sonin.mn

Эмин Гусейнов Морис Торезийн нэрэмжит Москвагийн гадаад хэлний багшийн дээд сургуулийн орчуулагчын ангийг онц дүнтэй төгссөн бөгөөд түүнд аль хэдийн аспирантурт үлдэх нөхцөл хангагдчихсан байв.


Гэвч сонгон шалгаруулах комиссын хурал болохын өмнө нэгэн ахмад хүн түүн рүү ойртож ирээд нэрийн хуудсаа өгч эелдгээр: "Эмин Меджидович, бидэнд таны мэдлэг, оюун ухаан хэрэгтэй байна. Маргааш арван цагт залгана уу. Таныг нөөц дэслэгчийн хувьд анхаарч үзнэ байна гэж найдаж байна!" гэж хэлжээ. Ийнхүү франц, англи, турк хэлний орчуулагч дэслэгч Гусейнов ЗХУ-ын КГБ-ын "А" (шинжилгээ, таамаглал) хэлтэст ажиллаж эхэлсэн бөгөөд тэнд тэрбээр “Нууц”, “Маш нууц” гэсэн зэрэглэлийн бичиг баримтуудтай ажиллах шаардлага гарч дараа нь тэдгээр бичиг баримтууд төр засгийн дээд удирдлагуудад хүрдэг болжээ.


Эмин гайхаж: "КГБ-д миний хэлний мэдлэг хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой, гэхдээ ухаалаг байх үүнд ямар хамаатай юм бэ? Магадгүй тэд намайг өөр газар шилжүүлэх талаар бодож байгаа юм болов уу?" гэж боджээ. Ингээд удалгүй түүнийг КГБ-ын нэгдүгээр ерөнхий газрын (гадаад тагнуулын) "С" (суурин тагнуулчдыг бэлтгэх) хэлтэст дууджээ.


"С" буюу суурин тагнуулчдыг бэлтгэх газрын орлогч дарга, хошууч генерал Н.Эминийг Лубянкад хүлээн авч уулзан “Кремлийн” жигнэмэгтэй цайгаар дайлангаа “ерөнхийдөө, нөхөр дэслэгч бид таныг бүр оюутан болсон үеэс л судалсан бөгөөд таныг гадаад улсын иргэний халхавчин дор суурин тагнуулын албанд ажиллахад тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн”г эж шууд мэдэгджээ.


Бид таныг сонгохдоо юуны өмнө та их сургуулийн сонирхогчдын театрын тайзан дээр янз бүрийн дүрд амжилттай тоглодог байсан тул сонгосон. Харин тагнуулч хүнд ихэвчлэн янз бүрийн дүрд хувирч, ямар нэгэн хүний ​​дүрд тоглох шаардлагатай болдог.


Тиймээ, ерөнхийдөө бидний ажил яг жүжигтэй төстэй, гэхдээ зөвхөн театрын тайзан дээр биш, харин бодит амьдрал дээр ямар нэгэн дубляж, фон, алга ташилт, цэцэггүй тоглодог гэжээ. Таны намтарт гадаад хэлийг төгс эзэмшсэнээс гадна ойрын ирээдүйд гадаадад тодорхой даалгавар гүйцэтгэх илүү сайн нэр дэвшигч олдохгүй гэдгийг бидэнд итгүүлсэн эерэг үйл явдлууд олон бий...


-Мэдээж эцсийн шийдвэр таных хэвээр байх болно гэж генерал түүний тулгалтанд эргэлзсэн Эминий нүүр рүү ширтэж,


-Гэхдээ миний санал болгож буй зүйл хэрэгжихгүй байж магадгүй. Тиймээс хариулт өгөхөөсөө өмнө сайн болон эсрэг талуудыг сайтар тунгаан бодож, шийдвэрээ маргааш мэдэгдээрэй. Өө, бас нэг зүйл. Миний саналын талаар хэн нэгэнтэй зөвлөлдөхийг би хатуу хориглож байна! гэв.


-Уучлаарай, нөхөр хошууч генерал, юм асууж болох уу?


-Тэг тэг. Асуу асуу.

- Нөхөр генерал, намайг ямар бичиг баримтаар хангах вэ, тэр нь хэр найдвартай вэ?


Генерал инээмсэглэв.


