sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 11 /BBC/. Америкийн тэрбумтан Илон Маск тэргүүтэй хөрөнгө оруулагчдын консорциум ChatGPT чатботыг бүтээгч OpenAI компанийг худалдан авахын тулд 97.4 тэрбум ам.долларыг санал болгожээ. Даваа гарагт уг технологийн компанийн “бүх хөрөнгийг” худалдан авах саналыг удирдах зөвлөлд нь хүргүүлсэн гэдгээ тэрбумтны өмгөөлөгч Марк Тоберофф  баталсан байна.


Энэхүү санал бол хиймэл оюун ухааны салбарын үсрэнгүй хөгжлийг тодорхойлж буй тус гарааны компанийн төлөөх дэлхийн хамгийн чинээлэг хүн И.Маск болон OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман нарын хооронд үргэлжилж буй өрсөлдөөний явцад хамгийн сүүлд сонсогдож буй содон мэдээ юм.


Уг саналын хариуд С.Альтман нийгмийн сүлжээний X платформд бичихдээ “Үгүй ээ баярлалаа, гэхдээ хэрэв та хүсвэл бид Twitter-ийг 9.74 тэрбум ам.доллароор худалдаж авах боломжтой” гэжээ. OpenAI нь хиймэл оюуны хэрэгслүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх, тус салбарт асар их хөрөнгө оруулалт хийсэн гэж олон нийт үнэлдэг. 


И.Маск, С.Альтман нар 2015 онд ашгийн бус компанийн хувиар OpenAI-ийг үүсгэн байгуулсан боловч 2018 онд Маск уг компанийг орхин явсны дараа тэдний харилцаа таагүй болжээ.


97.4 тэрбум ам.доллар гэдэг нь өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан хамгийн сүүлийн үеийн үнэлгээ болох 157 тэрбум ам.доллараас хавьгүй доогуур байгаа юм. Цаашдын санхүүжилттэй холбоотой хэлэлцээний явцыг ажваас одоо тус компани 300 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

 


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг