sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа (CBO) гурван жилээ (хоёрдугаар сарын 24 буюу хоёр 7 хоног үлджээ) үдэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/сайт, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн ярилцлага болон азербайжаны мэдээллээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

В.Зеленский британийн хоёр ч хэвлэлд ойр ойрхон 7 зүйлт ярилцага өгчээ. Англи сэтгүүлч Piers Morgan- тай хийсэн ярилцлагаас гол санааг товчлон сонирхуулъя:

 

  1. Дэлхийн III дайны тухай Opос, Иран, Хойд Солонгос л ярьж ёрлож байна. Тийм учраас тэднийг зогсоох ёстой.
  2. Путин бол алуурчин, террорист юм. Алуурчинтай ярилцана гэдэг Украины хувьд ч, соёлжиж иргэншсэн дэлхийн хувьд ч буулт хийнээ л гэсэн үг болно.
  3. Путин хэдэн арван мянган энгийн иргэдийг хөнөөсөн. Тэдний ихэнхи нь орос хэлтэн хүмүүс юм.
  4. Оросын төлөвлөгөөнд би ордоггүй. Яагаад гэвэл тэдэнд Киев дэх утсан хүүхэлдэй нь хэрэгтэй.
  5. Оросын хамгийн туршлагатай, цэргийн гол хүчнийг Украин устгасан. Тиймээс одоо ОХУ нь Америкт гол аюул заналхийлэл болж чадахгүй.
  6. Украиныг НАТО-д элсэхээс айсан учраас Путин довтолсон гэдэг. Бид одоо болтол элсээгүй, гэтэл тэд энд шигдсээр байна. Яагаад?
  7. Бидэнд аюулгүйн байдлын бодит баталгаа л хэрэгтэй!


Эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө явуулж буй гурван жилийн дайны гол мөн чанарыг хэдхэн үгээр Зеленский томъёолжээ. Туршлагатай, гол зэвсэгт хүчнээ устгуулсан, устгуулж байгаа Орос нь хойшдоо АНУ ба Баруун Европт дайсагнаж чадахгүй. Фронт дээр улам бүр намаг балчигт шигдэж ухрах араагүй, бас давшаад дайснаа дарах хүч нөөцгүй болжээ. Курскт Украины цэрэг аажмаар урагшилна. Оросын цэргийн хохирол хагас жилд 40 мянга буюу бүхэл бүтэн гурван дивиз. Одоо Брянск руу салбарлах чигтэй байна!


Украины газрын ховор элементийн ордыг цэргийн тусламжаар солих тухай АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трамп яриа гаргасны дараа В.Зеленский Reuters-д өгсөн ярилцлагадаа энэ тухай хөндөхдөө: 

 

  1. Бид Путиныг зогсоож, өөрт байгаа зүйлээ, Украины төв хэсэг болох маш баялаг Днепр бүсээ хамгаалах хэрэгтэй. Энэ бол маш баян нутаг юм. Гэхдээ бид хэн нэгэнд өгнө гэж хэлэх гээгүй. Түншлэлийн тухай л ярьж байна. Энэ баялаг нутгийг хамтдаа хөгжүүлье, мөнгө болгоё, тэгэхдээ хамгийн гол нь энэ бүхэн чинь барууны ертөнцийн аюулгүй байдалд шууд хамаатай шүү.
  2. Миний бодлоор Трамп Путинд “Сонс, чи зүгээр л их наядыг авсан байна” гэвэл буруу. “Харин чи өөр улсын өмчийг буцааж өгөх ёстой” гэвэл зөвтөнө гэж бодож байна.
  3. Украин бүх Европын LNG хийн хаб болох хэлэлцээ хийж, байгалийн хий нийлүүлэх, дамжуулах гэрээ байгуулах хүсэлтэй байна.
  4. Путинтэй уулзахаасаа өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Украины Ерөнхийлөгчтэй уулзах нь маш чухал. Тэгэхгүй бол Украингүйгээр Украины тухай яриа хэлэлцээ мэт болно. Түншүүд эхлээд асуудлаа дотроо ярилцаж, дараа нь дайсантайгаа ярилцах нь чухал.
  5. Украин хэлэлцээ хийнэ. Гэхдээ ОХУ-аас тулгаж тавьсан ультиматумыг хүлээж авахгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
  6. Ерөнхийлөгч Трамптай миний ярилцахыг хүсч буй гол асуудал бол аюулгүй байдлын баталгааны тухай юм. Мөн бидний ирээдүй эдийн засаг дээр тулгуурлах ёстой. Хүмүүс илүү их орлого олж, илүү сайн сайхан амьдрах ёстой. Бидэнд бүх зүйл бий. Ганцхан бидэнд энх тайван хэрэгтэй.
  7. Манай эх орныг хамгаалахад туслаж дэмжсэн тэдгээр улс орнууд Украиныг сэргээн босгоход оролцох болно. Бид тэдэнд талархахаас гадна бизнесийн хөрөнгө оруулалтыг нь дэмжих, маш их мөнгө олох боломж олгох нь хаа хаанаа чухал юм. Америкчууд хамгийн их тусласан тул америкчууд хамгийн их орлого олох ёстой. Тэд энд тэргүүлэх ач холбогдолтой байх ёстой, тэгэх ч болно гэжээ.


В.Зеленский Украины газрын ховор нөөцийн зураг үзүүлж тайлбарлаж байгаад ярилцлага өгөхдөө Оросын түрэмгийллийг илчлэн ингэж хэлжээ:–Тэд орос хэлтэн ард иргэдийг хамгаална гэдэг бүгд худлаа. Зүгээр л баялагт шунаж байгаа юм. Энэ хэсэг газар нутаг бол хэдэн тэрбум ч биш, бүр их наяд хөрөнгө, мөнгө гэсэн үг. Тиймээс оросууд Запорож муж, цаашлаад бүхэл бүтэн Донецк мужийг хүсч улангасч байгаа юм. Тийм учраас бид Америкт санал тавьсан. Хамтдаа мөнгөө олцгооё, гол нь газар нутгийг минь хамгаалаад өгөөч гэж. Европ дахь хамгийн их уран манайд л байна. Энэ газар нутаг найдвартай хамгаалалтанд байх хэрэгтэй. Хэрэв алдвал Орос, Иран, Хойд Солонгосынх л болно гэжээ.

 

Оросын бүтэлгүйтлийг далимдуулан Бакуд Оросын соёлын төвийг (Русский дом) хааж, дээрээс нь олон саяын төлбөрт унагах махинац явагдаж байна. Орос агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээрээ санаатайгаар сөнөөсөн AZAL онгоцны ослын улмаас Азербайжан нь ОХУ-ын эсрэг Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ.


Энэ тухай Азербайжаны АПА агентлаг мэдээлэхдээ, Азербайжаны нөхцөл байдал, хүсэл эрмэлзэл нь тодорхой бөгөөд үүнийг хамгийн дээд түвшинд мэдэгдсэн. Онгоцыг сөнөөсөн оросын Pantsir-S пуужингийн хэсгүүд Азербайжаны мэдэлд бий бөгөөд одоо нотлох баримтын бааз бүрдүүлж, нотлох баримтуудыг цуглуулж Олон улсын шүүхэд өгөхөөр зэхэж байна гэжээ. Оросын соёлын төв хаагдах, Олон улсын шүүхэд Оросыг өгөхөө зарласантай давхцаад хэргээр Кремлийг өдөөн хатгасан мэт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев хүмүүнлэгийн тусламжаар Украинд нэг сая доллар олгох тухай зарлигт баяр ёслолын байдалтай гарын үсэг зурав. Хариуд нь кремлийн зарим суртал ухуулагчид Бакуг бөмбөгдөж пуужиндъя гэж хараан зүхэв. Азербайжаны Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурахдаа “Оросын бөмбөгдөж сөнөөсөн Украины эрчим хүчинд нэг сая доллараар тоног төхөөрөмж авахад нь тусална” гэж битүүхэн хэлээд Баку-Киевийн хоорондын харилцааг найрамдал ба түншлэлийн гүн гүнзгий суурьтай гэж тэмдэглээд, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Украины ард түмэнд Азербайжаны төр-засаг хүмүүнлэгийн тусламж нэг бус удаа илгээсэн гэв.


Тэрхүү мэдээнд дурдсанаар, 2023 онд Азербайжан нь Украин руу 7.6 сая долларын өртөг бүхий эрчим хүчний тоног төхөөрөмж илгээсэн ба Алиевын ийм мэдэгдлийг хэргээр эш татан ингэж тэмдэглэжээ:


–Бид Украины болон өөр ямар ч улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих бөгөөд үүнийгээ нуухгүйгээр мэдэгдэнэ. Бас Орост явж байгаад хүчээр баривчлагдан Украины эсрэг дайны фронт руу илгээгдсэн азербайжаны гурван иргэний эрх ашгийг хамгаална гэжээ. Энэ нь Кремль рүү хандуулсан хатуухан шаардлага болжээ. Дайн үргэлжлэх тусам Кремлийг түрэмгий дайнаа үргэлжлүүлэх боломжгүй болгох арга хэмжээг Украин авсаар байна. Одоо оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү бараг өдөр бүр агаараас довтолж байна. Зорилго нь тодорхой. Оросын эдийн засгийг унагах. Ганц сарын дотор нефтийн 30 том үйлдвэрийн гуравны хоёр нь халдлагад өртжээ. Дронууд үйлдвэрээс гарч зэвсэглэлд шилжиж, Оросын газрын тосны үйлдвэрт цохилт өгөхөд ердөө 48 цаг зарцуулдаг. Харин Орос энэ үйлдвэрүүдээ сэргээж чадахгүйд хүрч байна. Учир нь сэргээх завдал өгөхгүй довтолж байна. Оросын арми украинчуудыг алж устгах гэж улайраад маргаашаа бодохгүй байлдавч маргааш нь байлдааны хүнд техник, танк, хуягт, байлдааны машины бензин дизель паг болно. Барууныхан Оросын нутгийн гүнд цохилт өгөх зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн болов уу гэмээр дүр зураг харагдана. Орос даяар шөнийн халдлага, түгшүүрийн дохио, гал түймэр, дэлбэрэлт айсуй. 

 

Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь