![sonin.mn](/storage/news_images/173925411867aad1bad4ab3.png)
ЛОНДОН, 2025 оны хоёрдугаар сарын 11 /FT/. Корпорацын үнэлгээ хийж, зөвлөгөө өгдөг Их Британийн “Brand Finance” компаниас дэлхийн шилдэг 100 гүйцэтгэх захирлын жагсаалтыг танилцуулжээ.
Жагсаалтыг Америкийн технологийн “Microsoft” компанийн гүйцэтгэх захирал Сатья Надела тэргүүлсэн бол “Apple” компанийн тэргүүн Тим Кук хоёрдугаарт эрэмблэгдсэн байна.
“Apple” компани 574.5 тэрбум ам.долларын үнэлгээгээр дэлхийн хамгийн үнэтэй брэндээр шалгарч, “Microsoft” 461.1 тэрбум ам.долларын үзүүлэлтээр удаалсан билээ. Шилдэг захирлуудын эхний тавд "Nvidia" корпорацын тэргүүн Женсен Хуан, Ferrari N.V. группийн тэргүүн Бенедетто Вигна, “Google” компанийн захирал Сундар Пичай нар багтсан бол зургадугаарт Илон Маск бичигдсэн байна.
Түүний эзэмшдэг “Tesla” брэндийн зах зээлийн үнэлгээ нэг жилийн хугацаанд 15 хувиар буурчээ. Өнгөрсөн оны жагсаалтыг тэргүүлэгч “Tencent -ийн захирал Ма Хуатэн 24 дүгээр байр руу ухарсан байна.
Шилдэг 100 гүйцэтгэх захирлын тоонд долоон эмэгтэй багтсан бөгөөд “Chanel” компанийн захирал Лина Найр жагсаалтын 19 дүгээрт бичигдсэнээр эмэгтэй гүйцэтгэх захирлуудаас хамгийн түрүүнд бичигджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0