон тодотгосон” хэмээн онцолжээ.
XIX зууны сүүлчээр Италийн урлагийн түүхч Жованни Морелли хөргийн эзний нүдний “амьд” чанар, арьсны өнгөний боловсруулалтыг шинжилсний үндсэн дээр уг бүтээлийг Рафаэлийнх мөн хэмээн баталсан байдаг. Улмаар 1911 онд уг бүтээлд сэргээн засварлалт хийж, өмнөх будгийн давхаргуудыг арилган, малгай болон үслэг хувцасны зарим хэсгийг зассанаар өнөөгийн дүр төрхөндөө оржээ.
Хоёр өөр хүч, соёлын дипломат бодлого
Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета энэхүү үзэсгэлэнг “Торгоны замын мөрөөр үргэлжилж буй соёл хоорондын уулзалт, Итали–Монгол, Өрнө–Дорнын амьд яриа” хэмээн тодорхойлсон. Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудастаа ч “соёлоор дамжуулан Торгоны замыг дахин бүтээж буй мэт үйл явдал” гэж тэмдэглэснийг Италийн хэвлэлийн тэргүүлэх ANSA агентлаг Европ даяар дамжуулжээ.
Үзэсгэлэнгийн дэглэлт, үзэл баримтлалын онцлогийн талаар Чингис хаан Үндэсний музейн төслийн куратор, урлаг судлаач Ж.Дархижав “Бид зөвхөн хоёр бүтээл харуулахыг хүсээгүй. Урлагийн түүхэн дэх хоёр өөр философи, хоёр өөр “хүч”-ийг харьцуулахыг зорьсон.
Үзэсгэлэнгийн танхимд орж ирсэн хүн эхлээд Бернинигийн Нептунтай нүүр тулна. Энэ бол Барокко урлагийн илэрхийлэл буюу гадагшаа чиглэсэн хурц хөдөлгөөн, биеийн булчингийн чангарал, далайн шуурга шиг түрэмгий эрч хүч. Харин түүнийг тойроод Рафаэлийн хөрөг рүү очиход танхимын уур амьсгал огцом өөрчлөгдөнө. Рафаэлийн “Хөрөг” бол дотогшоо чиглэсэн хүч, Сэргэн мандалтын өгүүлэмж, амар амгалан юм. Үзэгч гадаад эрч хүчнээс дотоод сэтгэлийн тэнцвэр рүү шилжих тэр сэтгэл зүйн огтлолцлыг бид бий болгосон. Монголын үзэгчид энэ ялгааг маш гярхай ажиглаж байгаа нь сайшаалтай” хэмээн онцлон ярилаа.
Чингис Хаан Үндэсний Музей монголын өвийг дэлхийн тайзнаа толилуулахын сацуу дэлхийн сонгодог урлагийн соруудыг монгол түмэндээ, хойч үедээ эх хувиар нь дэргэдээс нь хүргэх соёлын дипломат бодлогыг ийнхүү амжилттай хэрэгжүүлж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр академич С.Чулууны хэлсэнчлэн, Рафаэлийн нүд эртний тал нутгийг тольдон харсан эсэхийг бид үл мэдэх ч, өнөөдөр Монголын залуу үе дэлхийн сонгодог урлагийн нүд рүү ширтэн зогсож байна. Олон зууны тэртээх оюун санааны Торгоны зам өнөөдөр ийнхүү дахин шинэ өнгөөр амиллаа.
Ц.Чимэддондог
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 10 сарын 16,
2026
Сэтгэгдэл0