sonin.mn

МОСКВА, 2024 оны нэгдүгээр сарын 5 /TASS/. БНСУ-ын Ганвон мужид нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний хооронд болох Залуучуудын өвлийн Олимпын наадамд төвийг сахисан статустай нэг ч тамирчин оролцохгүй гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ хэвлэлийн алба мэдээлжээ. Уг наадамд оролцох эрх олгох тэмцээн уралдаан 12 дугаар сард дууссан юм.



"2024 оны Залуучуудын өвлийн Олимпын наадамд төвийг сахисан нэг ч тамирчин оролцох эрх аваагүй" гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Орос, Беларусийн залуу тамирчид Өмнөд Солонгост болох наадамд оролцох эсэх тухай асуултад хариулахдаа хэлжээ. 



Ганвоны наадамд тамирчид хоккей, уран гулгалт, гүйлтийн цана, биатлон, тэшүүр, кёрлинг, фристайл, уулын цана, бобслей, скелетон, тобогган чарганы тэмцээн, сноуборд, цанын харайлт, цаны хоёр төрөлт, шорт-трек гэсэн төрлүүдээр 81 багц медалийн төлөө өрсөлдөнө.



ОУОХ-ны Гүйцэтгэх хороо Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд төвийг сахисан статустайгаар оролцуулахыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 28-нд зөвлөсөн юм. 



Залуучуудын өвлийн Олимпын анхдугаар наадмыг 2012 онд Австри улсын Инсбрук хотод зохион байгуулж байсан бол хоёрдугаар наадам 2016 онд Норвегийн Лиллехаммер хотод, гуравдугаар наадам 2020 онд Швейцарын Лозанна хотод болжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг