sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа гурван жилээ (1095 хоног) үдэж, 4 дэх жилдээ шилжиж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн ярилцлага, Трампын үйлдлийн талаар АНУ, Европын улс төрчдийн хэлсэн ярьсан, оросын “Энергия на шару” сайтын мэдээллээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.



Трампын түрүүчийн засаглалын үед Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний медалиар шагнуулж явсан америкийн генерал Жак Кин Трампын хадуурлыг залруулж ярьжээ. Зеленскийн рейтинг 4% дээр унаасан гэдгийг “57%” байна хэмээн бахдалтайя нэрлээд “Ерөнхийдөө Трамп Зеленский рүү дайрч давшилснаараа өөрийгөө бүрэн усан тэнэг бүр идиот гэдгээ харууллаа. Тэнэгтэхийг нь бүх Америк харлаа. Одоо Дональдад хоёрхон зам л үлдлээ. Нэг бол оросын агент, Путины найзаараа үлдэж айж чичирч суух, энэ нь мэдээж импичментэд заавал хүргэнэ; эсвэл Украинд нухацтайхан туслаж эхлэх, ийм л хоёр зам байна” гэжээ. 


Д.Трамп Цагаан ордонд эргэж ирээд нэг сарыг туулж, даян дэлхийг цочроосон мэдэгдэл, алхмуудаа дараалан хийж байна. Нэг сарын үр дүн нь энэ боллоо гээд “Энергия на шару” сайт алдааных нь жагсаалт гаргажээ. Үүнд: 1) АНУ-д инфляц зогссонгүй. 2) Европыг нэгтгэн нягтрууллаа. 3) Зеленскийн унаж байсан рейтингийг дахин өсгөөд өглөө. 4) Даян дэлхийн дарангуйлагчдыг өөгшүүллээ. 5) Путиныг зоригжуулж дайны гэмт хэрэг рүү нь улам түлхлээ. 6) Канад, Мексик гээд хил залгаа хөрш орнуудаа дайсан болголоо. Энэ бол Трампын эхний сарынх нь “амжилт!” гэжээ.




Сонгууль хийгээгүй дарангуйлагч, алиалагч хэмээн Трамп Зеленский рүү дайрсныг Чех улсын Ерөнхийлөгч Петр Павел ингэж няцааж украин андаа өмөөрчээ:–Орос нутаг дэвсгэрийнх нь 20%-ийг түрэмгийлээд эзэлчихсэн, тасралтгүй 3 жил дайн хийж байгаа нөхцөлд яаж сонгууль явуулах юм бэ? Олон сая хүн дүрвэсэн, оросын тагнуул туршуулууд, эх орноосоо урвагчид язганаж байхад яаж сонгууль хийхэв дээ. Аан!


Трампын яриад байгаа, сенсаац дэгдээгээд байгаа тэнэг үгсийг Оросын тусгай албанаас бэлтгэж өгдөг болсон хэмээн ёжлосон бичлэг, ярилцлага YouTube-д олон байна. “Трампын тэр 4% гэдгийг ярих гэж байгаа бол тэр чинь дезинформац гэдэг юм. Бидний ойлгож байгаагаар Оросоос очсон хуурамч мэдээлэл, хэрэв хэн нэгэн хүн яг одоо намайг солих гэж байгаа бол бүтэхгүй!” хэмээн чех андынхаа үгэнд зоригжсон Зеленский өөрөө хэлжээ.


Европын Холбоо болон НАТО-д Украиныг элсүүлэхээс нааш Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буухгүй гэдгээ Зеленский ARD-д өгсөн ярилцлагадаа мэдэгдэж:–Би Украинд энх тайвны төлөө юу ч хийхэд бэлэн байна. Мэдээж Орос надаас салахыг хүсч байгаа. Дайны эхэн үед хийх гэж оролдсон шигээ бие махбодийн хувьд биш гэлээ гэхэд улс төрийн хувьд миний эсрэг ямар нэгэн зүйл хийхийг оролдоно. Би бол Путины хувьд тун эвгүй хүн. Бид бие биенээ мэднэ. Хэрэв маргааш Украиныг Европын Холбоо, НАТО-д элсүүлчихвэл би хэрэггүй болно. Гэхдээ ийм явдал болтол би эх орноо хамгаалах болно. АНУ-ын дэмжлэггүйгээр Украин ялалт байгуулах нь гарцаагүй. Харин Путин биднийг эзэлж хэзээ ч чадахгүй!



Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда орос-украины дайны асуудал эрхэлсэн Трампын тусгай элч Кит Келлогийг Варшавт хүлээн авч уулзахдаа Украины эсрэг оросын бүрэн хэмжээний дайныг дуусгаж шийдвэрлэхийг Трампаас уриалан дууджээ. Аюулгүй байдлын асуудал зөвхөн Украин дахь нөхцөл байдалд тулгуурлана, харин Оросын үйлдэл польшийн аюулгүй байдлыг ч хөндөж байна. Трамп тийм эрс шийдмэг хүн юм бол байлдааны ажиллагааг зогсоож, тэр дундаа Украины эсрэг оросын түрэмгийллийг зогсоохыг харъя–Дуда хэлэв.