-Эрхэм Эмин Меджидович, надад итгээрэй. Танд өгөх бичиг баримтууд бол таны ирээдүйн гадаадад амьдрах хамгийн найдвартай хэсэг байх болно... Таныг Москвагийн ойролцоох нэгэн нууц баазад жил хагас суралцах үед манай “гуталчид” (суурин тагнуулчдад зориулсан бичиг баримтуудыг бэлтгэдэг мэргэжилтнүүд) таны ажиллах гэж буй улс орны хамгийн туршлагатай криминалистикчид, цагаачлалын албаны түшмэлүүд ч хүртэл өө сэв харж гоочлохооргүй тийм “халдашгүй дархан” бичиг баримтаар хангаж өгнө гэв.


Нэг хундага архи ба "Ноён Тохиолдол"


Том Парисын өмнөд хэсэгт байрлах «ЭНИГМА» улсын химийн үйлдвэрийн ажилчид түргэн хоолны газрын шинэ эзэн итали эр Анжело Бевилаквад дорхноо сэтгэл дотно болжээ. Тус үйлдвэрийн захиргааны өндөр албан тушаалын түшмэдүүд ч хүртэл энэ түргэн хоолны газарт орж ирээд ганц хоёр хундага кальвадос хөнтөрч, нэг шил баварийн шар айраг уух бөгөөд үйлчлүүлэгчид энэхүү итали эрийг маш сайн харилцагч гэж үзжээ.


Анжелогийн амарч, инээхийг хүссэн хэн бүхэнд чөлөөтэй бэлэглэдэг байсан шавхагдашгүй онигоо, хошин яриа тэдэнд маш их таалагддаг байжээ. 


Гэхдээ хамгийн гол нь хурдан хоолны газрын эзэн (КГБ-ын файлд "Мулла" гэж нэрлэдэг тагнуулын ажилтан) хүссэн аль ч хүнд хугацаагүй зээлийн үйлчилгээ нээгээд дуртай хоолоо идэж, уу, дараа нь мөнгөтэй болохоороо буцааж төлбөрөө хийчихээрэй гэдэг байв. Удалгүй уг хурдан хоолны газарт байнгын үйлчлүүлэгчид бий болов. Анжело тэдний заримтай хөл бөмбөгийн дур сонирхлын улмаас нөхөрлөх болсон бөгөөд тэдний дунд үйлдвэрийн цехийн мастер, “ЭНИГМА” хөл бөмбөгийн багийн дасгалжуулагч Марсель Дюфрэ байв. Тэрбээр нэгэн удаа Анжело хөл бөмбөг хэрхэн уран дамжуулж байгааг хараад түүнийг хөл бөмбөгийн багийн нөөц багт бүртгэж авчээ. Нэг удаа Дюфрэ Анжелод хандан автомашины “РЕНО” концерны хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийх үед өвчтэй байгаа тоглогчийн оронд тоглож өгөхийг гуйжээ. "Мулла" ажилтай завгүй хэмээн татгалзаж эхэлтэл гэнэт хажуунаас нь тэнд байсан “ЭНИГМА” багийн хаалгач Жан-Мари Дерожи гэгч Марселийн хэлснийг дэмжив.


Жижигхэн Франц ресторан


Мулла Дерожийг аль эртнээс анхаарч ажиглаж байжээ. Түүний биеэ авч яваа байдал болон тэрбээр үргэлж үнэтэй хоол, унд захиалан иддэгийг нь бодоход энэ инженер тус үйлдвэрийн элит хэсэгт багтдаг байв. Дерожийн зан байдалд "Мулла"-ын анхаарлыг татсан өөр нэг зүйл нь тэр инженер савхин цүнхнээсээ хэзээ ч салдаггүй явдал байжээ. Ширээнд суугаад хооллож байхдаа ч, баарын дэргэдэх өндөр сандал дээр сууж хундага Мартель дарс хөнтрөхдөө ч түүний цүнх үргэлж өвөр дээр нь байдаг байв!


“Арай, энэ цүнхэнд Дерожи миний олж авахаар энд зорьж ирсэн тэр юмыг авч явдаг юм биш байгаа. Гэхдээ яаж үүнийг тодруулах вэ” гэж тагнуулч боджээ.


Тэгээд ноён “Тохиолдол” буюу энэ бүх тагнуулчдад харамгүй туслагч түүнийг тэвчээртэй байсных нь төлөө шагнажээ. “ЭНИГМА”, “РЕНО” хоёр багын хоорондох хөл бөмбөгийн тоглолт болохын урьд орой нь Дюфрэ хоолны газарт залхуутай нь аргагүй алхсаар орж ирэв. 


