Тохиролцооны тоглолт зохион байгуулсан буюу тоглолт наймаалцсан хэргээр Грекийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Вангелис Лиолиосийг баривчилжээ. Мөн өөр зургаан хүнийг баривчлах шийдвэр гаргаснаас гурвыг нь саатуулан хорьсон байна. Тэд бол шүүгчид, холбооны ажилтнууд бөгөөд нэгэн шүүгчийн гэрт орлогод нь нийцэхээргүй их хэмжээний бэлэн мөнгө байсныг илрүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэд сүүлийн таван жилийн туршид тоглолт наймаалцаж байсан бөгөөд хэргийг Афин хотын прокурор Апостолис Грамменос гурван сарын турш мөрдөн шалгаж байгаа юм.
Телевизийн Skai сувгийн мэдээлснээр, бүх түвшний 50 сагсан бөмбөгийн тоглолтыг, тэдгээр дотор гадаадад хийсэн нэг тоглолтыг шалгаж байгаа ажээ. Энэ оны дөрөвдүгээр сард Афин хотын Марусси дүүргийн сагсан бөмбөгийн клубээс Грекийн сагсан бөмбөгийн холбоонд гарч буй зөрчлүүдийн талаарх анхны гомдол иржээ. Гомдлын дагуу шалгах явцад нэгэн сэжигтний гэрээс 800 мянга орчим евро илэрсэн байна.
Дөрөвдүгээр сард "Панатинаикос" багийн зүгээс Лиолиосийг огцуулахыг шаардсан бөгөөд шүүгчдийг томилоход хууль бусаар нөлөөлдөг хэмээн түүнийг буруутгажээ.
Вангелис Лиолиос 2021 оноос хойш сагсан бөмбөгийн холбоог удирдаж байгаа бөгөөд 2024 онд дахин дөрвөн жилийн хугацаагаар ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Б.Адъяахүү
Пүрэв - 10 сарын 22,
2026
Сэтгэгдэл0