sonin.mn

ОТТАВА, 2025 оны гуравдугаар сарын 13 /DW/. Америкийн 29.8 тэрбум канад долларын /20.7 тэрбум ам.доллар/ бараанд хариу татвар ногдуулахаар шийдвэрлэснээ Канадын Сангийн сайд Доминик Леблан лхагва гарагт мэдэгдлээ.  

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадаас нийлүүлж буй ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулсны хариуд дээрх шийдвэрийг гаргажээ. Канад бол АНУ-ын хувьд ган, хөнгөн цагааны хамгийн том нийлүүлэгч юм. 

Д.Лебланы мэдэгдсэнээр, 25 хувийн татвар ногдуулах шийдвэр пүрэв гаргийн өглөөнөөс хэрэгжиж эхлэх бөгөөд компьютер, спортын тоног төхөөрөмж, ширмэн бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг хамрах ажээ. Сайд хэлэхдээ, Америкийн талын шийдвэрийг үндэслэлгүй хэмээн тодорхойлсон байна.




Худалдааны дайн хурцдаж байна


Худалдааны хэм хэмжээг өөрт ашигтайгаар өөрчлөх үүднээс АНУ татварын хамрах хүрээг өргөжүүлснээр лхагва гарагт ган, хөнгөн цагааны импортын татварыг нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн юм. Эдгээр металлд 25 хувийн татвар ногдуулсан нь ундааны лааз, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, авто машинаас эхлээд бусал бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлж, үнэ өсөх эрсдэлийг бий болгож магадгүй юм.

Мөн лхагва гарагт Европын Холбоо ган, хөнгөн цагаанд татвар ногдуулсны хариуд АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд “хариу арга хэмжээ” авахаа зарлажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг