sonin.mn

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа (CBO) гурван жилээ (хоёрдугаар сарын 22) үдэх дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/сайт, оросын ультрапатриот Максим Калашников болон бусад суртал ухуулагчдын бичсэн ярьсан, хүлээн зөвшөөрснөөс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Халаагаа өгч байгаа Жо Байден ингэж дүгнэжээ. “Дөрвөн жилийн өмнө бид энд Цагаан ордонд ажиллах гэж ирж байсан үетэй харьцуулахад манай дайсан хамаагүй суларсан, сул байна гэдгийг би өнөөдөр Америкийн ард түмэнд хэлж чадна. Путин Украин руу халдан довтолж байхдаа Киевийг гурван өдөрт эзлэн авна гэж бодсон. Гэвч дайн эхэлснээс хойш би Киевийн төвд зогсож байлаа. Харин тэр хэзээ ч тэгээгүй” гэжээ. 


Байден гурван жилийн дайныг маш товчоор, гэхдээ маш ойлгомжтой дүгнэжээ. АНУ-ын дайсан гэдэг нь ОХУ, түүнийг л хамтад нь дүгнэжээ. Энэ дайнд ялагджээ гэдгээ Путин ойлгохын цаагуур ойлгож буй. Харин ч Путин өөрийн муж дахь Украины зэвсэгт хүчний давшилтыг тогтоон барьж чадахгүй, украины цэрэг ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн рүү улам бүр давшиж шинэ шинэ байршил эзлэн авч бэхжих магадлалтай нь харагдаж байна. Хоногтоо 150 хүртэл байлдаан фронтод өрнөж, Орос давших гэж хүн хүчнээ гарздан, хохирлоо дийлэхгүй мухардаж байна. Өнгөрөгч 7 хоног Оросын зэвсэгт хүчний хувьд тун их хохиролтой 7 хоногт тооцогдов. Нийт 10500 цэргээ алджээ. Хоёр зуу орчим хүнд техникээ сөнөөлгөжээ.


Оросын хэт барууны эх орончид хамаг уур уцаараа Кремль рүү чиглүүлнэ. СВО гэгч баларсны бүх буруутан нь оросын эрх баригчид өөрсдөө хэмээн алдарт ультрапатриот бөгөөд Z-военкор Максим Калашников шүд зуун загнаж харагдав. Шүүмжлэл нь хэтрээд энэ дайны үр дүн юу вэ гээд тэр нь Оросын задрал байх туйлын магадлалтай гэв. Калашниковын блог нэлдээ хараалаар дүүрэн. СВО-г хамгийн тууштай дэмжигч байсан орос эх оронч өнөөдөр Украины эсрэг явуулж буй Оросын дайны хамгийн хурц шүүмжлэгч болж хувирав.


“Одоо явуулж байгаа тэр дайныг манай үндэсний эрх ашигт нийцнэ гэж нэрлэхэд хэцүү, бүр маш хэцүү боллоо. Энд ерөөсөө үндэсний эрх ашиг гэж алга! Ямар ч эвдэн сүйтгэлгүй, бас ямар ч их цус нөжгүйгээр, ямар ч их хохиролгүйгээр маш хурдан бүгдийг авах ёстой байлаа, бид. Ингэж дайтаж ерөөсөө таарахгүй! Энэ бол зүгээр л махан бой, харилцан урсаж байгаа их цус.


Юу ч үгүй сүйтгэж аймшигтай балгас нурам болгочихсон, хамаг юмаа алдчихсан сая сая хүн ард, тэгээд тэр нутаг дэвсгэрээ чөлөөллөө гээд байгаа чинь ОХУ-ын үндэсний эрх ашиг биш. Одоо ямар ч Львов, ямар ч Киев гэж бидэнд ирэхгүй гэдгийг бид маш сайн ойлгож байна. Одессыг авна гэдэг өнгөрсөн, Приднестровье бүслэгдсэн. Харин СВО-гийн гол үр дүн юу юм бэ гэвэл дайны дараахи хямрал залгана, II дайны дараа тулгарсан тийм хямралтай зэрэгцэнэ. Манай түрэмгийлэл цаашаа үргэлжлэх тусам хор уршиг нь маш аймшигтай байх болно. ОХУ-аа нураах тараах дээрээ тулна. Манай удирдлага энэ СВО-г ялна гэдэг тооцоон дээр эхлүүлсэн, гэтэл тооцоо аз туршсан бүтэлгүйтэл болсон. Ердөө тэр төлөвлөгөө нь кампанит ажлаа (дайнаа) эхлүүлээд 2-3 өдөрт нурчихсан шүү дээ. Манай удирдлага ийм сунжирсэн дайныг хүсээгүй. Одоо тэгтэл хавханд ороод мухардуулчихаад сууцгааж байна.


Орос нь Зөвлөлт Холбоот Улсын хувь заяаг давтаж магадгүй гэж би бодож байна. Юуны өмнө 2025 онд гал зогсоох хэлэлцээр байгуулах биз. Гэхдээ ингэлээ гэхэд бид дайны дараахи хямралаас аврагдаж чадахгүй.


Тийм хямрал одоо бидний нүдэн дээр өрнөж эхэлж байна. Биднийг маш донсолгоонт үйл явдлууд хүлээж байна. Дороосоо биш харин дээрээсээ эхэлж байна. Зөрчил зөрөлдөөн гуйвж дайвах явдал дээдчүүлд илт харагдаж байна. Ийм үйл явц зөвхөн өргөжин тэлнэ. Бидний өмнө улс төр, эдийн засгийн асар том үйл хэрэг хүлээж байна–Калашников блогтоо бичжээ.


Кремлийн пропагандистка хэмээх Маргарита Симоньян уйлан дуугараад эхлэв. Херсон, Запорожийг эзлэн авна гэдгээсээ Орос татгалзаж, одоо байлдаж байгаа шугамын дагуу дайнаа зогсоох хэлэлцээр байгуул гэж эрх баригчдаа ятгав. Оросын патриотууд бодитой байх хэрэгтэй, Харьков, Одессыг эзлэн авах тухай мөрөөдлөө орхи хэмээн ярьсан нь хэрэг дээрээ СВО баларлаа, СВО зорилгодоо хүрэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг ба тэрээр 2022 оны тэр өдрүүдэд “Путин Украиныг хоёрхон өдөрт ялна. Украин юу юм бэ? Очиж очиж Украин шүү” хэмээн тавлан ярьж байгаа бичлэг нь сайтуудад нээлттэй байна. ТВ-ийн хөтлөгч Олег Белоусов “Моноблог о…” гэх зохиогчийн блогтоо бичжээ. Туркийн эх сурвалжаас эш татжээ.


Украин дахь дайныг түргэн дуусгахыг Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан уриалав, энэ дайн миграцын, эдийн засгийн, бусад олон хямрал дагууллаа гэж тэр анхааруулав, Европ дахь, мөн дэлхий даяар дайныг дуусгах талаар тэр байр сууриа илэрхийлсэн гэжээ.


2025 онд “Шинэ эрин үе” эхэлнэ хэмээн өмнө нь Режеп Тайип Эрдоган шинэ жилийн мэндчилгээндээ дурдаж байсныг Белоусов мэдээлэхдээ Арменыг бас орхисонгүй. Европын Холбоонд элсэх үйл явцыг эхлүүлэх тухай хууль Армены Засгийн газар нэгдүгээр сарын 9-нд батлав. Удахгүй референдум явагдана. Энэ шийдвэрт Путин маш ихээр эмзэглэсэн, эмзэглэсээр байна, харин Пашинян мундаг хүн юм. Орос хэзээ ч туслахгүй гэдгийг эцсийн эцэст Армян маш сайн ойлгож авлаа. ОХУ туслахгүй, харин бүх зүйл нь ОХУ-аас хамааралтай байлгахыг л зорьж иржээ гэхчлэн эх орноо муулан бичсэн байх аж. Орос холбоотноо үл тоосон нэгэн ярилцлага Энэтхэгийн хуурай замын цэргийн командлагч, ЗХЖШ-ын дарга генерал Анил Чаухан өгчээ.


“Оросын геополитикийн ач холбогдол доошилсон. Хэдийгээ Орос нь цөмийн зэвсэгтэй улс боловч доошилсон. ЧВК Вагнерын бослого юу харуулсан бэ гэхлээр Оросыг ирээдүйд юу хүлээж байгааг л хэлээд өгчихсөн” хэмээн ярьжээ.

 

Энэтхэг генералын хэлснийг нотлох мэт Оросын холбоотон гэгдэх Энэтхэг, бараг цорын ганц дээд холбоотон нь гэх Хятад хоёр санкцанд орсон оросын сүүдрийн флотоор ирэх нефтийг (олон сая баррель) авахгүй гэдгээ ил тодоор мэдэгдээд, оросын олон танкеруудыг далайд хашчихсан байдалтай байна. Оросын санхүүгийн орлого нь нефть ба хийн экспорт дээр тогтож үлдсэнийг (зэвсгийн экспорт бүр царцсан) ийнхүү дуусгах үйл явц эхэлсэн бололтой. Зуун арав гаруй жилийн тэртээ Хаант Оросын Ерөнхий сайд Столыпин эх орноо ингэж тодорхойлж байжээ. “Орос орон хөгжилтэй, чадалтай, энэрэнгүй, том байх тусам бусад гүрэн түүн рүү тэмүүлж, хамт байхыг хүснэ. Эс тэгж гэмээнэ сул дорой мөртлөө бусдыг дор үзэж, гадуурхан дээрэлхэх гэх юм бол биднээс бүгд дайжиж зугтана” гэжээ. Өнөөгийн Оросыг сайтар олж харах аваас Столыпин маш холыг харсан мэргэн үг өвлүүлжээ.


Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь