sonin.mn

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 2 жил 12 дахь сар руугаа орж байгаатай холбогдуулан, гурван жилээ гүйцээхэд ганцхан сар үлдэж байгааг угтуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, dialog.ua/war/ сайт, оросын сөрөг хүчний Ходорковский Live сошиал, британийн улс төрч Борис Жонсон, оросын зарим суртал ухуулагчдын хэлсэн ярьснаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.


Орост урваад 5-р цуваа болж явсан, “Донбассын ардын губернатор” хочтой Павел Губаревын үнэнд гүйцэгдсэн, ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл сошиалд багагүй шуугиан дэгдээв. “Ингэж байлдаж болохгүй шүү дээ” гэсэн пост Кремлийн эрх баригчдын зүрхэнд шар ус хуруулав. Араанд нь зуугдав. Мөд Губарев үхжээ гэхэд гайхах зүйлгүй. “Өдөр болгон хэдэн зуун үхдэлтэй. Бид ингэж байлдаж болохгүй шүү дээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний хохирол даан ч их байна. Дайн явуулах хоцрогдсон аргаар байлдаж байна. Ийм байдлаар дайн дуусгана гэвэл бүтэхгүй. Энэ бол маш муу бодлого” хэмээн ярьж байна.  



Цаашаа байлдах ямар утга байна хэмээн оросын суртал нэвтрүүлэгчид ТВ-ээрээ асуулт тавин өөрсдөө хариулцгаана. Тийм нэвтрүүлэг олонтаа ил явж байна. Үзэгчид нь мэл гайхаад, эсвэл нөгөө ток-шоу нэвтрүүлгүүдийн рейтинг унаад. Нэвтрүүлэгт оролцсон оросын эрдэмтэд, цэргийн шинжээчид Путинээ нэр заахгүйгээр айхгүйгээр шүүмжлэн ярина. Гурван жилийн үр дүнгээ хатуухан шаардах төлөв харагдана. Ингэхэд юу хожив, орос хөвгүүд яах гэж хэдэн зуун мянгуулаа очиж амиа өргөв. Эцэст нь ялалт ч алга, мөнгө ч дууслаа, одоо хичнээн их цалинжуулж хөлсний цэрэг илгээгээд нэмэр алга. Юуны төлөө тэр вэ гэсэн асуулт битүүхэн тавиад байна. Аймшигт зүйл хуримтлагдаад байна уу?


Нэг орос цэргийг яриулж байгаа бичлэг сошиалд таржээ. Тэр нөхөр нэрээ хэлэхгүйгээр ингэж ярив:– Мина ба шарил руугаа оросууд бид аугаа их давшилтаа үргэлжлүүлж байна. Эзлэн түрэмгийлэгч бидний хувьд энэ бол дайн биш, харин үхэл рүүгээ явах билет. Цорын ганц үр дүн нь хүний нутгийн хөрсийг шарилаараа бордох. Мина руу пацаанууд давшиж ороод “ачаа 200” болно, гүйц ээ. Зүгээр л “п*здец”. Хамт алба хаагчид маань хачирхалтай үхэл рүүгээ явсаар байна гэжээ.


Ходорковский Live Видео-гоор Ксения Ларина гэдэг орос сэтгүүлч ярьж байна. Бодвол “Тавдугаар сарын 9”-ийг хэлээд байх шиг. “Путин энэ ялалтыг бүү тэмдэглээсэй гэж би хүсч залбирч байна. Хэрэв тэр ялалтыг Путины ялалт гэж тэмдэглэх юм бол ухралт хийсэн явдал болно. Би тэгээсэй гэж хүсэхгүй байна. Путинизмын ялалтын ертөнцөд бурханы авралаар бид амьдрахгүй байх юмсан гэжээ. 


“Курск 2025” гэсэн шинэ нэр томъёо. Курскийн ажиллагаа бол Украины нэг том ялалт хэмээн Киевээс албан ёсоор зарлав. Британийн “The Telegraph” сонинд “Курск 2025” нь Путины төгсгөлийн эхлэл байж магадгүй гэж бичсэн байх ба Курскийн ойролцоох оросын фронт маш сул, тиймээс Украин нь тэнд зэвсэгт хүчнээ зүгээр л байлгаж байхад амжилтад хүрч чадна гэжээ. Ер нь Украинтай хил залгаа гэхгүйгээр цаашаа Оросын нутгийн гүнд ямар ч хамгаалалт, бэхлэлт байхгүй, эзгүй сул газар зөндөө, тэр болгоноо Орос хамгаалж чадахгүй, учир нь хамгаалах ёстой тэр их цэргээ Украинд аваачаад шивээлээд суучихсан, иймд Орос суларсан гэдэг нь үнэн хэмээн оросын өөрийнх нь цэргийн шинжээчид ам нийлэн ярина. Ядаж байхад Курскийн хамгаалалтад илгээсэн хойд солонгосын 4000 цэрэг алагдаж шархадсан. Зарим тохиолдолд оросуудтайгаа буудалцсан гэх мэдээ чих дэлсэнэ.


Дайран дээр давс, муу дээр муухай гэдэг шиг Украины фронтод Орос бүтэлгүйтэж байхад бас хажуугаар нь Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоцыг буудаж унагасан хэрэгт Путин ба Кремлийнхэн холбогдов. Арай агаарын террор гэж нэрлээгүй ч мөд тэгж нэрлэхэд гайхахааргүй мэдэгдлийг Бакугаас хийсээр байна. Азербайжаны Ерөнийлөгч Илхам Алиев Оросыг “мад тавьж” мухардуулах алхмыг дараалан хийж байна. “Энэ гамшгийн улмаас Азербайжаны иргэд амиа алдсанд ОХУ буруутай гэж би итгэлтэйгээр хэлж чадна. Иймээс бид шударга ёсыг шаардана, буруутай этгээдүүдийг шийтгэхийг шаардана, бүрэн ил тод, хүн чанартай хандахыг шаардана” хэмээн И.Алиев ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үеэрээ мэдэгдэв. “Путинээс шаардаж байна” гэх нь холгүй ярьж харагдав. Тэгж ойлгогдохоор хэлэв. Цааш нь “Одоогоор хар хайрцагны шифр тайлах ажил үргэлжилж байна. Ойрын хугацаанд урьдчилсан дүн гарна” гэж мэдэгдээд тун удаагүй байтал нь Бразил руу илгээсэн сөнөсөн онгоцны хар хайрцагны мэдээллийг тайлж уншаад дуусчээ. Урьдчилан байдлаар оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн буудаж унагасан нь батлагджээ. Оросын энэ гэмт үйлдэл хөдлөшгүй нотлох баримтаар ил болжээ. Залгуулаад хачин хачин мэдээ цувна. Оросын аэрпортууд шатаж байгаа онгоцыг авахгүй гээд холбоогоо тасласан байсан, болж өгвөл шатсан онгоцыг Каспийн тэнгист живүүлээд бурууг нь Украины дрон, БПЛ-д (Беспилотный летательный аппарат) тохохоор төлөвлөсөн, гэтэл нөгөөх нь шатаж ниссээр Баруун Казахстанд газардсан, тэгэхлээр нь сүрэг шувуутай мөргөлдсөнөөр онгоц гэмтсэн болгож оросын хэвлэлүүд мэдээлсэн, тэгснээ онгоцонд хийн баллон дэлбэрсэн гэсэн мэдээ цацсан гээд Оросын бүтэлгүйтлийг нотлох мэдээ явж өгнө.



Украин руу ОХУ түрэмгийлснээс хойш дэлхий нийтээрээ оросуудад дургүйцэж байснаа саяхны онгоцны ослоос болж Оросыг “Муу муухайн үүр оромж” гэж нэрлэх дээрээ тулж байгаа нь 2025 оны эхний өдрүүдийн дэлхийн мэдээллээс ил болж байх шиг байна. Азербайжан Оросоос нөхөн төлбөр шаардаад эхлэсэн. Албан ёсоор Путин өөрөө уучлал гуйж, буруутныг цээрлүүлж, нөхөн төлбөр төлөхгүй бол Орос-Азербайжаны харилцаанд том сэв сууж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ. 


Дайран дээр давс, муу дээр муухай гэдэг шиг Орост гайхуулаад байдаг, айлгаад байдаг хүчирхэг зэвсгүүд нь дараалан бүтэлгүйтнэ. Украины дроны дайралтад нэрвэгдсэн нефть, шатахууны стратегийн объектуудын дэлбэрэлт, олон хоног үргэлжлэх гал түймэр Оростоо ердийн үзэгдэл болж хэн ч цочрохоо больсон бол “Нацист Украин” руу агаараас цохилт өгч барууныхан, НАТО-г айлгах зэвсгүүд нь дараалан сүйдсэн мэдээ саяхан цацагдав. Олон жил барууныхныг чичрүүлсэн “Буревестник” пуужингийн туршилт бүтэлгүйтэж, газар дээрээ дэлбэрэв. Тив алгасагч аймшигт пуужин гэгдэж байв. Цөмийн цэнэгт хошуу байрлуулан хөөргөөд Лондонг далай руу нь живүүлнэ хэмээн кремлийн суртал ухуулагчдын бахдан ярьдаг “Сармат” нь полигон дээрээ дэлбэрээд удаагүй байна. Барууныхан хариулж чадахгүй, өөдөөс нь хөөргөх хариу пуужин байхгүй хэмээн оросын суртал нэвтрүүлэг ам мэдэн магтахаа зогсоогүй ч ингээд полигон дээрээ дэлбэрээд унаад байх юм бол Оросын Зэвсэгт хүчний бахархал гэгддэг Сармат, Кинжал, Орешник бүгд үнэн үү гэдэг дээрээ оросууд нь өөрсдөө асуулт тавьж хариулт нэхэх дөхөж байх шиг. Баруунаас авч бүрдүүлдэг эд анги, чип, эсвэл украины мэргэжилтнүүд очиж засч сэлбэж шинэчилж өгдөг үйлчилгээ байхгүй бол ийм сүрлэг пуужингууд нь уурын зуухны яндангаас өөрцгүй болно хэмээн оросын нэг блогер бичсэн нь тун ноцтой юм. Ингэхэд энэ олон пуужингуудын ихэнхи нь Зөвлөлт улсын үед Зөвлөлт Украины “Южмаш” машины үйлдвэрт бүтээгджээ. 


Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Путиныг заналтайгаар онилж хэлжээ:–Путины хийж үйлдэж байгаа бол үхширсэн, бүдүүлэг тэнэг явдал мөн. Эстон, Латви, Литвагийн аль нь ч, мөн Украин ч үүнээс цааш Оросын эзэнт гүрний хэсэг биш гэдгийг Путин ойлгож мэдэрвэл таарна. Бүх зүйл дууссан. Эзэнт гүрэн цаашаа байхгүй. Владимир аа, чи бол бүр яадгаа алдсан усан тэнэг–идиот! Уучлаарай ингэж хэлсэнд. Гэхдээ яг л байгаа чинь тэр гэжээ.


Орост үнэн байхгүй. Ярьсан сурталчилсан бүх зүйл нь худал хуурмаг, тэд өдөр хоногийг аргацааж байна...



         Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь