НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 29 /ТАСС/. Нью-Йорк хотноо болсон рапид төрөл буюу шатрын түргэвчилсэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын шатарчин, 18 настай Володар Мурзин түрүүллээ.
Тэрбээр 13 өрөг тоглохдоо нийт 10 оноо авсан бөгөөд хамгийн сүүлчийн өрөгт Армений шатарчин Карен Григорянтай цагаанаар тоглож хайнцсан байна. Хоёр ба гуравдугаар байруудад тус бүр 9,5 оноо авсан Оросын шатарчид болох Александр Грищук, Ян Непомнящий нар шалгарчээ.
Рапид тоглолтын эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн шатарчин Хампи Конеру 8,5 оноогоор аваргалж, хоёрдугаар байрт Хятадын тамирчин Цюй Вэньцюнь, гуравдугаарт Оросын шатарчин Екатерина Лагно нар шалгарсан байна.
Рапид ба блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ ивээл дор 2012 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн онд рапид төрөлд Норвегийн шатарчин Магнус Карлсен түрүүлсэн бол энэ оны тэмцээний үеэр тэрбээр хувцаслалтын дүрэм журмыг зөрчсөний учир тэмцээнээс хасагджээ. Улмаар М.Карлсен 30-31-нд болох блиц төрлийн тэмцээнд оролцохоос татгалзаж, цаашдаа ФИДЕ-гийн ивээл болж буй тэмцээнүүдэд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
2022 оны хоёрдугаар сараас эхлэн Орос ба Беларусийн шатарчид бие даасан статустайгаар ФИДЕ-гийн тэмцээнүүдэд оролцож байгаа юм. Өмнө нь болж байсан рапид тоглолтын ДАШТ-үүдэд Сергей Карякин /2012 он/, Даниил Дубов /2018 он/ нар, блиц төрөлд А.Грищук /2012, 2015/, С.Карякин (2016) нар түрүүлж байв.
Рапид ба блиц тоглолтын ДАШТ энэ өдрүүдэд Нью-Йорк хотод болж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн тэмцээний ялагч 90 мянган ам. доллар, эмэгтэйчүүдийн тэмцээний ялагч 60 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх бөгөөд хоёр төрлийн тэмцээний шагналын нийт сан нь 1 сая 429 мянган ам.доллар юм.
Рапид тоглолтын тэмцээн швейцар системээр болж, өнөөдөр дууссан бол блиц тоглолтын тэмцээн 30-31-нд хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд швейцар системээр тоглож, шалгарсан шилдэг 8 шатарчин плей-офф буюу хасагдах шатанд өрсөлдөх бөгөөд 3 дугаар байрын төлөөх тоглолт болохгүй. Блиц тоглолтын үед шатарчид нэг нүүдэл хийхэд 3 минут 2 секундийн хугацаа зарцуулах ёстой.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл2
Оросууд ийм л булай лаларууд ш дээ, түрүүлэх залуугий нь хасаж байгаад т өөрийнхөө нэг юм ыг шургуулчихаж бгаан. Юм болгон дээр луйвар хийдэг нь социализмын үеийн ёс зүй юмдаа !!!
Хахаха шатар огт сонирхдоггүй мэдлэггүй хүний үг байна. Карлсенд хувиасаа солиод ирэх боломж олгосон , өөрөө солиогүй Хэхэ тэгээд ч 6р өргийн дараа бүр эхний 10 т орохгүй нь тодорхой болсон байсан.