![sonin.mn](/storage/news_images/173926628567ab0c8376258.jpeg)
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 11. /ТАСС/. Тестостерон дааврын түвшин өндөртэй эмэгтэй тамирчдыг эмэгтэйчүүдийн уралдаан тэмцээнд оролцуулахгүй гэсэн дүрмийн өөрчлөлтийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /World Athletics/ оруулахаар төлөвлөж байгаа тухай Ассошиэтед Пресс агентлаг мэдээлжээ.
Тус холбооны дүрмэнд 2018 онд оруулсан заалтын дагуу “тестостерон дааврын түвшин өндөртэй /нэг литрт 5 наномолиос ихгүй/ эмэгтэй тамирчид хоёр жилийн хугацаанд даавар дарангуйлах эмчилгээ хийлгэсний дараа World Athletics-ийн ивээл дор болдог тэмцээнүүдэд оролцох эрхтэй” ажээ. Харин одоо эмчилгээ хийлгэсэн эсэхээс үл хамааран тэдэнд трансжендер тамирчдын дүрэм үйлчилж магадгүй байна.
Үүнээс гадна 1990-ээд оны эхээр зогсоосон Ү хромосомын сорилыг сэргээхийг World Athletics санал болгожээ. Тус холбооны тэргүүн, ОУОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшин өрсөлдөж буй Себастьян Коугийн ярьснаар, дүрмийн шинэ өөрчлөлтүүд нь 13 мянга орчим тамирчны статусыг хөндөж магадгүй байна. Тэдний нэг болох Олимпын хошой аварга ӨАБНУ-ын тамирчин Кастер Семеня өөрийг нь тэмцээнд оролцуулахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн 2023 оны долоодугаар сард Европын хүний эрхийн шүүхэд хандсанаар заргаа авч байсан юм.
Одоогоор World Athletics тестостерон дааврын түвшин өндөртэй эмэгтэй тамирчдын асуудлаар хэлэлцүүлэг хийж байгаа бөгөөд гуравдугаар сард эцсийн шийдвэрээ гаргах ажээ. Хэрвээ шинэ дүрмийг баталбал трансжендер тамирчид ба тестостерон даавар өндөртэй эмэгтэй тамирчид хамтдаа нэг ангилалд өрсөлдөж магадгүй юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0