sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа (CBO) гурван жилээ (хоёрдугаар сарын 24 буюу сар хүрэхгүй хугацаа үлджээ) үдэх гэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/сайт, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн мэдэгдэл, мөн Д.Трамп тангараг өргөсөнтэй холбогдуулсан америкийн ба олон улсын мэдээлэл, The New York Times сонинд бичсэнээс болон израилийн ITON.TV-ийн мэдээнээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

 

Д.Трамп тангараг өргөх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ба Оросын эрх баригчдад хандан хатуухан сануулга өгсөн нь Трампад итгэл хүлээлгэж горьдож байсан оросуудын хувьд том цохилт боллоо. Ялангуяа кремлийн суртал ухуулагчид ТВ-ээрээ боож үхэх дөхөж байна. Дахиад л Лондон, Парис, Берлинийг цөмийн бөмбөгөөр хуйхлаж газрын хөрснөөс арчиж хаяцгаая ч гэж байх шиг. Гэтэл фронтын байдалд Орост тун халтай. Хоногт 1600 цэргээ алдсан ч байх шиг. Сөнөөлгөсөн танк 10 000 руу дөхөж явахыг ажихад Зөвлөлтийн зэвсэгт хүчнээс өвлөн авсан зэвсгийн их сан хөмрөг төгсгөл рүүгээ ойртож байх магадлалтай.


Трамп ийм л мессеж Путинд өгсөн:–Дайнаа зогсоохгүй бол Оросын эсрэг хоригоо чангална, Украиныг үргэлжлүүлэн зэвсэглэнэ гээд “Дайн өдөөгөөд Орос эх орноо сүйрүүлсэн” (нэг үгээр ялахгүй байж яах гэж ингэв?) гээд оношлоод хэлчихлээ. Дараа нь Давосын хурал дээр “Энэ дайны эх сурвалж нь нефтийн үнэ өндөр байгаагаас шалтгаалсан” гээд Оросын нефть өндөр үнэтэй зарагдаж байгаагаас болоод Орос дайныхаа санхүүжилтийг хийгээд байна, аль хэдийнэ нефтийн үнийг унагачихсан бол ийм дайн дэгдэхгүй байсан, иймд Саудын Араб, ОПЕК-той нефтийн үнэ унагах талаар хамтран ажиллана гэв.


Энэ нь Оросын нефтийн орлогыг боймлоё, тэгээд Оросыг гүйцээе гэсэн уриа дуудлага мэт түгэв. Нэг баррелийг нь 40$ болгочиход Орос дайн хийх нь бүү хэл хөмрөөд ойчно гэсэн тооцоо Давост цухалзжээ.

 

Дэслэгч генерал Кит Келлогг Украины тусгай элчээр томилогдож, дайныг “100 хоног”-ийн дотор дуусгах үүрэг авлаа. Трамп энхийн хэлэлцээг өөрөө хянахыг шаардаж байгаа бөгөөд ахмад дайчин Келлогг нь ирээдүйн хэлэлцээнд Трампын байр суурийг бэхжүүлэх нэг давуу тал болгож Украинд үзүүлэх АНУ-ын цэргийн тусламжийг дэмжсэн. Гэхдээ Байдены Засаг захиргааг энэ тал дээр шүүмжилсэн. Тэглээ гээд Орост буулт хийж, тэр дундаа Украиныг НАТО-д элсэхийг хойшлуулахыг 100% дэмжээд байх бололцоогүй. Орост өрөөсгөл буулт хийхэд хүргэж болзошгүйг Жон Болтон зэрэг Трампын хуучин албан тушаалтнууд анхааруулж байгаа тул Орост алтан боломж гаргаад өгнө гэдэгт хаа хаанаа итгэлгүйгээс гадна Оросын царцаагдсан их мөнгийг битүүмжлэн Украинд зэвсгийн тусламж үзүүлэх санхүүгийн эх үүсвэр болгохыг Кит Келлогг ярьж эхлэв. Ингэх нь АНУ-ын батлан хамгаалахад ч хэрэгтэй гэв.

 

Д.Трампын хүсэл юу юм бэ гэвэл Украины дайныг 3-4 жилийн дараа дахин эхлүүлэхгүй байхад оршино. Нэг үгээр Трампын хоёрдмол барьцгүй байр суурийг далимдуулаад Оросын эдийн засаг, зэвсэгт хүчнийг Путин сэргээж босгож аваад дахин Украин руу, магадгүй Балтийн гурван улс, Польш руу халдан түрэмгийлүүлэхгүй байхад Трамп хүч чармайлтаа чиглүүлж таарна.


АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио:–Трампын Засаг захиргааны зорилго бол тогтвортой дэлхий ертөнц юм. Одоо Украин нь энгийн номхон, шархадсан, амиа алдсан, эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн сая сая украинчуудын төлөө хамгийн том үнэ өртөг төлж байна. Трамп Путин руу залгаж дайныг зогсоохыг түүнд шууд хэлнэ. Путин зөвшөөрөхгүй гэж бодож байна. Үүний дараа Трамп хүч чадлаа харуулж, бүх зүйлийг ширээн дээр ил гаргаж тавих хэрэгтэй гэдгийг тэд ойлгох болно гэжээ. АНУ-ын Төрийн Департаментын Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч асан Курт Волкер хэлж байна:–Хэлэлцээний байр суурийн тухайд ОХУ дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Та энэ тохиолдолд зөвшөөрөх байсан уу, үгүй юү, сайн бодоорой. ОХУ-ын тавьж ирсэн, тавьдаг, хойшдоо ч тавих шаардлага энэ шүү дээ. 



  1. Донбасс бүхэлдээ Оросынх болно; түүнийг нь украинчууд хүлээн зөвшөөрөх ёстой;
  2. Орос хэлийг хүлээн зөвшөөрч төрийн хоёр дахь хэл болгоно;
  3. Үндсэн хуулиа өөрчилж Төвийг сахих статустай болох санал хураалт явуулна;
  4. Украины армийг 50 мянга хүртэл цөөлнө; Бүх зэвсгээ Орост хураалгана;
  5. Алсын тусгалтай буюу 20 км-ээс цааш тусдаг бүх их буу, пуужин, зэвсгээ устгах буюу Орост өгнө; харин Зеленский ийм нөхцөлийг нь зөвшөөрөөгүй гэжээ.


Трампад мессеж болох ийм мэдээллүүдийн дунд Зеленскийн ярьсан нь олон улсын анхаарлын төвд дахин оржээ. 2022 оны хавар Истанбул хотод Туркийн зуучлалын дор Оростой хэлэлцээ хийхэд ОХУ-ын талаас тавьсан шаардлага, нөхцөл нь Курт Волкерын хэлсэнтэй агуулга нэг байна. Истанбулд хэлэлцээ огт явагдаагүй, зөвхөн Украин татгалзахаас аргагүй болсон ультиматум л оросууд тулгасан. Дайн эхэлсэн цагаас л оросууд Украинд элдэв ультиматум дэвшүүлж тулгасан ба Украины Ерөнхийлөгчийг доромжилсон цуврал шаардлага, тухайлбал Украины хууль ёсны Ерөнхийлөгчийг оросын талын улс төрч Виктор Медведчукаар солих тухай шалж тулгаж, ятгаж загнаж, ширээ шааж аашилж байжээ. В.Медведчук нь эх орноосоо урвагчаар тодорсон, Киевт баривчлагдаад гавтай байхад нь Путин санаачилга гарган олзны украин цэргүүдээр сольж авчээ.

 

Зеленский хэлж байна. “Орос хэзээ ч хэлэлцээ хийгээгүй. Зүгээр л өөрийнхөө нөхцлийг шууд тулгасан. Энэ бол зүгээр л алуурчны ультиматум. Алуурчны нэрийг Путин гэдэг. Тэр л ийм тулгалтыг дэвшүүлсэн” гэжээ.


Дайн буюу Оросын СВО эхэлснээс эхлэн Орос нь нэг бус удаа хэлэлцээ хийе, хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн ч энэ бүхэн нь Украиныг албан хүчээр буулгаж авах (капитуляц) оролдлого байжээ. Тэгвэл Зеленский зөрүүлээд олон удаа тэмдэглэж хэлсэн, уриалсан. Украин нь зөвхөн өөрийн нөхцлийн дор хэлэлцээ хийнэ, тэр нь нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг бүрэн сэргээх, Оросын өдүүлсэн дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэх явдал гэжээ. Ойлгомжтой. Украин нь эх орноо хамгаалан байлдаж байна.


