АНУ-ын Сангийн яам аравдугаар сарын 23-нд гадаад улс орнуудад хийх хөрөнгө оруулалтыг хязгаарлах журмын шинэчилсэн төслийг нийтэлж, олон нийтээс санал авч эхэлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр АНУ-ын шинэчилсэн журмын төсөл нь Хятадад хийх хөрөнгө оруулалтын хязгаарлалтын хүрээг ялгаварлан гадуурхсан байдлаар өргөжүүлж, шаардлагыг улам чангатгаж байгааг шүүмжилсэн байна.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, АНУ үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэт өргөн хүрээнд тайлбарлан ашиглаж байгаа нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал тохиролцоонд харшилж, Хятад, Америкийн аж ахуйн нэгжүүдийн худалдаа, эдийн засгийн хэвийн хамтын ажиллагаанд саад учруулж байна. Түүнчлэн олон улсын худалдаа, эдийн засгийн дэг журамд сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.
"Хятадын тал энэхүү асуудалд ноцтой анхаарал хандуулж, эрс эсэргүүцэж байна. Бид цаашдын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай хариу арга хэмжээ авах эрхээ хадгална" хэмээн мэдэгдсэн байна.
Мөн Хятад улс дэлхийн томоохон зах зээлийн нэг бөгөөд хэрэглээ, хөрөнгө оруулалтын өргөн боломжтойг онцолж, "Хятадад хөрөнгө оруулна гэдэг нь ирээдүйд хөрөнгө оруулж буй хэрэг" хэмээн тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, АНУ Хятадад хийх хөрөнгө оруулалтыг хязгаарлах нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Америкийн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг ч хохироох эрсдэлтэй аж.
Иймд Хятадын тал АНУ-ыг зах зээлийн эдийн засгийн зарчмыг хүндэтгэж, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэт өргөн хүрээнд тайлбарлан ашиглахаа зогсоохыг уриалжээ. Түүнчлэн худалдаа, эдийн засгийн асуудлыг улс төржүүлэх, дарамт шахалтын хэрэгсэл болгохоос татгалзаж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд таатай орчин бүрдүүлэхийг шаардсан байна.
Г.Бямба
Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл0