sonin.mn

Бага насаа балчир гэж чамлалгүй ажил хөдөлмөрт амтшин мал аж ахуйн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, Монгол орны мал сүргийн тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх, ашиг шимийг арвижуулан баяжуулах үйл хэрэгт амьдралын ихэнх цаг хугацаа, бие сэтгэл юүгээн зориулсан гавьяат мал зүйч Буянжаргалын Дэлгэрийг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урилаа. Түүний туулж өнгөрүүлсэн амьдралынх нь түүх, хийж бүтээсэн ажлынх нь ололт амжилтын гараа гэх нэгэн номын хуудсыг эргүүлэн сөхье.


Хорвоо ертөнц хэмээн нэрлэгдэх энэ гараг дээр олон өнгөөр сүлэлдэн тогтнох оршихуйн нэг нь амьдрал юм. Түүнийг туулж өнгөрүүлэх цаг хугацаанд бал бурмын амттай чихэрлэг нь ч бий. Давс хужрын амттай гашуун нь ч бий. Гагцхүү тунг нь тааруулсаар бид ажралгүй туучиж өнгөрүүлдэг гэвээс зохиолтой. Эрээн бараантай энэ орчлонд хүмүүний заяаг олж төрөн түүний дундаас өөрийн өнгийг тодотгоно гэдэг гайхам сайхан хувь тавилан. Ингээд түмний нэгэн тод өнгө болсон Б.Дэлгэрийн амьдралын тойргоор аялцгаая.


Хар Ус нуурын эрэгт өнгөрүүлсэн хүүхэд нас


Буянжаргалын Дэлгэр нь 1940 онд Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багын нутаг Дэрсний бэлчир хэмээх газар Ихийн Бат, Раднаагийн Сүрэн нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. 1948 онд Мянгад сумын бага сургуульд орж аравдугаар ангийг 1958 онд төгссөн байна. Жилийн дөрвөн улиралд ашиг шимээ харамгүй хүртээдэг Хар Ус нуурт үеийн олон нөхөдтэйгөө сэлж, тэмээгээр нүүдэллэж, уул хадаар мал маллаж, гэр бүлийн хамтаар найман нас хүртлээ хайр энэрэл дүүрэн өсжээ. Сумын сургууль тэдний өвөлжөө хоёрын хооронд 22 километрын зайтай байж. Эрх дураар өссөн хүү ижий аавыгаа санаж үгүйлэхдээ газрын холыг үл ажран гарч зугтсан тохиолдол цөөнгүй. Нэгэн намар үеийн хоёр найзтайгаа аав ээжийгээ зорихоор явж байхад ангийн багш Базаржав нь “Өртөөний буурал хар” нэртэй атаараа тэшүүлэн ирж долоон километр газар хөөж сургуульдаа ирж байснаа өчигдөрхөн мэт тодхон санаж дурсан ярьсан юм. Хүний дурсамжаар аялах нь цаг хугацааны машинд суугаад буусан мэт.


Амьдралын жамаар ахин нэг айлын хүү болов


Өргөж авсан Аав Ц.Буянжаргал, ээж М.Долгор. 1963 он. 


Эцэг эхийн хажууд найман нас хүртлээ өсөж. Тус сумын Цагаан булан багийн Буянжаргалынх хэмээх айлд үрчлэгджээ. Өргөж авсан аав Буянжаргал нь Ховд аймгийн Шүүх газарт ажилладаг тухайн үеийн сэхээтэн гаралтай үр хүүхэдгүй айл байжээ. Амьдралын шаардлагаар өргөж авсан ижий аав нь хот хүрээ бараадах болов. Харин Дэлгэр нутаг усаа эргэж тойрон мал маллаж хөдөө алсран үлдсэн гэдэг. Мал маллаж, тугал бяруутай ноцолдох туйлын дуртай Дэлгэрийг хамаатан садан нь “Сурч боловсрох насандаа сургууль соёл завсардаж байна” гэж аав ээжийг нь зэмлэснээр хот руу шилжин суралцахаар болсон байна. Түүндээ ч мөн л дуртай байв. Ингээд хоёр жилийг өнгөрүүлсний дараа хотын амьдралд ээнэгшиж дасалгүй ээж аавын хамтаар нутгийн зүг буцжээ. Төрж өссөн нутаг, ижилдэн дассан нөхдийг харах сайхан. Сумын сургуульдаа буцан ирээд эрдмийн ихэд шамдан суралцсаар аравдугаар ангийг гурван бүлгийн 90 гаруй хүүхдийн хамтаар төгсөж их сургуулийн хуваарийг авсан гэдэг.


ХААИС-ийн зоо техникийн ангийг сонгон суралцжээ


Эмч мэргэжлээр суралцахыг битүүхэн дотроо бодсон ч бүдүүн баараг гэж өөрийгөө чамлан ХААИС-ийн зоо техникийн ангид орж 1965 онд төгсжээ. Их сургуулийн идэр хүдэр хүүгийнхээ араас эцэг эх нь ирэв. Ингээд халуун бүлээр зайсангийн аманд дүнзэн байшинд ажил хөдөлмөр эрхэлж амьдран суух болжээ. Аавынхаа хэлсэн “Ажлыг битгий голоорой” гэсэн үгээр хүмүүжсэн тэрээр хөдөлмөрийн амтыг хүүхэд ахуй наснаасаа мэддэг тул зуны амралтаар сургуулийнхаа ойролцоо ажиллаж өөрийн хэрэглээний төлбөрөө олдог байжээ. Хичээл сурлага даа ч шамдан онц сайны нэмэгдэл авдагтаа урамшдаг байсан учраас төгсөх хүртлээ энэ л шугамаараа явж ирсэн гэнэ.


ХААИС-аас хань Юүзэнтэйгээ амьдралаа холбожээ


Хуримын зураг. 1965 оны гуравдугаар сарын 27. 


Бага наснаасаа ижилдэн дассан ангийн охин Юүзэнтэйгээ хайр сэтгэлийн харилцаатай болж сургуулиа төгсөхөөс хэдхэн сарын өмнө гуравдугаар сарын 27-ны өдөр ангийн гуч гаруй сурагч аав ээжийн хамтаар хуримаа хийжээ. Ингээд сургуулиа ч төгсөх болж хань Юүзэнгийн хамтаар Ховд аймгийн Булган суманд харьяалагджээ. Ингээд л сурч мэдсэн, эзэмшсэн мэргэжлийнхээ хэрэг зоргийг гаргахаар хоёр биесийнхээ завь залуур болж амьдрал хэмээх их далайд гарав. Өмсөх хувцсаа хийсэн хоёр бор чемодан барьсан хосыг нэгдлийн дарга Адууч гэх угтан авчээ. Адууч цэцэрлэгийн цоохор томоо гэгч нь тавилгагүй гэрийг тэдэнд гаргаж өгчээ. Б.Дэлгэр тус сумын зоо техникчээр, гэргий Юүзэн нь үржил станцын зоо техникчээр ажиллахаар болж.Шар нар бор хоног урсан өнгөрсөөр. Тэд дөрвөн жилийг Булган суманд өнгөрүүлжээ.


Сүү, махны чиглэлийн үхрийн ферм байгуулжээ


Булган суманд ажиллах байх хугацаандаа мал аж ахуйн хэд хэдэн шинэ санаачилга, бэлчээр нутгийн хуваарь гаргах, шилмэл суурь байгуулах, үржлийн ферм байгуулах зэрэг ажлуудыг хяналтын журамтай хийж аймгийн дарга нартаа өндрөөр үнэлэгдэж байв. Мөн Булганы ууцан суурьт хонийг баруун бүсийн нутагт хонин сүргийг сайжруулах, говийн нутагт тохиромжтой хэвшлийн хонь үржүүлж эрдэм шинжилгээний ажилтан Цэвэгээ гэх хүнтэй хамтран зохих хэмжээний үр дүнд хүргэжээ. Мөн Булганы жороо адуу, хос зогдортой тэмээ, мөнгөн сорт хар ямааны шилмэл нэгдлүүдийг тус тус байгуулжээ. Булган сумын нутагт бэлчээрийн хуваарийг жилийн дөрвөн улирлаар тогтоох, бэлчээр ашиглах технологийг гаргаж сумын депатутаар батлуулж бэлчээрийн хуваарийг мөрдүүлж байв. Энэ мэтчилэн эзэмшсэн мэргэжлийнхээ гавьяаг гарган ажиллаж байгаад 1968 онд аймгийн төв рүү шилжин ажиллахаар болжээ. Гэргий Юүзэн Хөдөө аж ахуйн техникумд багшилж, Дэлгэр аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар зоо техникчээр ажиллав. 1968-1978 оны хугацаанд төрж өссөн Ховд аймгийнхаа бүх сумдад зоо техникчээ хийсэн байна. 1973 онд Казахстаны Алматы хотод мэргэжил дээшлүүлэх курст суралцахаар явсан ч аймгийн мал аж ахуйн хөгжлийн ажлыг удирдсан хэвээр байв. Мөн үржлийн станцад үржлийн зоо техникч хийж байхдаа сумдын шилмэл суурийг байгуулах, үржлийн бүртгэл хөтлөх ажлын зааварчилгааг өгдөг байсан гэнэ. Цаашлаад Буянт суманд сүү махны чиглэлийн үхрийн ферм байгуулж, Мянгад суманд ажиллах явцдаа малын үржлийн фермийг байгуулахаас гадна мал төрөлжүүлэх баазыг мөн байгуулж нэлээд туршлага хуримтлуулж байсан гэв.


Хүн дуртай ажил мэргэжлээ жаргалтай хийснээр сайн үр дүнг үздэг


Дөргөн сумын 30 жилийн ойгоор шагнал өгч байгаа нь.


1981 онд хийсэн ажлуудыг нь дүгнэн өндрөөр үнэлж “Аймгийн аварга мал зүйч” шагналыг өгч зохих хэмжээний урамшууллыг олгожээ. 1982 оноос аймгийн намын хорооноос Дөргөн суманд ажил сайжруулах даалгаврыг өгчээ. 1982-1987 оны хооронд Дөргөн сумын Засаг даргаар ажилласан байна. Засаг дарга хийж байх хугацаанд Дөргөн суманд тэмээний ханиад ихээр гарч тэмээ хорогдсон ба ус бэлчээрийн дутагдалтай байсныг сайжруулж нэг мянга гаруй тэмээний хорогдлыг таслан зогсоосон байна. 1982-1983 онд зуд болсон бөгөөд зудыг малын хорогдолгүй давахын тулд олон арга хэмжээг авч ажилласны нэг нь газар доорх малын байр барих ажил байжээ. Тэрээр өөрийн туршлагаар үйлдвэр бригадын залуучуудыг ажилд идэвхжүүлэв. Хашаа хороог олноор барьснаар малын хорогдолгүйгээр өвлийг өнтэй давж чаджээ. Түүнчлэн өөрийн гэсэн хадлангийн механик салаатай болж хадлангаа өөрсдөө бэлтгэх хадлангийн талбайтай болсон байна. Дөргөн суманд ажиллаж байхдаа Агваш бригадын Бу.Пүрэвжавтай хамтран цагаан ямааны шилмэл суурийг байгуулж цагаан ямааны тоог нэг мянгад хүргэн үржүүлжээ. 1987 оноос өөрийн амьдралын шаардлагаар Мянгад сум руугаа шилжин тэндээ ерөнхий зоо техникч, үржлийн бригадын дарга зэрэг албыг хашиж 2000 онд тэтгэвэртээ гарчээ.


Миний бодож санаж, хүсэж мөрөөдсөн бүхэн биелсэн


Бага хүү Д.Буянбатын гэр бүлийн хамт.


“Ариун цагаан хөдөлмөрийг минь шударгаар үнэлдэг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж явсан учраас би өөрт ирэх ёстой шагнал гавьяа олныг хүртсэн. Бүгдийг нь дурдах гэвээс хэтэрхий олон юм. Харин сурч мэдсэн эзэмшсэн мэргэжлийнхээ талаар мэддэг бүхнээ үлдээхээр долоон төрлийн номыг хэвлүүлэн гаргасан. Дурдваас 1970 онд Амьтны гаралтай малын тэжээл бэлтгэх, хэрэглэх аргачлал, 1978 онд Ядарч доройтсон малыг тэжээх тэнхрүүлэх арга туршлага гэх мэт номуудыг өөрийн мэдлэг, ажлын туршлаар бичсэн. Залуу насандаа хүсэж мөрөөдсөн бүх зүйлдээ хүрч чадсан. Төрүүлсэн болон өргөж аваад өсгөж хүмүүжүүлсэн ижий аав нар минь бүгд хүний дээд байлаа. Аав ээж минь бага наснаас эхлэн бусдын аав ээжийн адилаар олон сайхан зан чанарыг надад суулган төлөвшүүлсэн өөрсдөө ч нутаг усандаа нэр төртэй тохитой томоотой хүмүүс байсан. Үр хүүхдэдээ зөвийг, сайныг үлгэрлэдэг аав байхын тулд би ч хичээдэг байлаа. Хань минь бусдын адил боловч даруу төлөв, шулуун шударга, үйлэнд уран, халамжтай ааш зан, аалиараа миний сэтгэлийг татаж амьдралын минь туршид түшиг тулгуур болсон. Бид ч үр хүүхдүүдээ өөрсдийн хүмүүжлээр өсгөсөн тэд бүгд сайн яваа. Хүний амьдралд худал хуурмаггүй, шуналгүй, шулуун шударга зан сайн сайхан бүхэнд хүргэдэг. Энэ жил 84 нас хүрч байна. Бие сэтгэл, ухаан бодол цөм эрүүл саруул байна. Дахин хэдэн жилийн цаг хугацаа үлдсэн бол бага хүүгийнхээ ганц охиныг их сургуульд орохыг л харах үлдлээ. Тэр намайг асарч халамжилдаг юм” гэв. Энгийн боловч энэ л тайван жаргалтай амьдрал, залуу насандаа залхуурах гэдэг үгийг мэдэхгүй ажиллаж, хөдөлмөрлөж байсан нь түүний амьдралын нэгэн тойрог байлаа. 


Ах Б.Мягмарын хамт.



Сэлэнгийн УРТНАСАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин