Монголч эрдэмтдийг дурсахуй
ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан байсан, аль нэгэн гадаад хэл мэддэг хүмүүс олон улсын Mонголч эрдэмтдийн их хурлын бэлтгэл хороо, зохион байгуулах хороонд дайчлагдан ажилладаг, тэр үеэр олон гадаад хүнтэй танилцдаг байв. Заримтай нь хамт хөдөөгүүр аялна. Хурал гол төлөв таван өдөр үргэлжилдэг, нээлтийн бүгд хуралдаан, хаалтын бүгд хуралдаанд төлөөлөгчид, зочид гэгдэх олон хүн оролцдог байлаа. Хоёр их хурлын бэлтгэл болон зохион байгуулах хороонд би ажиллаж хэд хэдэн сонин хүнтэй танилцсан юм. Тэдний нэг нь АНУ-ын монголч эрдэмтэн А.Латтимор гуай байлаа.
1976 оны 8-р сарын 30-нд Олон улсын монголч эрдэмтдийн III их хурал МҮЭ-ийн Соёлын төв ордонд 5 өдөр хуралдсан нь миний оролцсон анхны хурал байв. Бэлтгэл хороо, зохион байгуулах хороонд “идэвхи зүтгэл, үр бүтээлтэй” ажилласан гэж ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын баярын бичгээр 9-р сарын 11-нд шагнагдаж байлаа.
Латтимор гуай Монголд анх 1944 онд АНУ-ын 33 дахь дэд ерөнхийлөгч Хенри Эгард Уоллесыг дагалдан иржээ. Төв Ази, Хятад, Оросын судлалаар мэрэгшсэн, монгол хэлтэйд тооцогддог залуухан хүн байжээ. Танилцаад, бага зэрэг дотно харилцаатай болоод, 1944 онд Улаанбаатарт гурван хоног байсныг нь өөрөөс нь сонсоод, тэр цагийн сэтгэгдлийг нь сонсох хүсэл оргилж байж билээ.
1976 онд анх танилцаад дараа нь Монголд ирэх болгонд нь уулзалддаг байлаа. Хамтдаа Зайсангийн ам, Чандманы ам, Туул голын орчмоор явж ой хамгаалагчдын гэрээр ордог, халуун өдөр голын усанд орж, наранд жаахан шардаг байв. Бид хоёрт ярихгүй сэдэв гэж бараг л байгаагүй. Ахмадын үг алт гэдэг үг үнэн. Латтимор гуайн гүн алсуур сэтгэсэн яриа, хурцаар тулгаж тавьдаг асуултууд одоо ч дурсагдсаар байдаг.
Их энгийндүү ааш авиртай, тайван, нилээн бодолхийлж ярьдаг, аливааг уг шагаас нь, өнө холоос ургуулж, үндэслэж, тайлбарлаж өгүүлдэг сайхан өвгөн байсан юм. “Америкчуудын уг гарвал, индианчууд ба Европоос очсон хүмүүсийн хоорондын зөрчил, тэмцэл, хэл соёл, шашин өөр өөр байхын хөнөөлтэй үр дагавар, хүчтэй нь буурайгаа дээрэлхэж, дарангуйлж байдаг хүн төрөлхтний, бараг л амьтны гэхээр зан чанар мэтийг шүүмжлэн, буруушаан ярьдаг, европчуудын Азируу хандсан колончлох бодлогыг ч эсэргүүцдэг, тун ч зөв үзэл бодолтой хүн байж билээ. Улс үндэстэн нэг бүр хэн хэнээ байгаагаар нь ойлгож, хэн хэндээ найр тавьж, өөр өөрийнхээрээ тайван амьдарч, худалдаа, солилцоо хийж зэрэгцэн орших ёстой.
Амьдрах, орших, шилмэл, дээд, жинхэнэ, зөв загвар гэж байхгүй. Аль ямар ч үзэл суртал, ямар ч шашиныг туйлшруулан үзэх, дагах нь дандаа л буруутаж байсан түүхтэй” гэж бид Туул голын усанд ороод наранд шаран хэвтэж байхад надад ихэд учирлан хэлж байсан юм.
