sonin.mn

Францын нэрт зохиолч Александр Дюмагийн "Монте-Кристо гүн" романыг хүн бүхэн мэддэг. Гэвч Александр Дюма энэхүү гайхалтай зохиолоо жинхэнэ бодит хүний түүхээс санаа аван бичсэнийг хүн болгон тийм ч сайн мэддэггүй. Түүний хувь заяа уран зохиолын бүтээлд дүрслэгдсэнээс ч илүү эмгэнэлтэй байсан бөгөөд жинхэнэ Монте-Кристо гүнг Франсуа (мөн Пьер гэгддэг) Пико гэдэг байжээ.


Пьер Пико Францын Ним хотод орлого багатай гэр бүлд төрсөн бөгөөд тэрбээр залуу байхдаа гуталчин байжээ. Тэрбээр Маргарита Вигору хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэхээр бэлтгэж байжээ.


Харин баян айлын өв залгамжлагч болох үзэсгэлэнт Маргарита хөгжилтэй, эелдэг зантай энгийн гуталчинд дурласан бөгөөд гэвч хос хоёрын аз жаргалд атаархсан хүмүүс тэдэнд саад болохыг оролдсон байна. Пьер Пико дөрвөн найздаа удахгүй болох хуримынхаа тухай ярьсан бөгөөд харин Матье Луппиан хэмээх нэгэн найз нь түүний сүйт бүсгүйд нууцаар дурлаж, бүр түүнд ирэх өв хөрөнгийг өөрийн болгохоор санаархаж байжээ. Гэвч Маргарита ганцхан Пьерт хайртай байсан бөгөөд зөвхөн ямар нэгэн аймшигтай үйл явдал тэдний хуримыг үймүүлж болох байв. Тийнхүү Луппиан зальжин төлөвлөгөө зохиож, түүнийг хэрэгжүүлэхэд бусад нөхөд нь түүнд тусалсан байна. Харин тэдний нэг нь үүнийг хүсээгүй бөгөөд гэвч тэрбээр Пьерт энэ талаар юу ч хэлээгүй ажээ. Пикогийн хуучин найзуудын төлөвлөгөө нь түүнийг гүтгэх явдал байсан ба тэд францын цагдаагийн газарт Пьер бол үнэн хэрэгтээ язгууртан, Английн тагнуул гэсэн гүтгэлгийн чанартай захиа өгсөн байна.


Ийнхүү Пико яг хуримынхаа өдөр баривчлагдаж, Фенестрелл хэмээх цайзад долоон жил хоригдсон ба гурван жилийн турш Пьер яагаад баривчлагдсан болон түүнийг юунд буруутгаж байгааг ч мэдэхгүй байв.


Пико уг цайзад хоригдож байхдаа хажуугийн камерыг ухаж, жижигхэн гарц гаргасан бөгөөд тэрбээр тэнд Торри хэмээх Итали санваартантай танилцаж, хоёр хоригдол нөхөрлөжээ. Жилийн дараа Торри үхлийн өвчтэй болж, нас барахынхаа өмнө тэрбээр Миланд нуусан үнэт эрдэнэсээ Пикод гэрээслэн үлдээжээ. Удалгүй хаант засаг солигдож, Пико эрх чөлөөтэй болсон ба тэрбээр эдгээр эрдэнэсийг 1814 онд суллагдсаныхаа дараа олж авсан байна. Бүх дэлхий ертөнцөд өширхөж хорссон Пико шоронгоос гарахдаа зөвхөн өшөө авахаас өөр зүйл бодоогүй бөгөөд тэрбээр өөрийгөө лам гэж танилцуулан хуучин найз нарынхаа нэгийг олж, түүнийг гүтгэсэн тухай мэдээллийг асар өндөр үнэ төлөн мэдэж авчээ. Гайхалтай нь түүний хуучин найз Пьер Пиког огт таниагүй ба өшөө авах хүсэл нь Пьерийг бүрэн эзэмдэж, тэрбээр хуучин сүйт бүсгүй нь өөрийг нь английн тагнуул гэж гүтгэсэн Матье Луппиантэй гэрлэсэн болохыг олж мэджээ. Гэхдээ үзэсгэлэнт Маргарет Пьер Пиког буцаж ирнэ гэж хэдэн жил хүлээсэн бөгөөд өөрт нь ирсэн өв залгамжлалаараа ресторан нээсэн байв. Түүний зэрэгцээ уг газарт өөрийг нь гүтгэсэн нөгөө найзууд нь байнга очдог болохыг Пико олж мэджээ. Ингээд тэрбээр эгзэгтэй мөчийг тааруулан тэдний нэгийг зүрхэнд нь хутга зоож хөнөөн, нөгөөг нь хордуулж алсан байна. Түүний дараа гол урвагч болох Матью Луппианаас өшөө авах үлдсэн бөгөөд тэрбээр түүнийг бүрэн сүйрүүлжээ.


Матью Луппиан гэрлэх насны нэг охинтой байжээ. Пико оргон зайлсан нэгэн ялтныг язгууртны дүрд хувирган түүнийг хууран мэхлэх даалгавар өгч ингээд хуримын өдөр уг ялтан цагдаа нарт баригдан гол дайсны охин нэр төрөө гутаасан байна.


Дараа нь Пьер Луппианы рестораныг шатааж, түүний хуучин найз бүрэн дампуурсан бөгөөд гэхдээ энэ нь Пикогийн хувьд хангалтгүй байв. Тэрбээр Луппианы хүүгийн хувцсанд үнэт эдлэл хийж, түүнийг хулгай хийсэн гэж буруутгасан ба үүний дараа цагдаа нар залууг баривчилж, 20 жил шоронд хорьжээ. Маргарита түүний гэр бүлд тохиолдсон энэ бүх зовлон зүдгүүрийг даван туулж чадаагүй тул удалгүй нас барж, Пьер эцэст нь Луппианы амийг хөнөөжээ. Гэвч Пикогийн өшөө авалт удаан үргэлжлээгүй бөгөөд түүний эсрэг худал мэдээлэл бичихийг хүсээгүй хамгийн сүүлчийн найз нь түүнийг барьцаалсан байна. Асар том үнэт чулуун бөгж авсан шуналтай баян эр Пьер Пикод бүх эрдэнэсээ өгөхийг шаардсан бөгөөд гэвч тэрбээр юу ч хэлээгүй тул түүнд үхлийн шарх өгч гадагшаа зугтжээ.


Пьерийг цагдаа нар олсон бөгөөд тэрбээр нас барахаасаа өмнө өөрт тохиолдсон золгүй явдлынхаа түүхийг тэдэнд ярьжээ. Дараа нь Александр Дюма энэ тухай түүхийг олж мэдээд "Монте-Кристо гүн" хэмээх гайхалтай романыг бичсэн байна.


Гэхдээ албан ёсны эх сурвалжид энэ тухай мэдээлэл байдаггүй тул зарим түүхчид Пьер Пико гэдэг хүн үнэхээр байсан гэдэгт эргэлздэг болохыг тэмдэглэх хэрэгтэй юм.

Учир нь Пьер Пико болон түүний энэ бүх түүхийн тухай баримт бичиг хадгалагдаж байсан цагдаагийн бүх архив 1871 онд галд шатаж сүйдсэн байна.



Эх сурвалж: weekend.rambler.ru

Ж.Батдорж