Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор "Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй" нөлөөллийн арга хэмжээг эхлүүлсэн. Ховд аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна. Тус аймагт зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудлын талаар тус аймгийн прокурорын газрын хүний эрх, нийтийн ашиг сонирхол хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Э.Алтанцэцэгтэй ярилцлаа.
Ховд аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг хэчнээн үйлдэгдсэн бэ? Ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ?
Ховд аймаг нь газар нутгийн хувьд байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ашигт малтмалын нөөц ихтэй. Тэр дундаа амьтны аймгийн хувьд маш баялаг бөгөөд ховор, нэн ховор амьтад ихтэй. Газар нутгийн онцлогоос шалтгаалаад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг буурахгүй байна. Нийт гэмт хэргийн 5 орчим хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Ховд аймгийн прокурорын газраас сүүлийн 3 жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг 79 хэрэгт хяналт тавьсан байна. Сүүлийн 2026 онд гэхэд л 36 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 80 хувиар өссөн байна. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон хууль бусаар ан агнах гэмт хэргүүд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт гэмт хэргийн 90 хувийг эзэлж байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 40 гаруй хувь нь хууль бусаар ан агнах гэмт хэрэг байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл юу байна вэ?
Ховд аймаг нь газар зүйн хувьд өвөрмөц онцлогтой. Үүнтэй холбоотойгоор ховор ан амьтад ч ихтэй. Алтайн өндөр уулс, говь хээр, гол мөрөн, нуур, ус намгархаг газар зэрэг экологийн харилцан адилгүй орчин нь аргаль, янгир, хар сүүлт, зэгсний гахай зэрэг уул болон хээрийн амьтад, мөн усны болон нүүдлийн шувууд, загасны төрөл зүйлийн амьдрах орчин болдог онцлогтой.
Ховд аймгийн хэмжээнд хууль бусаар ан агнах гэмт хэрэг сүүлийн 3 жилийн байдлаар 32 бүртгэгдсэн. Үүнээс ховор амьтан болох зэгсний гахай 9, алтайн сугас загас 6, аргаль 5, хар сүүлт 4, хойлог шувуу 3, янгир 2, хотон шувуу 1, бор галуу 1, тарвага агнасан 1 гэмт хэрэг гарсан байна.
Иргэд нэн ховор болон ховор амьтны жагсаалтад багтсан амьтдыг агнаж, улмаар мах, тэдгээрийн түүхий эдийг хадгалж, тээвэрлэх, бусдад худалдсан, худалдан авсан зэргээр уг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Ихэнхдээ ахуйн хүрээнд болон ашиг олох зорилгоор хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэж байна.
Мөн нэн ховор болон ховор амьтны жагсаалтад ямар амьтад багтдаг талаарх ойлголт бага, эдгээр амьтны эд эрхтэн худалдан борлуулсан бол хүлээлгэх хуулийн хариуцлага, гэмт хэргийн улмаас үүдэн гарах үр дагавар, байгаль экологид учрах хор уршгийн талаар ойлголт, мэдээлэл бага байгаа нь дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлж байна.
Ховд аймаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг ихтэй. Энэ газарт хууль бусаар ан агнах тохиолдол хэчнээн гардаг вэ? Ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ?
Хууль бусаар ан агнах гэмт хэргийн дийлэнх нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйлдэгдсэн байна. Ховд аймаг нь Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар, Хөх сэрхийн нурууны дархан цаазат газар, Цамбагарав уулын, Мянган Угалзатын, Мөнххайрхан уулын байгалийн цогцолборт газрууд, Шарга манханы, Алтан хөхийн, Сутай хайрханы, Булган голын байгалийн нөөц газар зэрэг улсын тусгай хамгаалалттай газар нутагтай. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан төдийгүй энгийн элбэг тархацтай зээр, тарвага зэрэг амьтдыг ч зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн дагуу хууль бусаар ан агнах гэмт хэрэгт хамаардаг. Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсэд амьтныг сүргийн бүтцийг зохицуулах, нутагшуулах, судалгаа шинжилгээний зориулалтаар мөн халдварт өвчний голомтыг устгах зорилгоор агнахыг зөвшөөрдөг.
Иргэд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх, мөн ховор, нэн ховор амьтны жагсаалтад орсон зэгсний гахай, аргаль, янгир зэрэг амьтныг агнах тохиолдол гарч байна. Хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 5.4-40 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 1-8 хүртэл жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.
Мөн дан ганц эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй амьтны аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах, Амьтны тухай хуульд зааснаар тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож гаргуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, техник хэрэгслийг хурааж улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай. Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн нэг хэргийн тухайд сэрэмжлүүлэг болох үүднээс хэлбэл, 2025 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр “Цагаангол” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ховор амьтны жагсаалтад орсон нэг тооны зэгсний зэрлэг гахай, нэг тооны аргалийг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан хэрэг гарсан. Хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд 7 сая төгрөгөөр торгох ял, байгаль орчинд учруулсан хохиролд 55.7 сая төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Иргэд тусгай хамгаалалттай газар нутагт ихэвчлэн аялал жуулчлах зорилгоор зорчдог. Ингэхдээ тухайн бүс нутагт хууль бусаар ямар ч төрлийн ан амьтан агнаж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хүрээлэн байгаа орчны эсрэг хэчнээн хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн бэ?
Ховд аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 56 хүнд холбогдох 29 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Шүүхээс 21 хүнд торгох ял, 20 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, 2 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял, 1 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 66 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. Хууль бусаар ан агнах, мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох зэрэг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль орчинд хор хохирол учирч байдаг. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад 21 төрлийн 551.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий техник, тээврийн хэрэгслийг битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах замаар хөрөнгө хамгаалах арга хэмжээ авч, шүүхээр 149.3 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг улсын орлого болгохоор шийдвэрлүүлээд байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын газраас ямар арга авч ажиллаж байна вэ?
Ховд аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар Ховд аймгийн Засаг дарга болон Жаргалант сумын засаг дарга нарт прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн.
Мөн иргэдийн байгаль, орчноо хайрлан хамгаалах талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль эрхзүйн үр дагаврыг тайлбарлан хүргэх зорилгоор орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж мэдээллийг тогтмол хүргэж байна.
Мөн хууль бусаар ан агнах, байгалийн ургамлыг хууль бусаар түүх бэлтгэх зэрэг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага, зурагт хуудсыг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олноор үйлчлүүлдэг худалдаа, үйлчилгээний төвүүдийн мэдээллийн самбарт байршуулж, иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг тогтмол явуулж байна. Эцэст нь хэлэхэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад иргэдийн оролцоо маш чухал гэдгийг онцолмоор байна. Хууль бусаар ан агнахгүй байх, ховор амьтдыг хамгаалах, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бус үйлдлийг мэдээлдэг байх, байгальд ээлтэй хандлага төлөвшүүлж, хүрээлэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай иргэн байхыг уриалж байна.
Баасан - 10 сарын 16,
2026
Сэтгэгдэл0