![sonin.mn](/storage/news_images/173924585567aabeb7ee15a.png)
ЛОНДОН, 2025 оны хоёрдугаар сарын 11 /BBC/. “Эйнштейний цагариг” буюу галактикийн таталцлын нөлөөгөөр орон зай хэр хүчтэй гажуудаж байгааг харуулдаг сансар огторгуйн ховор үзэгдлийн зургийг “Евклид” сансрын дурангаар авчээ. Зураг дээр "NGC 6505" галактик нь төгс гэрлээр хүрээлэгдсэн гэрэлт цагариг мэт харагдана. Үнэн хэрэгтээ энэ нь "NGC 6505"-ын шууд ард нь байрлах өөр нэгэн галактикийн гэрэл бөгөөд уг гэрэл таталцлын нөлөөгөөр гажуудаж, тод цагариг үүсгэжээ.
“Энэ бол үзэсгэлэнтэй, ер бусын сэтгэл хөдөлгөм нээлт юм. Эйнштейний ийм төгс цагариг маш ховор тохиодог. Бид арынх нь галактикийг урд талынх нь галактикийн хүчтэй гажуудсан орон зай, цаг хугацаагаар харж байна" гэж Нээлттэй их сургуулийн одон орон судлаач, профессор Стивен Сержент ярилаа.
Эйнштейний цагариг бол хүчтэй таталцлыг томруулан харуулж буй линз гэсэн үг юм. Ийм линз дэлхийд маш ойрхон оршиж байгаа бөгөөд түүний байрлал нь зургийг маш үзэсгэлэнтэй болгон харагдуулж байгаагаараа онцгой" гэж Германы Макс Планкийн Одон орны физикийн хүрээлэнгийн судлаач Конор О'Риордан тайлбарлалаа. Тэрбээр энэхүү цагаригийн судалгааны талаарх анхны өгүүллийг бичжээ. Эйнштейний харьцангуйн ерөнхий онолд тодорхойлсноор, орон зай дахь асар том объектууд нь хажуугаар нь өнгөрч буй гэрлийг муруйлгадаг ба ингэснээр галактикууд нь аварга том томруулдаг шил шиг болдог. Эйнштейний цагариг бол одон орон судлаачдад маш чухал судлагдахуун юм. Учир нь өөр бусад тохиолдолд харагддаггүй объектуудыг харуулдаг байна. Түүнчлэн линзний үүрэг гүйцэтгэж буй галактикуудын массыг тооцоолох боломжийг олгодог ажээ.
Энэ тохиолдолд одон орон судлаачид "NGC 6505" галактикийн 11 орчим хувь нь хар материас бүрддэг гэж тооцоолжээ. Хар матери нь Орчлон ертөнцийн нийт массын багагүй хувийг эзэлдэг гэж үздэг атал уг галактикийн харьцангуй бага хувийг хар матери эзэлж байна.
“NGC 6505” галактик нь манай гаргаас 590 сая гэрлийн жилийн алсад оршиж байгаа бол цагариг хэлбэрээр харагдаж байгаа галактик нь 4.42 тэрбум гэрлийн жилийн зайд оршиж байгаа ажээ. Орчлон ертөнцийн нийт массын 95 орчим хувийг эзэлдэг хар матери болон хар энергийн нууцыг тайлах нь Европын сансар судлалын агентлагаас 2023 онд хөөргөсөн “Евклид” дуран авайн гол зорилго юм. Нэг тэрбум еврогийн өртөгтэй уг төслийн хүрээнд хамгийн өндөр нарийвчлалтай Орчлон ертөнцийн гурван хэмжээст газрын зургийг бүтээх ёстой.
“Евклид” дуран авай нь 10 тэрбум гэрлийн жилийн зайд орших галактикуудыг илрүүлж, Орчлон ертөнцийн тэлэлтийн хурдатгалыг маш нарийн хэмжих хүчин чадалтай тул одон орон судлаачдад хар материйн том хэмжээний тархалтын талаар дүгнэлт хийж, харанхуй энергийн нөлөөг тодорхойлох боломжийг олгоно. Энэхүү энерги нь бидний одоогийн ойлголтоор Орчлон ертөнцийн тэлэлтийг хурдасгадаг байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
14 тэрбум жилийн өмнө болсон анхны Их Тэсрэлтээс хойш Орчлон ёртөнцийн тэлэлт одоо 500 миллиард гэрлийн жилийн зайнд хүрсэн байх оо ! Энэ Эвклид дуран 10 тэрбум гэрлийн жилийн зайг л шинжих чадвартай юм байна гэхдээ л маш том амжилт шүү ! Хаббл дуран нарны аймгаас цаашихыг сайн харж чаддаггүй байсан тэрийг бодоход маш том амжилт ! Одоогоос 20 тэрбум жилийн өмнө буюу Их Тэсрэлтээс өмнө юу байсан талаар би бодоод бодоод нэг юм гадарлаад байдаг шүү ! Юу ч байхгүй байсан гэж хэлдэг юм билээ ! Тийм биш !