ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст Сирийн нэг сая орчим иргэн эх орондоо эргэн ирэх төлөвтэй байна гэж НҮБ мягмар гарагт мэдэгджээ.
Лалын шашинт “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэлийнхний удирдсан ширүүн дайралтын үеэр Сирийн цэргүүд танк болон зэвсэг техникээ орхин зугтсан нь Б.Асадын гэр бүлийнхний 50 жилийн турш үргэлжилсэн засаглалыг эцэс болгосон юм. Б.Асад долоо хоногийн өмнө Сириэс дүрвэжээ.
Б.Асадын засаглалын үед тэрслүү үзэлтэй гэж сэжиглэгдсэн хүмүүсийг олноор нь шоронд хорьж, хөнөөсөн бөгөөд 14 жилийн турш үргэлжилсэн иргэний дайны хөлд 500 мянга гаруй хүн амь үрэгдэж, хүн амын тал хувь нь орон гэрээ орхин дүрвэсэн билээ. Б.Асадыг түлхэн унагасан тухай мэдээг сиричүүд баяртайгаар хүлээн авч, олон хүн дайнд сүйдсэн эх орондоо буцаж ирэх гэж байна.
НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн Ойрх Дорнод ба Хойд Африкийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Рема Жамус Имсейс Женев хотноо сэтгүүлчдэд мэдээлэхдээ, ирэх оны эхний зургаан сарын хугацаанд нэг сая сири хүн эх орондоо буцаж ирнэ хэмээн бид таамаглаж байна гэлээ. Түүний ярьснаар, сүүлийн үед болж буй үйл явдлууд нь манай дэлхийд нүүрлэсэн хамгийн том шилжих хөдөлгөөний хямралыг эцэслэн шийдвэрлэх итгэл найдварыг авчирсан байна. Гэхдээ дэглэм өөрчлөгдсөн нь хүмүүнлэгийн хямрал хэдийнэ дууссан гэсэн үг биш гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг тэрбээр онцолжээ.
Мөн асар их сорилт бэрхшээл хүлээж байгааг тэрбээр дурдаад, Сирийн сая сая дүрвэгчийг хүлээн авч байгаа улс орнуудад тэднийг яаравчлан нутаг буцаахгүй байхыг уриаллаа. “Хэнийг ч Сирид албадан буцаах ёсгүй бөгөөд сиричуудын орогнол хүсэх эрхийг хүндэтгэх ёстой” гэж Р.Имсейс хэлжээ. Б.Асадыг түлхэн унагаасны дараахан Европын хэд хэдэн улс сиричүүдийн орогнол хүссэн өргөдлийг хүлээн авахаа түр зогсооно гэж мэдэгдсэн бол хэт барууны үзэл баримтлалтай намууд дүрвэгсдийг Сири рүү албадан буцаахыг шаардсаар байна.
“Орогнол олгох ажиллагааг түр зогсоосон засгийн газруудад бид юу хэлж байна вэ гэвэл, тэдгээр улсын нутаг дэвсгэрт нэвтрэх, орогнол хүсэх эрхийг цаашид хүндэтгэхийг уриалж байна. Хүмүүс 14 жилийн турш эх орноосоо хол байсны эцэст нэг шөнийн дотор цүнхээ үүрээд, дайны хөлд нэрвэгдсэн улс орон руугаа буцаад явж чадахгүй шүү дээ. Бидэнд болон Сирийн дүрвэгсдэд нутаг буцах нь аюулгүй эсэхэд үнэлгээ хийх хугацаа өгөх хэрэгтэй. Энэ бүхэн хэр аюулгүй болохыг хэлэхэд эрт байна” гэж Р.Имсейс ярьжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
estoi hudalaa daa.hen ch irehgui l de.