“Дэлхийн бөмбөрцгийн баруун хагасыг европчууд түрэмгийлэн эзэлсэн, өөрсдийнхээ ёс, журмыг ч тогтоосон. Одоо эргээд Ази, Африкруу яг л тэр зангаараа хандах гэж оролдох болов. Америк тивд гаргасан ааш авираараа Азийн улсуудтай харьцах нь буруу. Бид чинь (Америкчууд) түүхэн гарвалаараа бол хөгшин Европын хамаатнууд, орчин үеийн ач, зээ нар нь юм.
Энэ хамаатлаараа (наад зах нь англо саксууд) нэгдэж нийлээд Евроазируу түрэмгийлэл үйлдэж ч мэднэ. Тэгэж л буруутахвийдээ гэж би болгоомжилдог” гэсэн үг нь ч яг л өчигдөрхөн сонссон юм шиг тодхон санагдаж байна. Дэлхийн баруун, зүүн хагасыг нэгтгээд хамтад нь бодож, тольдож явдаг аргагүй л томдоо орох сэтгэгч байсан даа...
Европ Ази, Америкийн олон орны монголч эрдэмтдийн дунд ёстой л “алтан тэмээд шиг, амбан шарууд шиг” харагддаг, ойлгогддог байсан хүмүүс “үгүйлэгдхээр том том орон зайгаа” орхин одоцгоожээ. Тэднээс амин хувиараа сонсож, ойлгож, мэдэж авах боломжтой байсан мөн ч олон үнэт зүйл эгнэгт үгүйсгэгдлээ. Үнэнхүү харамсахаар том хохирол, тэгэх тэгэхдээ үл нөхөгдөх том хохирол, гарз юм.
Саяхны гэхээр нэгэн түүх (баримт) дурьдая. 1984 оны 8-р сарын 16-ны Пүрэв гариг. 18 цаг 35 минутанд Москвагаас тусгай рейсийн Ту-134 онгоц Улаанбаатарт буув. Уг онгоцыг Е.И.Чазов ганцаараа хөлөглөж иржээ. Чазовыг элчин сайд С.П.Павлов, улсыг аюулаас хамгаалах хорооны төлөөлөгч В.К.Радченко, НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд А.Жамсранжав нар угтав. Чазовыг ЗХУ-ын элчин сайдын яаманд байрлуулжээ. Нисэх бүрэлдэхүүнийг нь нууцлах зорилгоор ЗХУ-ын Аэрофлотын буудалд аваачсан байна. Онгоцыг НАХЯ-ны тусгай хорооны цэргүүдээр хамгаалуулжээ.
1984 оны 8-р сарын 17-ны Баасан гариг. 12 цагаас засгийн газрын ордны 4-р давхрын зүүн урд өнцгийн танхимд УТТ-ны хуралдаан 2 үе шаттай болов. Эхнийх нь Е.И.Чазовын мэдээлэл, дараачийнх нь НТХ-ны ээлжит бус бүгд хурал зарлах, түүгээр хэлэлцэх асуудлын тухай байв. ЗХУ-ын элчин сайдын яамнаас Е.И.Чазовын хамт Аюур гэх монгол нэртэй, монгол хэл дээр зохиол бичдэг, монгол судлаач Ю.Н.Кручкин гэдэг залуу ирж оролцжээ. Чазовын барьж ирсэн том улаан хавтсанд Ю.Цэдэнбалын тархины зураг, бичлэг, эмнэлгийн дүгнэлт зэрэг баримт сэлт байсныг цугларагсдад танилцуулсан байна. Чазовын мэдээллийг сонссон УТТ-ны хуралдааны нэгдэх үе ердөө л 39 минут үргэлжилжээ. Түр завсарласны дараа хуралдааны хоёр дахь шат эхэлж НТХ-ны ээлжит бус бүгд хурал ба БНМАУ-ын АИХ-ын чуулганыг 8-р сарын 23-нд хийхээр санал нэгтэй тогтжээ...
17 цаг 45 минутанд Е.И.Чазовыг урд өдөр нь угтсаны адил үдэж мордуулав. Харин Чазов ганцаар буцсангүй. Түүнтэй цуг Д.Моломжамц, Ц.Намсрай, УТТ-ны гишүүн СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа нар Москваг зорижээ...
1984 оны 2-р хагасад Монголд болж өнгөрсөн энэхүү түүхэн үйл хэргийн амьд гэрчүүд олон буй. Тэдний нэг нь монгол судлаач, өмнө дурдсан Ю.Н.Кручкин юм. Энэ хүний тэр цаг үеийн ойлголт, тайлбар, мэдээлэл үнэтэй, сонирхолтой байх нь өнөөгийн хүмүүсийн хувьд тодорхой билээ. Энэ хүнтэй ярилцлага хийж, дурсамжийг нь авах, үлдээх хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч гарах бизээ. Энэ хүн эдүгээ УБ-рт амьдарч байгаа юм.
Дэлхий дахин гэх том зураглалын дотор, түүнтэй харьцуулан Монголыг маань олон талаас нь судалдаг ухаалаг хүмүүсийн үг, яриа, дүгнэлт, эргэцүүлэл яах ч аргагүй л үнэн мэдлэг, зөв мэдээллийн нэгэн үнэтэй сан хөмрөг юм шүү...
Өнгөрсөн 40 гаруй жилийн дотор монголч эрдэмтдийн сэтгэгдлийг сонссоор, бүр хэрэг болгож сонирхсоор л явна. Зарим нь бидний талаар тун ч хачин зүйл ярьдаг юм. “Чамд л гэж ний нуугүй ярьж, сэтгэгдлээ хуваалцаж байна. Би огт буруугаар ойлгосон, ямар ч утгагүй, хэрэггүй зүйл ч ярьж байж магадгүй. Чи бусдад миний ярьсныг хэлээд хэрэггүй” гэж эхлээд дорхноо л яриандаа халж, бүр шунаж, дуу нь нэг чангарч, нэг суларч, байн байн бодлогошрон түр завсарлаж байгаад л тун ч удаан ярьцгаадагсан...
1990-2020 оны хооронд Монголд гарсан өөрчлөлтийн талаарх зарим монголч эрдэмтний сэтгэгдлийг уншигчидтай хуваалцая. Хэд хэдэн хүний ярьсныг дундачлаад, ижилхэн санаануудыг нь нэгтгээд дамжуулъя. “Монгол улс том газар нутагтай, ашигт малтмалаар баялаг, олон малтай, гэхдээ цөөн хүн амтай. Нэг хүнд ногдох газар нутаг, ашигт малтмал, малаар дэлхийд тэргүүлдэг. Хоёр талдаа хосгүй том хоёр хэрэглэгчтэй. Ийм ард түмнийг ядууруулах, ядуу амьдруулах арга бараг л байхгүй. Гэтэл нийгэмд шинэчлэл хийгдсэн 20 гаруй жилийн дүнгээр ядуурал хот, хөдөөгүй газар авчээ. Ардчиллын нэр, нөлөөг ашиглаж ард түмнээ ядууруулсан дүр эсгэсэн ардчиллагчдыг та нар яагаад танихгүй, төр засгаасаа зайлуулахгүй байгаа юм бэ? Монгол орон нэг иргэнд оногдох баялгаараа дэлхийд тэргүүлдэг. Гэтэл өнөөдөр ядуу иргэдийн хувь хэмжээгээр дэлхийд бараг тэргүүлж байна. Улс орныг удирдах хамгийн муу аргатай, хамгийн муу хүмүүс олон жил төр барьжээ дээ? Энэнийг та бүхэн ойлгодоггүй юм уу?” ингэж асуух, ярих болчихжээ. Энэ бол ганц хоёрхон хүний үг биш шүү! Харийн хүний гярхай нүд, хурц мэдрэмж, хатуу үнэлгээ үнэнд тун ойрхон байдаг онцлогтой.
Судлаач профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл1
Чулуунжав абугай,,,,монгол төрийн хууль цагдааг 20 жил засаглан захирсан цэндийн нямдорж хэмээх нөхөр л монгол улсыг ийм болгочихсон юмшүүдээ,,,””””монгол улсд авлига байхгүй ээ””” гэж мэдэгдэж байсан хүндээ,,,,