sonin.mn

Талибуудын хяналтад буй Афганистаны эрх баригчид Нэгдсэн Үндэстний Байгууллагыг (НҮБ) барууны улс төрийн сонирхолд үйлчилж, өөрийн бие даасан байдал, төвийг сахих байр сууриа алдсан хэмээн хатуу шүүмжиллээ.


Афганистаны Исламын Эмиратын засгийн газрын төлөөлөгч Забихулла Муджахед Ariana News агентлагт өгсөн мэдэгдэлдээ:

“Нэгдсэн Үндэстний Байгууллага төвийг сахисан, шударга институц байх ёстой. Гэтэл өнөөдөр тус байгууллага барууны улс төрийн хөтөлбөрийн хэрэгсэл болж, өөрийн үр нөлөө, хараат бус байдлаа бүрмөсөн алдсан” хэмээн онцолсон байна.


Түүнчлэн тэрээр одоог хүртэл НҮБ-д Афганистаныг өмнөх засгийн газрын томилсон дипломатч Насир Ахмад Фаик төлөөлж байгааг хүчтэй эсэргүүцэв.


“Тэр ямар зарчим, протоколын дагуу тус байгууллагад ажиллаж байна вэ? Түүнд ард түмний дэмжлэг ч, хууль ёсны суурь ч байхгүй. Тиймээс Афганистаныг төлөөлөх эрхгүй” хэмээн мэдэгдсэн юм.


Афганистанд 2021 онд Талибан хөдөлгөөн засгийн эрхийг авснаас хойш тус улсыг олон улсын түвшинд хэн төлөөлөх талаар маргаан үргэлжилсээр байгаа билээ. НҮБ харин одоогоор талибын засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.


М.Чой


Эх сурвалж: minmal.az