sonin.mn

РОМ, 2025 оны хоёрдугаар сарын 11 /AFP/. Жуулчдыг хот руу нэвтрүүлэх тасалбарыг цаашид худалдахаар шийдвэрлэснээ Италийн Венец хотын удирдлага даваа гарагт мэдэгджээ. Ингэхдээ өнгөрсөн онд хийсэн тасалбар худалдах туршилт нь олны хөл хөдөлгөөнийг бага зэрэг бууруулсан гэдгийг дурдсан байна.


Өнгөрсөн онд хотын түүхэн төв хэсэг рүү нэвтрэх тасалбарыг урьдчилан авах шаардлагыг жуулчдад 29 хоногийн хугацаанд тавьж байсан бол энэ онд 54 хоног болгож нэмэгдүүлэх ажээ. 


Венец хотод ийм туршилтыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хийж эхэлсэн юм. Ингэснээр жуулчид тодорхой өдрүүдэд тус хотод ирээд хонохгүйгээр буцах тохиолдолд таван еврогийн /5.15 ам.доллар/ “Венецэд нэвтрэх хураамж” төлөх ёстой. Тасалбар аваагүй хүмүүст 50-300 еврогийн торгууль ногдуулах бөгөөд нэвтрэх гол цэгүүдэд шалгалт хийж байна. Венец бол аялагч жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд олны хөлд хэт дарагдаж байгаад оршин суугчид дургүйцдэг. Оргил ачааллын үед 100 мянга орчим жуулчин хотод хоноглодог бол олон арван мянган жуулчин зөвхөн өдрийн цагаар ирээд буцдаг бөгөөд тэдний ихэнх нь аяллын хөлөг онгоцоор ирдэг ажээ. Венецийн эрх баригчдын шийдвэрийн гол зорилго бол хотын ачааллыг хэт өндөр болгож буй өдрөөр ирээд буцдаг жуулчдыг цөөрүүлэх явдал юм. Венец хот 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн билээ.


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг