
КОПЕНХАГЕН, 2025 оны гуравдугаар сарын 13 /DW/. Тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалдаг сөрөг хүчний Demokraatit нам өчигдөр Гренландад болсон парламентын сонгуульд 29,9 хувийн саналаар ялжээ. Тус нам 2021 оны сонгуультай харьцуулахад 3 дахин олон санал авсан байна.
Харин Гренланд арлыг аль болох ойрын үед тусгаар тогтнуулахын төлөө тэмцэж буй үндэсний үзэлтнүүдийн Naleraq /Эргэлтийн үе/ нам 24,5 хувийн саналаар хоёрдугаарт бичигджээ.
Гуравдугаарт, зүүний үзэлтнүүд, ногоонтнуудын эрх баригч Inuit Ataqatigiit /Ардын нийгэмлэг/ нам, тус намтай эвсдэг Siumut /Урагшаа/ нам дөрөвдүгээрт орсон байна. Тус хоёр нам тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмждэг боловч санал асуулгын товын талаарх байр суурь нь тодорхойгүй байгаа юм.
Сонгуулийн дүнгээр 31 суудалтай парламентад аль ч нам олонхи болж чадаагүй тул ойрын үед эвсэл байгуулах үйл явц эхлэх нь тодорхой боллоо.
Гренланд бол Дани улсын бүрэлдэхүүн дэх өөртөө засах эрхтэй муж юм. 2009 онд Данитай байгуулсан гэрээнд зааснаар, санал асуулга явуулсны үндсэн дээр тус арал тусгаар тогтнох боломжтой ажээ. Тусгаар тогтнолын тухай асуудал бол сонгуулийн сурталчилгааны гол сэдвүүдийн нэг юм. Гренландчуудын ихэнх нь тусгаар тогтнохыг дэмждэг боловч хэзээ, хэрхэн үүнийг хэрэгжүүлэх вэ гэдгээ одоогоор төдийлөн сайн төсөөлөхгүй байна.Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан мэдэгдэхдээ “Гренланд АНУ-д нэгдэх ёстой” гэсэн билээ. Тус арал газарзүйн хувьд Хойд Америк тивд, Атлантын далай ба Арктикийн дунд оршдог. “Хэрвээ Дани улс Гренландыг өгөхгүй бол тус улсын бараанд өндөр татвар ногдуулна” гэж Д.Трамп мэдэгдэж байв. Тэрбээр 2017-2021 онд төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа Гренландыг худалдан авах санал дэвшүүлж байсан боловч үүнийг нь Данийн болон Гренландын эрх баригчид няцаажээ.
Энэ оны нэгдүгээр сард явуулсан санал асуулгаар, арлын оршин суугчдын 6 орчим хувь нь АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг дэмжиж байжээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0