sonin.mn

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэх тухай “яриа” дахин гараад эхэллээ. Урьд нь Ц.Батбаяр, Су.Батболд, С.Амарсайхан нарын Хотын дарга нар ийм зүйл ярьж байсан. Гэхдээ хэрэгжүүлээгүй юм. Харин энэ жилээс баригдаж эхлэх “Туул” хурдны замын бүтээн байгуулалттай холбоотойгоор лав “Нарантуул” захыг нүүлгэн шилжүүлэх талаар Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн.


Тэрээр "…Мягмар гаригт Нарантуул захын ойролцоо ямар ч түгжрэлгүй болдог. Тэгэхээр худалдаа эрхлэгчдэд санал тавьж хурдны замын дагуу хоёр худалдааны төвийг байгуулна. Дэлхийн жишигт хурдны замынхаа орц, гарцан дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа сууршлийн бүсэд байрлалтай улс бараг л байхгүй.


“Нарантуул” худалдааны төв 21 аймгийн хүнсний болон ахуйн бараа, малын эм хэрэгслийн бөөний төв болчихоод байгаа учраас “Туул”-ын хурдны замынхаа баруун хэсэгт буюу Туул голын хойд хэсэгт “Нарантуул” захыг шилжүүлнэ. Харин одоогийн газар дээр нь орон сууц барих зориулалтыг нь өөрчилж өгье гэдэг уулзалт, хэлэлцээрийг хийнэ. Тэгэхээр Улаанбаатар хот баруун талдаа нэг авто худалдааны төвтэй, зүүн талдаа нэг худалдааны төвтэй болно. Ирэх гурван жилийн хугацаанд замаа барьж дуусгах учраас энэ хугацаанд “Нарантуул” захыг байгуулах шаардлатай" гэсэн юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт байрлах “Баянзүрх” хүнсний захыг нүүлгэх талаар бас яригдаж эхэлсэн байна. Тус зах нь хотын төвд, суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулаад удаж байгаа юм.


Зах ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзвараар нь зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцоход замын ачаалал 10-15 хувиар багассан дүн гарчээ.


Мөн “Баянзүрх” хүнсний зах хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь автозамын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Үүнээс гадна орчны эрүү ахуй, тэр хавийн оршин суугчдын амьдрах нөхцөл зэргийг хүндрүүлдэг байна. “…Эдгээр болон бусад шалтгаанаар “Баянзүрх” хүнсний захыг нүүлгэж өгөөч” гэсэн иргэд, оршин суугчдын гомдол холбогдох байгууллагууд, гомпол мэдээлэл хүлээж авах төвд тасрахгүй ирэх болжээ. Тиймээс энэ дагуу тун удахгүй зохих шийдвэрийг хэрэгжүүлэхээр болжээ. Ойрын үед иргэдийн гомдол мэдээллийн дагуу “Баянзүрх” хүнсний захын хотын түгжрэл, оршин суугчдын амар тайван амьдрахад нөлөөлж буй байдлыг судлах ажлын хэсэг томилогдох бололтой. Түүнчлэн тус захыг хааш нь нүүлгэх талаар ч холбогдох албаныхан давхар судалж эхэлсэн байна.



Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин