sonin.mn

ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /ВВС/. Кофенуудын дотроос хамгийн түгээмэл сортын кофе болох арабикагийн биржийн үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ. Энэ нь юуны түрүүнд Бразилд болсон ган гачиг, үертэй холбоотой бөгөөд үнийн өсөлтийг хэрэглэгчид ирэх оны эхээр мэдрэх болно.

Тодруулбал, ирэх оны гуравдугаар сард нийлүүлэх энэхүү сортын кофены фьючерс үнэ нэг фунт /0,45 кг/ нь 3,34 ам. долларт хүрснээр үнийн түүхэн рекордыг тогтоосон бөгөөд ганцхан жилийн дотор уг сортын кофены үнэ 80 хувиар өссөн байна. Өөр нэгэн түгээмэл сорт болох робуста кофены үнэ 9 дүгээр сард түүхэн дээд түвшинд хүрсэн билээ.




Tuan Loc Commodities компанийн захирал Вин Нгуений ярьснаар, кофе шарагч компаниуд зах зээлд эзэлж буй байр сууриа хадгалахын тулд өнөөг хүртэл эцсийн хэрэглэгчдэд хүрэх үнийг өсгөхгүй байсаар ирсэн бол харин одоо ирэх оны эхээр өсгөх бололтой.




Италийн Lavazza компанийн төлөөлөгч хэлэхдээ “бүтээгдэхүүний чанарыг хадгалах, худалдан авагчдын итгэлийг алдахгүйн тулд үнэ ханшид өөрчлөлт оруулна” гэсэн бол үнийн өөрчлөлт хийнэ гэдгээ Nestlй-гийн удирдлага 11 дүгээр сард мэдэгдэж байв.

Мөн Jacobs, L'Or, Tassimo и Douwe Egberts зэрэг брэндүүдийг эзэмшдэг JDE Peet's компани Бразилын түүхий эдээр үйлдвэрлэж буй кофеныхоо үнийг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна.




Ташрамд дурдахад, Бразил улсад 1975 онд гэнэт хүйтэрсний улмаас ургац алдсан тул арабика сортын кофены үнэ 1977 онд хамгийн ихээр өсөж байжээ. Мөн энэ оны 8 ба 9 дүгээр саруудад тус улсад сүүлийн 70 жилд болоогүй ган гачиг тохиож, 10 дугаар сард үер болсон билээ. Яг энэ үед фермерүүд ургацаа хурааж, суулгацаа бэлддэг байна.  

Түүнчлэн робуста сортын кофены хамгийн том үйлдвэрлэгч Вьетнамд энэ онд ган гачиг, үерийн гамшиг тохиосон байна. 


Б.Адъяахүү