sonin.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францад дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас хохирсон бизнес эрхлэгчид, иргэдэд олгох даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 1.2 тэрбум еврод хүрч магадгүй байна.  


Энэ нь 2023 оны зун дэгдсэн эмх замбараагүй байдлын улмаас учирсан хохирлыг барагдуулахаар олгосон 700-800 сая еврогийн даатгалын нөхөн төлбөрөөс давж байгаа юм. Morningstar компанийн шинжээч Маркос Альварес хэлэхдээ “эмх замбараагүй байдал, үймээн самуун нь байгалийн гамшгийг санагдуулж байна” гэлээ.


Түүний үзэж байгаагаар, хэдэн зуун сая еврогийн хохирол учруулах томоохон үймээн самуун жил бүр дэгдэх магадлал маш өндөр болжээ.


Францын Худалдааны сайд Серж Папены тооцоолсноор, улс орон даяар 3 мянга гаруй аж ахуйн нэгж хохирол амссан байна. Парис, Марсель, Лимож болон бусад хотод галдан шатаах, дээрэм тонуул хийх явдал гарч, зөвхөн бямба гарагт 2400 гаруй хүнийг баривчилжээ. 


Үймээн самуунаас үүдэлтэй хохирлыг нөхөн төлөх төрийн албан журмын даатгалын тогтолцоог бий болгохоор Францын эрх баригчид төлөвлөж байгаа бөгөөд уг тогтолцоонд төрийн өмчит Caisse Centrale de Réassurance давхар даатгалын компанийг хамруулж, төрөөс 4 тэрбум еврогийн баталгаа гаргах юм. Гэвч энэ тогтолцоо үйлчилж эхлээгүй тул саяхны үймээн самуунаас үүдэлтэй хохирлыг даатгалын болон давхар даатгалын хувийн компаниуд барагдуулах ёстой. 




Б.Адъяахүү