sonin.mn

АНУ-ын Бүгд Найрамдах намын нөлөө бүхий сенатор Линдси Грэм ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын "Орос улс хориг арга хэмжээнд дархлаатай болсон" гэх мэдэгдэлд хатуу хариу өгч, "санкцийн их зан"-аас сэрэмжлэхийг уриаллаа.

Грэмийн хэлснээр, ОХУ өнгөрсөн жилүүдэд олон улсын хоригт “дассан” байж болох ч одоо нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, АНУ тоглоомын дүрмийг шинэ шатанд гаргаж буйг онцлов.


“Трамп дүрмийг өөрчилж байна. Тэр танай газрын тос, байгалийн хийг худалдан авч, танай цэргийн машиныг санхүүжүүлж буй орнуудад татвар ногдуулах гэж байна. Тиймээс та бүхэн эдгээр улс орнууд үнэхээр танайх шиг үл тоомсорлосон байр суурь баримталж байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй”, хэмээн Грэм ОХУ-ын ард түмэнд хандан мэдэгдсэн байна.


Түүнчлэн тэрээр Конгресс дэх Ардчилсан болон Бүгд Найрамдах намын олонхийн дэмжлэгийг онцолж, Ерөнхийлөгч Трампын энэ санаачилга хэрэгжих бүрэн боломжтойг илэрхийлэв.


“Конгрессын хоёр намын дийлэнх нь Ерөнхийлөгч Трампын шийдвэрийг дэмжихэд бэлэн байна”, гэж тэр онцолсон юм.


Уг мэдэгдэл нь Вашингтон ОХУ-ын эсрэг уламжлалт хориг арга хэмжээнээс давсан эдийн засгийн дарамт үзүүлэх бодлого руу шилжих хандлагатай болж буйг илтгэж байна. Шинэ арга хэмжээ хэрэгжвэл Оросын эрчим хүчний салбартай харилцаа бүхий гуравдагч орнуудад ч хүндхэн дарамт үүсэх төлөвтэй байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: minmal.az