ОХУ бусдын нутагт халдан түрэмгийлээд байлдаж байна. Аль байлдаан нь зөв шударга вэ? Украины зэвсэгт хүчин аргаа бараад ОХУ-ын Курскэд цэргийн тусгай ажиллагаа явуулж байна.


Нутаг дэвсгэрээр нь барьцаалж хэлэлцээ хийгээд Оросын цэргийг Украины 1991 оны улсын хил дотроос гаргах. 2024 оны 8 дугаар сард анх Украины цэрэг ОХУ-ын Курск мужид нэвтрэн орж байлдааны ажиллагаа явуулсан. Үүнээс хойш Путин хоёр удаа Курскээ чөлөөлөх тушаал буулгасан. Сүүлийнх нь энэ нэгдүгээр сарын 20-ны дотор гэж хатуу хугацаа зааж үүрэгдсэн. Гэвч Дээд ерөнхий командлагчийн тушаал хэрэгжсэнгүй. Харин ч Орост болон холбоотон Хойд Солонгост нь Курск нь нэг ёсны там болж хувираад байна. Нэмэлтээр хойд солонгос цэргүүдийг оруулаад ч барахгүй байна. Олон мянган цэргээ алуулж, шархдуулж, заримыг нь олзлуулсан БНАСАУ Орос руу дахин цэрэг илгээхээр бэлтгэж байгаа тухай The New York Times сонинд Пентагоны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Ирэх хоёр сар дотор багтаан хойд солонгосын цэргийн томхон баг Орост ирнэ.


Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч генерал Александр Сырскийн ярьснаар Курск мужид ирж байрласан хойд солонгосын цэргийн тал нь алагдаж шархадсан, тэдний байлдах тактик нь фанат эр зоригоос өөр илүү юм алга, үхэх гэж ирснээ мэддэг, тэр үхлээ гавьяанд тооцуулах фанатизм. Маш ихээр хохирч байгаа ч ухрахаа мэддэггүй, оросууд нь ухраад алга болдог, эзлэн авсан байршлаа оросууддаа үлдээгээд алуулаад давшаад байдаг, хүнд шархдахдаа олзлогдохгүй гэж өөрийгөө гранатаар дэлбэлдэг, украины дронтой тэмцэхдээ аль нэг цэргээ өгөөш болгож өгдөг, тийм тактикаар байлдаад нэг мэдэхэд маш олуулаа амиа алддаг гэхчлэн украины цэргийнхэн бичжээ.

 

Орос цэргүүд зарим тохиолдолд солонгос холбоотнуудаа санаатайгаар алж устгадаг. Олзлуулахгүйн тул шууд алчихдаг, Орос-Хойд Солонгосын цэргийн командлал харилцан ажиллах тал дээр тун чамлалттай, тиймээс санаандгүй тохиолдлоор хоорондоо байлдсан.


Орчуулга, орчуулагч туйлын чамлалттай байна. Анхлан БНАСАУ-ын 12 000 цэрэг ирснээс лав 300 нь алагдсан, 2700 нь шархадсан, харин Зеленский өөрөө мэдэгдэхдээ энэ тоог 4000 гэсэн. Сырский бүр 6000 руу дөхүүлж нэрлэлээ. Ийм их хохирол амсаж байгаа ч Пхеньяны дээд эрх баригч нь валют олохын төлөө цэргээ илгээсээр байх болно.


Оростой найрамдлаа ч бэхжүүлнэ, бас мөнгө олно, Оросын зорилго бол аль болох хойд солонгосын цэргийг ихээр тулалдаанд оруулж, массаар нь үхүүлж, тэгснээрээ Украины хүчийг барах явдал хэмээн The New York Times сонинд бичжээ.

 

Төгсгөлд нь израилийн ITON.TV-ийн 1/24-ний мэдээнээс хөрвүүлье. Москвад Путиныг авч хаях төрийн эргэлт бүтэлгүйтжээ. Зохион байгуулагчид нь болох ҮАБЗ-ийн нарийн бичгийн өмнөх дарга Н.Патрушев, Путины зөвлөх асан В.Сурков, армийн генерал С.Суровикин нар баривчлагджээ. Путин паникт орж, оросын армид үймээн самуун дэгдэх дөхжээ хэмээн мэдээлжээ.

 

Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь