Дипломатч Лука Никулеску тэргүүтэй засгийн газрын бүрэлдэхүүнийг Румыний хоёр танхимтай парламент баталснаар тус улсад бараг хагас жилийн турш үргэлжилсэн улс төрийн хямрал төгсгөл боллоо.
Депутатуудын танхим ба Сенатын хамтарсан хуралдаанаар засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахыг 280 депутат ба сенатч дэмжсэн бол 233 хүн эсрэг санал өгчээ.
Өмнө нь сэтгүүлч, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өдгөө 55 настай Лука Никулеску Румын улсыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад /OECD/ элсүүлэх үйл явцыг зохицуулж байжээ. Түүний нэрийг Ерөнхийлөгч Никушор Дан энэ сарын 5-ны өдөр Ерөнхий сайдад дэвшүүлсэн байна. Энэ оны тавдугаар сарын эхээр Илие Боложаны засгийн газар огцорсноос хойш гурван хүнийг ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн боловч тэд засгийн газраа эмхлэн байгуулж чадаагүй юм. Никулескугийн шинэ кабинетын сайд нарын 2/3 нь Социал демократ намаас томилогдсон бол бусад нь бие даагчид ажээ.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталсны дараа Л.Никулеску хэлэхдээ, Румын орон зургаан сарын турш үргэлжилсэн хямралаас гарч байгаа бөгөөд засгийн газар нэн даруй ажилдаа орно гэлээ. Мөн өдрийн орой кабинетын анхны хуралдаан болжээ.
Шинэ засгийн газрын нэн тэргүүний зорилт бол 2027 оны төсвийг тодотгох явдал юм. Румыний төсөв нь Европын Холбооны орнуудын дотор хамгийн их алдагдалтай төсөв бөгөөд ДНБ-ий 6.2 хувьтай тэнцэж байна. Иймээс алдагдлыг 2030 он гэхэд 3 хувиас доошлуулж бууруулах үүргийг тус улс хүлээжээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 10 сарын 22,
2026
Сэтгэгдэл0