sonin.mn

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа. 

Хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн, бие бялдарыг хөгжүүлэх, спортоор дамжуулан бөхийн хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний бөхийг бэлтгэх сургалтыг тасралтгүй явуулах, бөхийн залгамж холбоог үргэлжлүүлэх, нийгэмд нөлөөлөх эерэг хандлагыг нэмэгдүүлэх, талуудын мэдээлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан хувь нэмрээ оруулах, хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулав.


Анх Монголын Пионер сурагчдын ордон 1958 онд үүсэн байгуулагдсан үеэс эхлэн Монголын үндэсний бөх, чөлөөт бөхийн спортын сургалт хичээллэж эхэлсэн түүхтэй. 


Өсвөр үеийн хүүхэд багачуудын дунд монгол бөхийн хөгжлийг дэмжих, залгамж үеийг бэлтгэх зорилгоор Бөхийн өргөөний их танхим болон Биеийн тамир спортын улсын хороо, Спортын төв ордны бөхийн зааланд Монголын хүүхдийн ордны үндэсний бөхийн дугуйланг хичээллүүлэхээр боллоо. 



 



Нийслэлийн 2021-2025 оны үндсэн чиглэлийн хүрээнд орчин үеийн спортын олон улсын стандартад нийцсэн усан бассейн, жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх, таеквондо, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, бадминтон, иог, уран гимнастик, уран нугаралт зэрэг сургалт мэргэжлийн таатай орчныг бүрдүүлэхээр олон улсын стандартад нийцсэн Спорт цогцолбор барихаар төлөвлөж байгаа юм байна.