Тэрбээр орооцолдсон хоолойгоор хоёр хундага орос архи нэхэхэд “Чамд асуудал гараа юу? гэж Анжело сэртэсхийн асуув.


Хариуд нь Марсель зөвхөн гараа дохиод архиа нэг амьсгаагаар ууж, аттестатчиллын комисс цалингийн нэмэгдлийн талаархи түүний хүсэлтийг дахиад л хүлээж авсангүй хэмээн чангаар харааж гарав.


- Чөтгөр ав гэж! Хэрэв чи Францын төлөө ажиллавал ядуу гуйлагчингаараа хоцроно, харин АНУ-ын төлөө ажиллавал саятан болно гэж Дюфрэ хашгирлаа.

-Тэгээд тэр саятангууд чинь хэн юм бэ? - гэж Анжело сэм асуув.


Хэн гэж! Манай хаалгач инженер Жан-Мари Дерожи л байхгүй юу! Америкчуудын захилгаар тэр тэдний сансрын хөлгүүдэд зориулж ямар нэг маш нууц материалыг өгдөг. Түүнийхээ шанд шуудай шуудайгаар мөнгө ууталдаг.


Тэр түүнийгээ цүнхэндээ үргэлж авч явдаг, тэр ч байтугай түүнээсээ жорлонд байхдаа ч салдаггүй юм гэв.


-"Нөгөө сая сая мөнгөтэй цүнхтэйгээ юу”? гэж тагнуулч огт тоосон шинжгүй асуусан хэрнээ, өөрт нь ямар гоё аз тохиож байна вэ гэж бодохоос дотор нь шатаж байв.


-Үгүй, нөгөө материалууд! Гэхдээ би чамд юу ч яриагүй шүү! Чшш! гээд хуруугаараа амаа дарав. "Мулла" тэр даруй ярианы сэдвийг маргаашийн тоглолтын сэдэв рүү чиглүүлж, тэр хооронд Марселийн хундаганд архи хундаглахаа мартсангүй.


Керамик хавтан ба Шаттлд зориулсан цавуу нэг цүнхэнд


Хөл бөмбөгийн талбайд гарахын өмнө "Мулла" хувцас солих өрөөнд саатсаар байв. Дерожи яг ямар шүүгээг ашигладаг болон, тэр цүнхээ авчрах эсэхийг олж мэдэх шаардлагатай байв. Тагнуулч инженер цүнхээ хувцас солих өрөөнд үлдээнэ гэдэгт итгэлтэй байсан бөгөөд мэдээж тэр цүнхтэйгээ хамт хаалга руу гарахгүй нь ойлгомжтой байв. Гэхдээ Дерожи түүнийг ажлын өрөөндөө үлдээж болох тул америкийн нууцыг хулгайлах магадлал тавь тавин хувь байлаа. Тоглолтын нэгдүгээр үе эхлээд арван минут болж байхад итали эр “РЕНО”-ийн багийн тоглогчоос бөмбөг авч байхдаа унаж, өвдгөө урж, цусаа гоожуулчихав. Тэр доголон хоёр багийн дасгалжуулагчдын сууж байсан индэр рүү дөхөв.


Тэр Дюфрэ рүү эргэж, “Өвгөөн өнөөдөр миний өдөр биш юм шиг байна... Надад хувцас солих өрөөний түлхүүр өгөөч! Тоглолтын дараа над дээр ороод гарахаа бүү мартаарай... Жаахан ууж сууцгаая. Хожсон болон хожигдсон багийн төлөө хамаагүй гэв!


Хөл бөмбөгийн тоглолтын дараа Анжело түргэн хоолны газартаа байсангүй. Дерожигийн цүнх бас алга болжээ. Тэр цүнхэнд Шаттлын их биеийг бүрхдэг керамик хавтан ба тэдгээрийг бэхлэдэг цавуу байжээ. 1988 оны арваннэгдүгээр сарын 15-нд Зөвлөлтийн “Буран” сансрын хөлөг анхны бөгөөд сүүлчийн нислэгээ сансарт хийж, Горькийн нэрэмжит Москвагийн соёл, амралтын хүрээлэнд газарджээ. Ингэж зөвлөлтийн суурин тагнуулч Америкийн олон дахин ашиглах зориулалттай Шаттл хөлгийн нууцыг олж авчээ.




Эх сурвалж: zvezdaweekly.ru

Ж.Батдорж