sonin.mn

Өмнөд Америкийн хамгийн том эдийн засагтай хоёр улс болох Бразил, Аргентины хооронд дэгдсэн дипломат сөргөлдөөн ширүүслээ. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей сонгуулийн өмнөх кампанит ажилд хөндлөнгөөс оролцсон хэмээн Бразилын тал буруутгаснаар харилцаа хурцаджээ.


Үүний гол шалтгаан нь, Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн II үе шатны санал хураалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Х.Милей Х нийгмийн сүлжээний хуудсандаа Бразилын одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг шүүмжилсэнтэй холбоотой. 


Мягмар гарагт Бразилын Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргаж, Аргентины Ерөнхийлөгчийн үйлдлийг эрс зэмлэн буруушаажээ. “Милейгийн бичсэн зүйл бол Бразил дахь ардчиллын үйл явцад хөндлөнгөөс оролцох гэсэн байж боломжгүй оролдлого мөн. Бразилын ирээдүйтэй холбоотой шийдвэрийг зөвхөн Бразилын ард түмэн гаргана. Тэд 10 дугаар сарын 25-ны ням гарагт өөрсдийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлэх болно” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Х.Милей нийгмийн сүлжээнд бичихдээ “сонгуулийн дүнг луйвардаагүй байх гэж найдъя” гээд Бразилын одоогийн Ерөнхийлөгчийг доромжилсон утгатай постууд нийтэлжээ. Мөн II үе шатанд оролцох Флавио Болсонару, Лула да Силва нарын мэтгэлцээний зарим хэсгийн зургийг нийтэлсэн байна.


Энэ удаагийн сөргөлдөөн нь хоёр орны харилцааг муудахад хүргэсэн анхны тохиолдол биш юм. Долоодугаар сард хоёр улсын төрийн тэргүүн нар бие биенээ буруутгасан мэдэгдлүүд хийсний дараа Бразилын тал Буэнос-Айрест суугаа элчин сайдаа эргүүлэн татсан байна. Хэдийгээр улс төрийн сөргөлдөөн хурцадсаар байгаа боловч Бразил нь Аргентины худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа юм. 





Б.Адъяахүү