Японы Айчи мужийн Нагояа хотод үргэлжилж буй Азийн зуны спортын ХХ наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 55 кг-д “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Х.Билгүүнсайхан хүрэл медаль хүртлээ.
Манай тамирчин эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д Бангладешын тамирчин Ахмед Уцобыг хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялсан. Улмаар хүрлийн төлөөх барилдаанд Тайландын Кангпи Бохунтодыг мөн шүүгчдийн саналаар 5:0-ээр буулган авснаар медалийн болзол хангасан юм. Тэгвэл өчигдөр медалийн өнгө хувиргах тулаандаа Японы Рүи Ямагүчитай өрсөлдөж шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагджээ. Ингэснээр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болов. Түүний хувьд Монголын багийн дөрөв дэх медалийг авч байна. Тэрбээр боксчдынхоо Азийн наадмын медалийн буухиаг тасалсангүй.
Х.Билгүүнсайханы хувь Японы тамирчинд хоёр тэмцээнд дараалан ялагдлаа. Үүнээс өмнө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Аса арена”-д болсон боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд хоорондоо таарахад Рүи Ямагүчи манай тамирчныг ялснаар Азийн аварга болж, Х.Билгүүнсайхан мөнгөн медаль хүртэж байв. Монголын боксчид Азийн зуны спортын ХХ наадамд зургаан тамирчнаа илгээхэд дөрөв нь медалийн төлөө тулалдаж, нэг хүрэлтэй тэмцээнээ дуусгалаа.
Пүрэв - 10 сарын 01,
2026
Сэтгэгдэл0