АНУ-ын Сенат, Төлөөлөгчдийн танхим, бүхэлдээ Америкийн нийгэм хөл хөдөлгөөн, хэл амтай байна. Трамп АНУ-ын язгуур эрх ашгаас урваж эхэллээ гэсэн сэдэв халуухан өрнөх маягтай. АН-ын бүлгийн удирдагч Чак Шумер АНУ-ын Сенатын хурлын нээлт дээр Трампыг хатуухан шүүмжлэв:–Трамп Путины суртал ухуулгыг тоть шиг давтаж байна. ОХУ-ын түрэмгийлэлд Трамп Зеленскийг буруутгаж байгаа нь жигшүүртэй хэрэг мөн. Трамп үнэнийг мушгин гуйвуулж байна. Украины зовлон дээр дулдуйдан Орост ашигтай хэлэлцээ хийх нөхцөл тавьж байхдаа Путины суртал ухуулгын үгсийг давтаж байгааг Ерөнхийлөгчөөсөө тэгж сонсох гэдэг ёстой ичмээр юм.


БНН-аас Конгресст сонгогдсон Дон Бэйкон:– Ерөнхийлөгчийн өнөөдрийн яриад байгаа шал буруу гэдгийг БНН-ын олон гишүүд мэднэ дээ. Энэ халдан түрэмгийллийг Путин эхлүүлсэн. Тэр бол дарангуйлагч. Тэр бүх өрсөлдөгчдөө алсан. Харин Зеленский бол хууль ёсоор сонгогдсон.  


Сенатч, БНН-ын зүтгэлтэн Рожер Уикер Путинтэй эхлүүлсэн хэлэлцээний талаар “Үгүй дээ, Путинд итгэж болохгүй, огт болохгүй. Тэр бол цэргийн гэмт хэрэгтэн, тэр бүх насаараа шоронд байх, эсвэл бүр цаазлагдах ёстой хүн” гэжээ.



Сенатч АН-ын зүтгэлтэн Ричард Блументал Трампыг ширүүхэн шүүмжлэв:–Ямар ертөнцөд бид амьдраад байна вэ? Бодит байдал, үнэнтэй огт авцалдахгүй, бүр үзэшгүй муухай юм биш үү? Цусаа урсгаж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, амиа өргөж байгаа тэр ард түмнээс Трамп үзэшгүй муухайгаар урваж, бүр бууж өгч байгааг харах гэдэг дэндүү харамсмаар юм. 

 

Нью-Йорк мужийн губернатор хатагтай Кэти Хокул хэвлэлийн хурал зарлаж:–Нью-Йорк нь 250 жил аль нэг хааны захиргаанд байгаагүй. Чөтгөр ав гэж. Одоо ч бид тэгэхийг хүсэхгүй байна. Хэрэв Та нар ньюйоркчуудыг мэддэг бол бид тэмцэнэ. Бид ухрахгүй, одоо ч тэр, хэзээ ч ухарч байгаагүй. Трамп хаан биш. Шүүх дээр уулзацгаая гэжээ.


“Трампад сануулах хэрэгтэй” гэсэн гарчгаар америкийн нэг сайтад:–Украин нь бие дааж Киев, Харьковын дэргэд оросын армийн томоохон атакийг няцааж чадсан. Тэгэхэд АНУ-д Украин хэдхэн өдрийн дараа ялагдана хэмээн маргаж шуугиж байлаа. Тэр цагаас хойш Украин улс маш хүчтэй болсон, цэргийн талаар ч, ялах хүртлээ байлдах зориг шийдмэгийн талаар ч хамаагүй бэхжсэн, үүнийг Трампад сануулмаар юм гэжээ. 


Аюулгүй байдлын асуудлаар Мюнхений бага хуралд Зеленский үг хэлэхэд бүгд түүнд алга нижгэнүүлэн удтал ташиж баяр хүргэхэд харин АНУ-ын Дэд ерөнхийлөгчид алга ташигч нь хуруу дарам цөөн байжээ. Бүр тооцоолжээ. Дэд ерөнхийлөгч Вэнсийг үг хэлэхэд 600 хүнээс гурван л хүн алга ташсан ба зарим нь түүний эсрэг үг хэлсэн гэжээ. Зеленский юу гэж хэлээд алга ташуулсан бэ? Алга ташсан гол үгс: 


- Оросын армийг Украины зэвсэгт хүчин зогсоож байгаа болохоос НАТО биш.

- Путин яг одоо сул дорой байна. Одоо л хамтарсан шахалт үзүүлэх ёстой. 

- Путин АНУ-тай хоёулханаа нүүр тулан ярилцахыг хүсч байна. Украингүйгээр Украины талаар шийдвэр гаргах огт боломжгүй.

- Америкгүйгээр аюулгүй байдлын баталгаа гаргана гэдэгт би бас итгэдэггүй.

- Дайныг бүр зогсоох гэж хэлэлцээний ширээний ард Оросын дарангуйлагч суухгүй, харин түр гал зогсоохыг хүсч байна. 

- Түүний хэлэлцээ нь Оросын эсрэг тавьсан олон улсын хоригийн зарим хэсгийг цуцлаж, тэгснээрээ Орос эргэж хүчирхэгжих боломж л олгоно. 

- Цаг нь ирлээ! Европ нэгдмэл зэвсэгт хүчинтэй болох ёстой.

- Европ дахь Украины арми л дайн байлдааны туршлагатай, Европын Холбоо дангаараа даван туулж чадахгүй тул бид нэгдэх шаардлагатай.

- Украин улс түншүүдтэйгээ хамтран сүүлийн нэг жилийн хугацаанд 1.5 сая орчим нисэгчгүй онгоц үйлдвэрлэсэн. Бид энэ салбартаа дэлхийд тэргүүлж байна гэжээ.


         Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь