sonin.mn

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болох бөгөөд манай улсаас спортын найман төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 81 тамирчин өрсөлдөнө. Баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд болоход ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт, БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн нар оролцлоо. 



Д.Жаргалсайхан дарга баг тамирчдад хандаж хэлсэн үгэндээ “Олон улсын хүүхдийн спортын наадам нь өсвөрийн тамирчдын спортын амжилт, өрсөлдөх ур чадварыг сорих, туршлага хуримтлуулах, үндэсний шигшээ багийн тамирчдын залгамж халааг нээн илрүүлэх, улмаар үндэсний өв соёл, ёс заншлаа харилцан сурталчилж, мартагдашгүй олон сайхан дурсамжийг бүтээх боломжийг олгодог билээ.



Монгол улсаасаа шалгарсан тамирчин та бүхэн энэхүү наадамдаа өндөр амжилт үзүүлж, сахилга батыг эрхэмлээрэй” хэмээн захив.

Энэ наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байв. Дараа нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита хот, 2024 онд Монгол Улсад, 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур хотод болж байв. 



Өмнөх наадмуудаас Монголын нэртэй тамирчид болох 2010 оны чөлөөт бөхийн Залуучуудын олимпын анхны алтан медальт Б.Батцэцэг, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин П.Орхон, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн (жүдо), боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын оролцогч Б.Хонгорзул, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт зэрэг ирээдүйн тив, дэлхийн медальтнуудын амжилтын гараа энэхүү наадмаас эхлэлтэй билээ.